Хөвсгөл аймаг дахь Хилийн цэргийн … дугаар ангийн тагнуулын хэлтсийн ажилтан өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр бусдад зодуулж, гэмтжээ. Эх сурвалжийн мэдээлснээр тус аймгийн Цагдаагийн газрын дэд даргаар ажилладаг хошууч Д.Уртбаяр, Замын цагдаагийн ажилтан нэгэн ахлагчийн хамтаар хилийн тагнуулын албаны ажилтан И-д халдсан аж. Тэд хохирогчийн биед хүнд гэмтэл учруулаад зогссонгүй голын ус руу шиджээ. Түүнийг ухаангүй байхад нь нутгийн иргэн олж, холбогдох байгууллагад мэдэгдэн, амь насыг нь аварсан гэнэ. Энэ асуудлыг шалгахаар ЦЕГ-ын Дотоод хяналт шалгалт, аюулгүй байдлын албанаас алба хаагчид томилогдож Хөвсгөл аймгийг зорьсон байна.
Хөвсгөл аймгийн Прокурорын газрын албаны хүнээс энэ талаар тодруулахад “Хилийн цэргийн болон цагдаагийн алба хаагчдын хооронд ийм асуудал болсон нь үнэн. Бусдын биед хүнд гэмтэл учруулсан үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгахаар болсон. Хохирогч нь Улаанбаатар руу явсан” гэлээ.
ХХЕГ-ынхнаас энэ талаар тодруулахад “Цагдаагийн алба хаагчид хилийн цэргийн алба хаагч офицерыг зодсон асуудал гарсан нь үнэн. Хууль хяналтын байгууллагынхан шалгаж байгаа. Чухам юунаас болж ийм асуудал гарав гэдгийг шалгаж буй байгууллага нь тогтоох биз” гэсэн хариулт өгөв. Бидний авсан мэдээллээр илрүүлсэн хэрэгтэй нь холбоотойгоор тэдний дунд үл ойлголцол үүсч, эцэстээ хилийн тагнуулын ажилтанд халдсан байх магадлалтай гэнэ.