-Цагдаагийн ажилтнууд нийлж, жирийн хөвгүүдийг хэлмэгдүүлэв үү-
Цагдаа, хуулийн байгууллагын ажилтнуудын хууль бус үйлдэл, жирийн иргэдийг хэлмэгдүүлж байгаа талаар өнгөрсөн баасан гаригт иргэн Б.Саранцэцэг, Б.Цэндсүрэн нар сэтгүүлчдэд хандав. Тэдний хүүхдүүд болох Л.Мөнгөнбаяр, Ш.Жамъянсүрэн нарыг 2013 оны есдүгээр сарын 3-4-нд шилжих шөнө цагдаагийн ажилтанд халдаж, дээрэмдэхийг завдсан гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэгт сэжиглэжээ.
Энэ тухай Б.Цэндсүрэн “Хөвгүүд маань тэр шөнө нэгэн найзынхаа төрсөн өдрийн тэмдэглээд 1-2 шил шар айраг уусан байсан юм билээ. Тэгээд машинд суух гээд замын хажуугаар гүйж байхдаа нэг хүнийг мөрөөрөө шүргээд өнгөрч. Гэтэл халамцуу байсан нөгөө хүн “Ахыгаа дээрэмдэх гээд байна уу” гээд хамаг хувцсаа тайлан согтуурхсан гэсэн. Тэгээд хоёр хүүхдийн нэгийг барьж авч, боомилохыг завдсанд нэг нь тусалж, зугтсан юм билээ. Ингэхдээ санаандгүйгээр гадуур хүрмээ тэр согтуу эрийнхтэй солиод өмссөн байсан. Тэр согтуу эр нь цагдаагийн ажилтан, мөрдөн байцаагч Молор-Эрдэнэ байсан юм билээ. Баянзүрх дүүргийн нутагт энэ явдал болсон байтал Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтсээс найз Соёмбо гэх эрүүгийн төлөөлөгчийг дуудаж авчран Шархадны хавиар манай хүүхдүүдийн суусан машиныг хайж явсан байдаг. Тэгээд гэртээ унтаж байсан хүүхдүүдийг чирч аваачин Баянзүрх дүүргийн IX хорооны Цагдаагийн хэсгийн байранд аваачиж, гавлаж хонуулахдаа хорооны цагдаатай хамтраад гурвуулаа манай хүүхдүүдийг зодсон. Улмаар нэгнийх нь хамрыг мурийлгасан. Хүүхдүүдийн минь найз, тэр үед машин барьж явсан согтууруулах ундаа огт хэрэглээгүй залууг хүртэл гавлаж хонуулсан байгаа юм. Тэднийхээр манай хүүхдийн хүрмийг барьчихсан “Энэ танай найзынх мөн биз дээ” хэмээн барьж явсан атлаа дээрх хүмүүс албан тушаалаа ашиглан хэргийн нотлох баримтад уг хүрмийг оруулаагүй байгаа юм” гэлээ.
Энэ хэргийн анхан шатны шүүх хурал 2013 оны арваннэгдүгээр сард болж, шүүгдэгч нар цагдаад зодуулсан, мөрдөн байцаагч Балдорж нь бичиг үсэг огт мэдэхгүй хүнийг өмгөөлөгчгүйгээр байцааж, мэдүүлэг авахдаа хүч хэрэглэхээр заналхийлсэн. Хохирлоо төлчихвөл хэрэг дуусна зэргээр хуурч мэхэлсэн гэж шүүх үзээд нэмэлт мөрдөн байцаалтад буцааж, цагдаа нар хүүхдүүдийг маань зодсон асуудлыг шалга гэсэн чиглэл өгсөн. УЕП-ын дэргэдэх Мөрдөн байцаах алба татан буугдаж, цагдаагийн ажилтнуудтай холбоотой хэргийг Цагдаагийн хэлтсийн ахлах мөрдөн байцаагч нь шалгах журмын дагуу Баянзүрх дүүргийн Цагдаагийн I хэлтсийн ахлах мөрдөн байцаагч шалгах болжээ. Нэг өрөөнд, нэг байранд бие биенээ хараад сууж байгаа мөрдэс нэгтнүүд бие биенээ шалгана гэж юу байхав. Харин Л.Мөнгөнбаяр, Ш.Жамъянсүрэн нарыг буруутган, улмаар энэ сарын 7-нд цагдан хорьсон байна. Ингэхдээ ар гэрийнхэнд нь байтугай өмгөөлөгчид нь ч мэдэгдэхгүй шахам нууцаар аваачиж хорихыг завдсан гэнэ. Хүүхдүүдийн нэг Ш.Жамъянсүрэн ээждээ “Биднийг хорих гээд байх шиг байна” гэсэн мессеж илгээсний дагуу ар гэрийнхэн нь мэдэж, учир явдлыг тодруулах гэтэл хүүхдүүдийн ээж нарыг гудамжинд цагдаагаар чирүүлэн байж холдуулаад авч явжээ. Үүний дараа хэргийг шалгаж байсан байцаагч Наранцацралт “Та нар цагдааг шалгуулаад юу ч олж долоохгүй” гэжээ.
Л.Мөнгөнбаярын ээж Б.Саранцэцэг “Балдорж гэж мөрдөн байцаагчаас болж ийм хачин ойлгомжгүй байдалд хүрч, цагдаад итгэх иргэдийн итгэлийг тэр хүн хөсөрдүүлж байгаа юм. Тэр мөрдөн байцаагч л бидний хүүхдүүдийг хэлмэгдүүлж байна. Хохирлоо барагдуулчих гэж хэлсний дагуу Молор-Эрдэнэд учирсан хохирол гэж 600 гаруй мянган төгрөг өгсөн. Тэрбээр гомдолгүй гэж гарын үсгээ зурчихаад байхад Балдорж ийм юм хийгээд байгаа. Тэгтэл дээр нь нэмээд прокурор нь бас бидний хүүхдийг хэлмэгдүүлэх ажилд оролцож байна. Хэрэгт хяналт тавьж буй прокурор Цэвээнжав “Та нар өмгөөлөгч авснаас чинь болж энэ хэрэг сунжирлаа. Зүгээр байж байгаад шүүх хуралд орсон бол хүүхдүүд чинь ялаа аваад болоо шүү дээ” гэсэн. Хүүхдүүдийг хорьсноос хойш 14 хоноход нэг ч удаа эргэлт оруулаагүй. Эргэлтийн бичиг авахаар прокурор, мөрдөн байцаагчид нь хандахаар “Өгөхгүй, та нарыг уулзуулахгүй” гээд байгаа. Бид аргаа бараад ХЭҮК-т хүртэл хандсан” гэлээ.
Гэмт хэрэгт холбогдон саатуулагдсан хүнд ямар хэрэгт холбогдон саатуулагдсанаас үл хамааран эргэлт авах эрхтэй байхаар Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан. Гэтэл мөрдөн байцаагч, прокурорууд яагаад ар гэрийнхэнд нь эргэлтийн бичиг олгохгүй байна вэ. Энэ бол дээрх хоёр сэжигтнийг эрүүдэн шүүж буй нэг хэлбэр гэж хэлж болно. Түүнээс гадна прокурор Цэвээнжав “Та нар өмгөөлөгч авснаас болж хэрэг сунжирлаа” хэмээн загнах эрх байхгүй. Аливаа хэргийн холбогдогч өмгөөлөгчөөр эрхээ хамгаалуулах эрхтэй байтал, түүнийг нь зөрчиж ийн авирлаж буй прокурор хууль ёсыг гажуудуулж байгаа хэрэг бус уу. Түүгээр зогсохгүй хуульчаас зөвлөгөө авч гомдол, өргөдөл гаргахаар “та нар хэнээр ийм зүйл бичүүлээд байгаа юм бэ” хэмээн загнах эрх ч прокурорт байхгүй шүү дээ. Сүүлдээ хуулийн зөвлөгөө өгсөн өмгөөлөгчид чинь эрүүгийн хэрэг үүсгүүлнэ гэх эрх ч прокурорт байхгүй. Эндээс харахад прокурор, мөрдөн байцаагч нар нийлж, эрүүгийн хэрэгт сэжиглэгдэж буй хоёр хөвгүүнийг хэлмэгдүүлж, хэрэг хүчээр тулган хүлээлгэхийг завдаж байна гэхэд нэг их буруудахгүй болов уу. Энэ асуудлыг ЦЕГ-ын Дотоод хяналт шалгалт, аюулгүй байдлын албаныхан судлахаар болж, өнгөрсөн баасан гаригт Л.Мөнгөнбаяр, Ш.Жамъянсүрэн нарын ээжүүдтэй уулзаж байсан. Харин хөвгүүд өнөөдрөөс эхлэн хууль бусаар цагдан хорьсныг эсэргүүцэн өлсгөлөн зарлахаар болжээ.