- Холбоо барих боломжгүй болсон цагдааг барьцаалагдсан гэжээ -
Эрэн сурвалжилж байсан этгээдийг саатуулахаар очсон цагдаагийн алба хаагчдад гар буу тулгаж сүрдүүлээд зугтсан хэрэг уржигдар дуулиан тарив. Зарим цахим хуудаст цагдаагийн алба хаагчийг барьцаалсан гэж мэдээлсэн байлаа. Тухайн этгээдийг баривчлах ажиллагаанд оролцсон цагдаагийн алба хаагчдаас болсон явдлын талаарх мэдээллийг авсан юм.
2014 оны дөрөвдүгээр сарын 14-ний 17.30 цаг. Цагдаагийн Шуурхай удирдлага, мэдээллийн төвийн 102 дугаарын утсанд нэгэн эмэгтэй хандаж “Намайг залилсан хүн явж байна” гэсний дагуу Сүхбаатар дүүргийн Цагдаагийн I хэлтсийн машинт эргүүлийн хоёр алба хаагч “Бройхаус” уушийн газрын ойролцоох гудамжинд очжээ. Цагдаагийн алба хаагчид түүнд дөхөж очих үед гар буу гарган “Битгий ойрт. Ойртвол буудлаа” гэсэн байна. Гар нүцгэн, хамгаалах хантаазгүй, тусгай хэрэгсэлгүй хоёр цагдаа яах ч учраа олоогүй байтал сэжигтэн этгээд зугтсан аж. Эргүүлийн хоёр цагдаагийн нэг нь Шуурхай удирдлага, мэдээллийн төв болон Сүхбаатар дүүргийн Цагдаагийн I хэлтэст утсаар мэдэгджээ. Нөгөө нь гэмт этгээдийн араас явсан байна. Тэрбээр холбооны хэрэгсэлгүй, гар утсаа машиндаа орхисон байснаа ч анзаараагүй бололтой. Дагаж явахдаа Гандантэгчэнлин хийдийн орчмын гудамжинд гэмт этгээдийн барааг алдсан гэнэ. Нэгнээсээ холбоо тасран машиндаа үлдсэн цагдаагийн алба хаагч төвдөө “Офицероосоо холбоо тасарлаа. Гэмт этгээдийн араас дагасан” гэсэн мэдээлэл өгсөн аж.
18.30 цаг. Энэ хооронд цагдаагийн ажилтнууд гэмт этгээдийн талаарх мэдээллийг цуглуулж, очиж болох хаягийг нь тогтоожээ. Түүнийг Б.Болор-Эрдэнэ гэдэг 1986 онд төрсөн 28 настай залуу аж. Тэрбээр хэд хэдэн хүний мөнгийг залилсан хэрэгт холбогдон цагдаагийн байгууллагад шалгуулж байсан бөгөөд мөрдөн байцаалтын шатнаас оргожээ. Сүүлийн хоёр сарын турш гэртээ очоогүй, гадуур хоноглож явсныг нь хууль хяналтын байгууллагынхан тогтоосон байна. Эд хөрөнгийг нь залилсан этгээдтэй гудамжинд таарсан эмэгтэй цагдаагийн байгууллагад мэдээлэл өгсний дагуу ийнхүү түүний хаяг, бусад мэдээллийг хууль хяналтын байгууллагынхан баримтжуулсан аж. Тэрбээр тухайн үед цагаан цамц, өмдтэй явсан бөгөөд содон шинж тэмдэг нь буржгар үстэй өндөрдүү нуруутай нэгэн гэнэ. Эдгээр мэдээллийн дагуу Нийслэлийн хүрээний цагдаагийн нийт бие бүрэлдэхүүн яаралтай цуглаж бэлэн байдалд шилжжээ. Энэ хооронд зарим алба хаагч нь зэвсэгтэй этгээд нэгнийг нь барьцаалсан байж болзошгүй гэсэн мэдээллийг бие биедээ ярьснаар хэвлэлийнхэнд хүрчээ.
21.00 цаг. Сэжигтэн Б.Болор-Эрдэнэ энэ хугацаанд цагдаагийнхнаас нуугдан явсаар Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт хүрчээ. Түүнийг алсаас дагасан цагдаагийн ажилтан тэр хавьд байгааг тогтоон хамт үүрэг гүйцэтгэж байсан цагдаа болон хэлтсийнхээ удирдлагатай ямар нэг байдлаар холбоо барьж, сэжигтэн Б.Болор-Эрдэнийн байгаа газрыг мэдээлжээ. Тэрбээр Ерөнхий боловсролын 77 дугаар сургуулийн орчмоор эргэлдэж байсан бөгөөд цагдаагийн ажилтан нэлээд удаан ажиглаж байтал хамгийн ойрын буюу Баянгол дүүргийн Цагдаагийн I хэлтсээс хоёр ажилтан хүч нэмэгдүүлж очжээ. Сэжигтнийг гэнэдүүлж байгаад буундаа гар хүрэхээс нь өмнө баривчилсан байна. Түүнийг баривчилсан даруйдаа Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтэст хүргэж, сэжигтнээр тооцож, мэдүүлэг авчээ. Улмаар ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан гэнэ.
Б.Болор-Эрдэнийн авч явсан зэвсгийг зарим эх сурвалж байлдааны зориулалтай гар буу байсан гэж байгаа юм. Харин өөр эх сурвалж үрлэн сумтай, хийн буу байсан гэсэн мэдээлэл өглөө.
Г.РАВЖАА