“Bloomberg” агентлагийн харьяа “Bloomberg Business week” цахим хуудсынхан манай улсыг ийн сүржин нэрлэжээ. Тэд дөрвөн тэрбум ам.долларын татвараас зайлсхийсэн хэргээр шалгагдаж байгаа “Саус Гоби сэндс” компанийн гүйцэтгэх захирал Жастин Капла болон тус компанийн хуульчаар ажиллаж байсан, Австралийн иргэн Сара Армстронг нарыг онцлоод Монгол Улсын хилийг давах эрхгүй болсон тэдэн шиг 50 гаруй гадаадын иргэн дэлхийн хамгийн өргөн уудам нутагтай орны нэг болох Монголын талд “хоригдож” байгаа гэсэн байна. Баригдаж саатуулагдаагүй хэрнээ ажилчдаас нь ирсэн гомдол санал, хууль хяналтынхны мөрдлөг шалгалтаас болж Монголыг орхиж явах эрхгүй болсон тэдний дунд Шинэ Зеланд, Австрали, Филиппин, Америк, Хятад, Өмнөд Африкийн иргэд бий гэнэ.
Монголоос гадагш гарах эрхээ хасуулаад хоёр жил болсон, АНУ-ын Миннесота мужийн уугуул Ж.Капла “Саус Гоби Сэндс”-ийг зургаан сар тэргүүлжээ. Монголд 11 жил амьдарсан, монгол эхнэртэй, хоёр хүүхэдтэй түүнийг АНУ-ын Конгрессын гишүүд болон Монгол дахь Америкийн Элчин сайдын яамнаас тусламж хүссэнийг дээрх нийтлэлд дурдсан байна. Харин Сара Армстронг 2012 оны аравдугаар сард Хонконгийн нисэх онгоцны буудлаас баригдаж, Монголд хоёр сар хоригдсоны эцэст суллагджээ. Нийтлэлийг бичсэн Майкл Коны онцолсноор түүнтэй ярилцсан гадаадын иргэдийн зарим нь гэрэл муутай, цонхгүй өрөөнд хоригдож байсан гэнэ. Мөн өдөржин байцаагдаж байсан тухайгаа ч гомдоллосон байна. Харин нийтлэлийн төгсгөлд АНУ-ын Элчин сайдын яамны хэвлэлийн төлөөлөгч Аллисон Алжеогийн “Хөрөнгө оруулалттай холбоотой элдэв маргааныг шийдвэрлэхийн тулд гадаадынхны гадагш гарах эрхийг хасдагт бид санаа зовдог. Энэ нь таагүй үр дүнд хүргэнэ” гэсэн үгийг эш татжээ.
“САУС ГОБИ СЭНДС” компанид татварын шалгалт огт оруулж байгаагүй
Гадаадын хэвлэлүүд “Монголыг дэлхийн хамгийн том шорон” хэмээн нэрлэсэн нь хууль зөрчигчдийг өөгшүүлж, туурга тусгаар Монгол Улсын хуулийг дорд үзэж байгаагаас ялгаагүй. “Блүүмберг”-ийн цахим хуудаст бичсэн дээрх нийтлэлийн дагуу АНУ-ын иргэн Жастин Капла нарт холбогдох хэрэг ямар шатанд байгааг эргэн сурвалжиллаа. АМГ-ын дарга асан, авлига авсан, албан тушаалаа урвуулан ашигласан хэргээр ял шийтгүүлээд буй Д.Батхуяг нарт холбогдох хэргийг хууль хяналтын байгууллагынхан шалгаж байхдаа “Саус Гоби сэндс” компанийнхны хууль бус үйлдлийг илрүүлж, улмаар хэргийг нь тусгаарлан Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын Эдийн засгийн гэмт хэрэг мөрдөх хэлтэст шилжүүлсэн юм. Тус компанийн удирдлагатай холбоотой хэргийг мөрдөж эхэлсэн даруйдаа АТГ-ынхан хөндлөнгийн шинжээч томилж, татвар төлсөн, эсэх гээд хэд хэдэн асуудлыг шалгасан юм.
Хараат бус, хөндлөнгийн шинжээчид “Саус Гоби сэндс” компани 2007 онд Монголд үйл ажиллагаа явуулж эхэлснээсээ хойш улсад нэг ч төгрөгийн татвар төлж байгаагүй тухай дүгнэлт гаргасан аж. Улмаар 2-3 удаа шинжээч томилж, шалгуулахад 2007-2010 онд 19 тэрбум, 2011 онд 30 гаруй тэрбум төгрөгийн татвар төлөөгүйг тогтоосон байна. Тус компани энэ хугацаанд 259 тэрбум төгрөгийн борлуулалтын орлогоо нуун дарагдуулсан нь мөн тодорхой болжээ. Түүгээр ч зогсохгүй 2007 оноос хойш тус компанид нэг ч удаа татварын шалгалт орж байгаагүйг хууль хяналтын байгууллагынхан тогтоосон байна. Уг нь бол хуульд заасны дагуу хоёр жилд нэг удаа татварын шалгалт хийх ёстой байдаг аж. Тиймээс Жастин Капла нарт Эрүүгийн хуулийн 166 дугаар зүйлийн хоёр дахь хэсэгт зааснаар онц их хэмжээний татвараас зайлсхийсэн гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэж, хилээр гарахыг хориглосон юм. Түүнийг хилээр гаргахыг хориглосны дараа АНУ-ын ЭСЯ, Конгрессын гишүүн зэрэг байгууллага, хүн түүнийг хилээр гаргахыг шаардаж манай цагдаа, АТГ руу удаа дараа албан бичиг илгээж байсан. Тэр бүрт нь манай хууль хяналтын байгууллагынхан боломжгүй гэсэн хариулт өгч байсан билээ.
Аливаа улс орон гадаад, дотоодын гэлтгүй бүхий л компани, аж ахуйн нэгж, хувь хүнээс татвар авдаг. Ийм хууль ганц манай орноор тогтохгүй Ж.Каплагийн төрөлх нутаг Америкт ч бий. Үйл ажиллагаа явуулсан, ашиг олсон л бол татвар төлөх ёстой. Түүнийг хилээр тавьж явуулчихаад тусгаар тогтносон Монгол Улсад төлөх ёстой татварыг хэнээр төлүүлнэ гэж хүлээж суух вэ. Ядуу, буурай орон гэж Монгол Улсыг дорд үзэж, бизнес эрхлэгч нэртэй харийн луйварчид хариуцлагаас мултарна гэсэн ойлголт байхгүй. Манай хууль хяналтын байгууллагынханд ч захидал илгээж дарамтлах эрхгүй гэдгийг тэдэнд хэлмээр байна. Онц их хэмжээний татвар төлөхөөс зайлсхийсэн хэрэгт сэжигтэн, яллагдагчаар татагдсан “Саус Гоби сэндс”-ийн захирал Жастин Каплагийн үйлдсэн хэргийг өнгөрсөн сарын сүүлчээр мөрдөн байцааж дуусган, яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорт шилжүүлсэн аж. Прокурор хуулийн хугацаанд яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлээд байгаа юм билээ. Тусгаар улсын шүүх түүний гэм буруутай, эсэхийг тогтооно. Гэм буруугүй нь тогтоогдвол хилээр гарах эрх нь нээгдэнэ. Тиймээс гадаадын хэвлэлийнхэн, “Саус Гоби сэндс”-ийнхэнд хэрэгт битгий хөндлөнгөөс нөлөөлөх гэж оролд, шүүхэд нөлөөлөхийг оролдох нь ардчилсан орон, эрх тэгш хуульд харш гэдгийг сануулмаар байна.
Г.ЛХАГВА, Г.ЦОЛМОН