Хулгайн анчид болон зэрлэг амьтдын эд эрхтэний хууль бус бизнес эрхлэгчид Монгол орны ховор, нэн ховор амьтдыг мөхлийн ирмэгт аваачаад байна. Тэдний балгаар элбэг тархацтайд тооцогдож байсан амьтад ч ховордож, үгүй болж буй гэдэгтэй олон хүн санал нийлнэ. Сүүлийн 20-иодхон жилийн дотор ан амьтдын тоо толгой эрс багасчээ. Тухайлбал, 1980-аад онд 40 мянга орчим аргаль, 140 мянган халиун буга тоологдож байсан бол энэ тоо сүүлийн жилүүдэд эрс буурсан. 2000 оны тооллогоор таван мянга монгол бөхөн бүртгэгдэж байсан бол 2005 онд 1500 орчим болжээ. Ховор, нэн ховор амьтдын тоо толгой сүүлийн жилүүдэд 90 хүртэл хувиар огцом хорогджээ. Ховор, нэн ховор амьтнаар ч зогсохгүй элбэг үзэгддэг агнуурын ач холбогдолтой амьтад болох тарвага, цагаан зээр эрс цөөрөөд байгаа. Тарваганы арьсыг хятадууд өндөр үнэд хүргэснээр бараг айл болгон “шар хорхой”-г устгах аянд мордсон. Ан амьтдыг сүйрлийн ирмэгт хүргэж байгаа нэг том хүчин зүйл бол ангийн гаралтай түүхий эдийн хууль бус худалдаа юм.
Өнөөдөр хууль бус ан хийж буй нэг шалтгаан нь ангийн эд эрхтэнээр бизнес хийж ихээхэн мөнгө, ашиг олох гэсэн ухвар мөчид хүмүүсийг үйлдэлтэй шууд холбоотой. Буутай болгон хөдөө хээр гарч, үнэг, чононоос эхлээд тааралдсан амьтан руу буу шагайж байгаа. Галт зэвсгийн тухай хуулиар 18 нас хүрсэн, эрх зүйн бүрэн чадамжтай, Монгол Улсын иргэн сэтгэцийн ямар нэгэн өвчингүй л бол галт зэвсэг өмчлөх, эзэмших, ашиглах эрхтэй байхаар тусгасан. Гэтэл өнөөдөр ийм гэрчилгээтэй өчнөөн олон хүн буу барин хээр гарч ямар нэгэн ан, амьтны амийг бусниулах нь энгийн үзэгдэл. Уг нь буу эзэмших гэрчилгээтэй ч ан хийх зөвшөөрлийн бичиггүй бол хөдөө орон нутагт явж буй хүмүүсийн бууг хураахаар хуульчилбал байгаль, экологид учруулах иргэдийн хор хохирол бага боловч буурах болов уу. Манай улсад жилд 100 сая ам, доллартай тэнцэх хэмжээний үнийн дүнтэй ангийн эд эрхтэний хууль бус худалдаа явагддаг гэсэн судалгааны дүн байдаг.
ХУЛГАЙН АНЧИД, ЧЕНЖҮҮД ӨРШӨӨЛИЙН ХУУЛЬ ХҮЛЭЭЖ БАЙНА УУ
Байгаль орчинд ийм их хэмжээний хохирол учруулан хөрөнгөжихийг санаархагчид болон ан амьтан агнаж зугаагаа гаргагчдыг хууль хяналтын байгууллагынхан, тэр дундаа цагдаагийнхан илрүүлэн шалгадаг ч шүүх, прокурорын шатанд хэрэг нь дарагддаг, эсвэл холбогдогчид нь ямар нэг аргаар хөөн хэлэлцэх хугацаа нь дуусахыг хүлээж буй юм. Байгаль хамгаалах иргэний хөдөлгөөнийхөн болон Амьтан хамгаалах нийгэмлэгийнхний хэлж буйгаар Гэмт хэргийн тухай хууль болон Өршөөл үзүүлэх тухай хууль батлагдахыг хүлээж шүүх хурлыг хойшлуулах арга заль хийж буй яллагдагч нар байгаа аж. Үүний тод жишээ нь ангийн гаралтай түүхий эдийн ченж гэх Насанлхамын Нарангэрэл, хулгайн ангийн эд эрхтэн нийлүүлэгч Хоожингийн Мөнххөхий нарын 10 хүнд холбогдох хэрэг юм. Тэдэнд 2012 оны эхээр цагдаагийн байгууллага эрүүгийн хэрэг үүсгэн, шалгасан ч прокурорын байгууллага бүтэн жил гаруй төмөр шүүгээндээ дарсны эцэст энэ оны нэгдүгээр сарын 22-нд Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны I шүүхэд шилжүүлжээ. Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг мөрдөх хэлтсийнхэн уг хэргийг 2012 ондоо шалгаж дууссан бөгөөд энэ хугацаанд хэрэгт хяналт тавьж байсан прокурор Б.Халиун нэг удаа нэмэлт мөрдөн байцаалтад буцааж, тэр даруйд нь цагдаагийн байгууллага даалгаврыг нь биелүүлээд яллах дүгнэлт үйлдүүлэхээр шилжүүлсэн аж. Гэвч 2013 оны турш хэрэг хаана байгаа нь мэдэгдэхгүй байсны эцэст энэ оны нэгдүгээр сард хяналтын прокурор Ц.Отгонсүрэн яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байгаа юм.
Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны I шүүхийн шүүгч Т.Шинэбаяр, Н.Одонтуул, Ч.Отгонбаяр нар багтсан шүүх бүрэлдэхүүн энэ хэргийг хэлэлцэхээр дөрвөн ч удаа товлосон ч тухай бүрт нь холбогдогчид, тэдний өмгөөлөгч нар ямар нэг шалтгаан хэлж хойшлуулсаар энэ сарын 30-нд хийхээр тав дахь удаагаа товлов. Товлосон өдрөө шүүх хурал болно гэж итгэхэд бэрх байна. Прокурорын шатанд хэрэг яагаад жил орчим таг болсон нь ч тодорхойгүй. Өдгөө энэ хэргийн холбогдогчид бүгд батлан даалтад, гадуур зугаалж яваа бөгөөд энэ хугацаандаа ангийн гаралтай түүхий эд худалдан авч, цааш нь худалдсан байхыг үгүйсгэхгүй хэмээн төрийн бус байгууллагынхан хардаж байгаа юм. “Байгаль орчныхоо төлөө тэмцсэн хүмүүсийг цаг алдалгүй шуурхай яллаж, шүүхээр хамгийн хүнд ялаар шийтгүүлдэг атлаа байгаль орчныг сүйтгэж, эх орныхоо баялгийг гадагш нь зөөж буй хүмүүсийн толгойг илж байгаа прокурорын байгууллага гэж байх хэрэг байна уу” хэмээн бухимдаж байсан юм.
БААВГАЙН 20 САВАР, СОГООНЫ 73 СҮҮЛ ЧЕНЖИЙН ГАРТ ХЭРХЭН ОРОВ
Дээр дурдсан Н.Нарангэрэл, Х.Мөнххөхий нарын 10 хүнд холбогдох хэргийг хууль хяналтын байгууллагынхан шалгаад байгаль экологид хоёр тэрбум 725 сая 900 мянган төгрөгийн хохирол учруулсныг тогтоожээ. Хэрэгт холбогдогч ченж Н.Нарангэрэл гэх эмэгтэй 2012 оны эхээр хүрэн баавгайн 20 савар, баданга хүдрийн зургаан заар, халиун бугын чив, сүүл тус бүр зургаа, бугын цусан эвэр ес, бугын засаа 12, согооны сүүл 73, чонын арьс 10 ширхгийг улсын хилээр нэвтрүүлэх гэж авч яваад хууль хяналтын байгууллагынханд саатуулагдсан аж. Цагдаагийн байгууллагаас түүнийг шалгах явцдаа ховор, нэн ховор амьтанд тооцогдох амьтны гаралтай түүхий эд нийлүүлэгч, хулгайн анчдыг нь олж тогтоох ажиллагаа явуулсны үр дүнд хэд хэдэн хүнийг саатуулжээ. Н.Нарангэрэлд их хэмжээний түүхий эд нийлүүлсэн хүн нь Х.Мөнххөхий гэдгийг мөрдөн байцаагчид тогтоосон гэнэ. Тэрбээр согооны 65 ширхэг сүүл, баавгайн найман савар борлуулсан аж. Өөр нэг нийлүүлэгч болох Ч.Батболд гэх эр согооны таван сүүл, бугын таван чив, цусан эвэр ес, баавгайн дөрвөн савар худалдсан юм байна. Харин Ч.Батболд гэх нийлүүлэгч орон нутгийн иргэдээс ангийн гаралтай түүхий эд худалдаж авдаг байжээ.
Тухайлбал, энэ хэргийн холбогдогч Г.Мэндсайхан нь түүнд бугын цусан эвэр, чив, сүүл, согооны сүүл тус бүр нэгийг өгч дамжуулан заруулсан аж. Мөн Д.Дондог гэх өөр нэг холбогдогч нь Ч.Батболдод баавгайн дөрвөн савар, бугын гурван чив, сүүл, цусан эвэр тавыг өгч, дамжуулан худалдсан байна. Өөр нэг нийлүүлэгч болох Ц.Цэндхүү нь ангийн гаралтай түүхий эдийг хятадуудад худалддаг Н.Нарангэрэлд хүдрийн таван заар, баавгайн дөрвөн савар, бугын ходоод нэг, чив сүүл тус бүр гурвыг өгчээ. Эдгээр түүхий эдээ Ц.Цэндхүү, Д.Сансартуяа нар Б.Золбоо, Б.Эрдэнэчимэг болон Сэлэнгэ аймгийн Түнхэл сумын иргэн Б.Батбаяр, А.Даваасамбуу нараас худалдан авчээ. Мөрдөн байцаалтын явцад Сэлэнгэ аймгийн Түнхэл сумын иргэн дээрх хоёр хүн баавгайн хоёр ч бамбарууш, нэг согоо агнасан нь тогтоогдсон гэнэ. Эдгээр 10 хүний холбогдсон хэрэгт шинжээчид экологи, эдийн засгийн үнэлгээ гаргасан бөгөөд Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлд заасан Амьтны нөөцөд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зүйл заалтад “Гарал үүслийн гэрчилгээ, тодорхойлолт авалгүйгээр амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдийг цуглуулсан, худалдсан, худалдан авсан, гадаадад гаргахыг завдсан этгээдийг тухайн зүйл ан амьтныг агнасан, барьсантай адилтган үзэж, нөхөн төлбөр ногдуулна” гэж заасны дагуу хохирлыг тооцоход нэг тэрбум 362 сая 95 мянган төгрөгөөр үнэлэгджээ.
Энэ зүйл заалтад “Амьтны аймагт учирсан хохирлын нөхөн төлбөрийн хэмжээг Засгийн газраас тогтоосон амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин өсгөж тогтооно” гэж заасан бөгөөд дээрх бодит хохирлыг хоёр дахин өсгөхөөр хоёр тэрбум 725 сая 900 мянган төгрөг болж буй. Хэргийн холбогдогчид мөрдөн байцаалтын шатанд нэг ч төгрөгийн хохирол нөхөн төлөөгүй гэдгийг Байгаль орчны төлөөх төрийн бус байгууллагынхан бидэнд мэдээлсэн юм.