Дулааны улирал эхлэхтэй зэрэгцэн ашигт малтмал хууль бусаар олборлогчид буюу нинжа нар “ичээнээсээ” гарч, бусдын эзэмшил рүү халдах болжээ. Өнгөрсөн долоо хоногт Төв аймгийн Борнуур, Сүмбэр сумын нутагт байдаг Харганат, Тахилтын алтны орд тэдний халдлагад өртсөн байна. “Гүнбилэг трейд” компанийн эзэмшилд байдаг Харганатын алтны ордын уурхай руу өнгөрсөн бямбаас ням гаригт шилжих шөнө 100 гаруй нинжа халдаж, хоёр ч удаа тэсэлгээ хийжээ. Тэсэлгээний улмаас суларсан алтны агууламж бүхий чулууг нинжа нар авахыг завдсан байна.
Хууль сахиулах байгууллагын ажилтнууд нинжа нарыг саатуулан, тэднээс нэлээд хэмжээний тэсрэх бодис хураан авч, цагдаагийн байгууллагаар шалгуулахаар шилжүүлжээ. Нинжа нар хүчтэй тэсрэх бодис хаанаас олж авсныг цагдаагийнхан тогтоох юм. Бидэнд олдсон мэдээллээр тэдгээр тэсрэх бодис нь манай дотоодын үйлдвэрийн бүтээгдэхүүн байсан аж. Дээрх явдлаас хэд хоногийн өмнө Төв аймгийн Сүмбэр сум дахь Тахилтын алтны шороон орд руу хууль бусаар ашигт малтмал олборлогчид дайрч их хэмжээний шороо авч зугтсан байна. Тэнд Сэлэнгэ, Архангай, Дархан-Уул, Төв зэрэг найман аймгаас ирсэн 1000 гаруй хүн байсан гэнэ.
Хууль сахиулагчид нинжа нарыг тарааж, дээрх уурхайг хамгаалалтад авсан байна. Өнгөрсөн жилүүдэд харьцангуй тайван байсан нинжа нарын үйл ажиллагаа ийнхүү идэвхжсэнийг хүн амын ажилгүйдэл, ядуурал нэмэгдсэнтэй холбон тайлбарлаж буй аж.
Д.ГАЛТ