Хайр сэтгэлтэй хоёрыг шоронгийн хана ч тусгаарлаж чаддаггүй гэвэл уран бүтээлийн санаа мэт сонсогдож байна уу. Тэгвэл шоронд хоригдсон нэгнээ нөгөөх нь зүтгэл гарган сулласан тохиолдол амьдралд цөөнгүй байдаг аж. Харамсалтай нь, бодит амьдралд ийм үйлдэл ихэнхдээ эмгэнэлтэйгээр төгсдөг. Яагаад гэвэл тэд зугтаад хаа хүрэх билээ.
** АНУ-ын Колорадо муж улсын Кроули хотын хатуу дэглэмтэй шоронд Фрэдди Гонзалес 1989 он гэхэд дөрвөн жил суугаад байв. Тэрбээр дээрэм хийсэн аж. Түүний анд Ральф Браун хулгай хийж, бэлгийн хүчирхийлэл үйлдсэний учир шоронд ял эдлээд хугацаагаа дуусгаж байв.
Аз болоход нөхрөө шоронгоос гаргахын тулд амь насаа ч өгөхөд бэлэн хань энэ хоёр эрд заяасан байж. Тэр хоёр бүсгүй наймдугаар сарын 19-нд нисдэг тэрэг хөлсөлж, шорон орчмын хэд хэдэн обьектын зураг авна гэж хэлээд явжээ.
Нисэж явах үедээ тэд нисгэгчид буу тулгаж, байгаад шоронгийн хашаанд буулган, нөхрүүдээ аваад явж дөнгөсөн юм. Шоронгийн харуулууд ямар ч буруугүй нисгэгчийг шархдуулчихаас болгоомжлон нисдэг тэрэг рүү буудаагүй аж. Оргодлууд 35 км орчим нисээд нисгэгчийг хүлж, урьдчилан бэлтгэсэн байсан машинаа хөлөглөн зугтав. Тэд 650 км яваад баригджээ. Оргосны улмаас гэмт хэрэгтнүүдийн хоригдох хугацаа нэмэгдээд одоо хэр нь шоронд байгаа. Гэргий нар нь ч тус бүр 20 жилийн ял авсан ч эцэст нь тэнсэн харгалзах ял өгчээ.
** Оклахома муж улсын шоронгийн орлогч даргаар Рэнди Паркер гэгч ажилладаг байлаа. Тэрбээр гэргийтэй, хоёр охинтойгоо амьдарна. Гэр нь шоронгоос холгүй. Гэргий Бобби нь өөрийн гарааш дотор хоригдлуудад зориулсан дугуйлан ажиллуулна. Тэрбээр хүн амины хэргээр насаараа хоригдох ял эдэлж буй Рэндольф Даэл гэгчтэй дотно болжээ. Рэндольф зураач бөгөөд үлгэр жишээ хоригдол байснаас, “багшийнхаа” гэрт очиж дугуйланд суухыг зөвшөөрсөн аж.
** 1994 оны наймдугаар сарын 30-ны өглөө Рэнди Паркерийг ажилдаа яваад шөнө гэртээ ирэхэд гэргий нь гэртээ ч, гараашид ч байсангүй. Энэ үед нөгөө хоригдол Даэл ч өрөөндөө алга байв. Тэр өдрийн орой хатагтай Бобби ээж рүүгээ утасдаад удахгүй очно гэж хэлсэн ч эргэж ирсэнгүй. Даэл, Бобби хоёрыг хамт байхыг нь хүмүүс нэг бус удаа харсан ч Даэлийг оргоход Бобби туслав уу, эсвэл хүчинд автан хамт яваад түүний гараас мултарч чадахгүй байсан уу гэдгийг ойлгохгүй байлаа. Эцэст нь тэднийг 2005 оны дөрөвдүгээр сарын 4-нд олж, Даэлийг шоронд буцаан суулгасан аж.
** Сара, Ричард хоёрыг 2000 онд хоёр хүний амь бүрэлгэсэн хэрэгт буруутгав. Сара хүний амь хорооход оролцоогүй, харин Ричардыг хийсэн хэргээ нуухад нь тусалсан гэж мэдүүлсэн ч түүнийг буруутай хэмээн үзэж шоронд 110 жил хорих ял оноожээ. Тэгээд Индиана муж улсын Фоквилл хотын шоронд хорив. Энд тэрбээр шоронгийн хуяг, гэргий, хүүхэдтэй Скоттой эр эмийн харилцаатай болсон байна. Тэгж байтал оргоход нь тусалбал 15 мянган доллар өгнө гэж Ричардад Сара хэлсэн аж. 2008 оны наймдугаар сарын 4-нд Сара энгийн хувцас өмсөөд Ричардын машины суудал доор нуугдан шоронгийн хашаанаас гарлаа. Гэвч Сараг Ричард оргуулсныг цахим бичлэгээс мэджээ. Сара Чикаго хотод өөр нэрээр амьдарч байхад нь арванхоёрдугаар сарын 22-нд баривчилж, Ричардад найман жилийн ял өгсөн байна.
** 43 настай, гэрийн ажилтай Диана бүсгүй Жон гэгч хоригдолтой дотно болжээ. Жон математикийн багш байхдаа 18 настай сурагчаа хүчиндээд ялтан болсон нэгэн байлаа. Жон оноосон ялаа эргэн харах, насаараа хоригдох ялыг нь хөнгөлж өгөхийг хүсэж олон удаа өргөдөл өгсөн ч хайхарч үзээгүй аж. Жонд тус болдог хүн шорон хавьд байснаас тэрбээр шоронгийн хашаанаас гарч, хараа хяналтгүйгээр ажил хийх боломж олддог байж.
** 1986 оны дөрөвдүгээр сарын 5-нд Жон шоронгоосоо холгүй ажиллаж байхад нь Диана машинаараа аваад явжээ. Хоёр жил гаруй тэд хуурамч нэрээр Айдаход амьдарч байгаад 1989 онд тэдний тухай нэвтрүүлэг телевизээр дамжуулснаас баригдсан байна. Диана хоёр жил шоронд хоригдоод хуучин гэртээ эргэж ирсэн бол Жон ялаа эдэлж байгаад 2012 онд шоронд амиа хорложээ.
Питер Гиббийг Австралид мэргэжлийн гэмт хэрэгтэн гэж үздэг. Үнэт зүйл тээвэрлэх вагоны ачааны чингэлэг хулгайлсан учир түүнийг 1991 онд баривчлан мөрдөн байцааж байх явцад саатуулан хорих байрны ажилтан эмэгтэй Паркертай танилцсан байна. Тэрбээр нөхрөөсөө салаад байсныг ч хэлэх үү Гиббтэй дотно болж орхижээ. Тэр хоёрыг ажлын байранд энгэр зөрүүлж байхад нь шоронгийн ажилтнууд “гардсан” тул Паркерийг өөр байгууллагад шилжүүлсэн аж.
Гибб нь 12 жил хоригдох ял авсан байсан бөгөөд 1993 оны гуравдугаар сарын 7-нд нэг хоригдлын хамт оргожээ. Паркер тэсрэх бодис олж өгсөн байсныг энэ хоёр босуул ашиглан цонхны төмөр торыг эвдлээд орны цагаан даавуу хэрэглэн доош буусан байна. Тэгээд мөн л Паркерийн бэлдсэн машинд суун зугтав. Уг машинд Паркер бас зэвсэг тавьсан байв. Тэгтэл хоёр цагдаатай тааралдан буудалцаж нэгийг нь шархдуулаад машиныг нь булааж аваад Паркертай нийлж замдаа гарчээ. Гибб, Паркер хоёр гуравдугаар сарын 13-нд баригдаж, нөгөөх нь буудуулан нас барсан аж. Харин тэрбээр хэний суманд өртсөнийг бүү мэд. Энэ хос арав арван жилийн ял авсан ч хэдэн жилийн дараа суллагдав. Тэд 2007 онд хоёр тийш болж, Гибб нь гурван хүнтэй зодолдож байгаад зүрх нь хаагдан өөд болжээ.
** Хэд хэдэн удаа банк дээрэмдсэн Саманта гэх эмэгтэй 1981 онд 50 жилийн ял авсан байна. 1985 оны арванхоёрдугаар сард шоронгийн захиргаанд ажиллаж байгаад залилангийн хэргээр хоригдсон Рональдтай танилцав. Тэд оргохоор зэхлээ. Рональд 1986 оны аравдугаар сарын 28-нд өөр шоронд хоригдохоор харуул хамгаалалтгүйгээр явж байгаад замаасаа алга боллоо. Энэ хүн туршлагатай нисгэгч байсан төдийгүй Вьетнамд байлдаж явжээ. Тэрбээр арваннэгдүгээр сарын 4-нд жолоочийнх нь шанаанд буу тулган байж нисдэг тэрэгтэй болж, аваад Самантагийн байгаа шоронг зорьсон байна. Түүнийгээ оргуулан зугтаж чадсан ч 10 гаруйхан хоногийн дараа Сакраменто хотод дэлгүүр хэсэж яваад баригдаж, эрэгтэй нь 25, эмэгтэй нь таван жилийн ял нэмүүлжээ.
** Хоёр хүүхдийн эх Сандра Мэрилэнд муж улсын нэгэн шоронд харуулаар ажиллаж байлаа. 1990 оны наймдугаар сарын 29-нд тэрбээр ээлжээ дуусгаж байтал Эдгар гэгч хоригдол өрөөнд нь гэнэт орж ирээд бариад авав гэнэ. Тэгээд өөр нэг хоригдлын хамт гурвуул машин хөлөглөн зугтлаа. Сандра охин руугаа утасдаад “Би тэдэнтэй хамт” гэж хэлсэн нь сэжиг төрүүлсэн байна. Дөрөв хоногийн дараа нөгөө нэг хоригдол нь баригдаж, Сандра, Эдгар хоёр хайр сэтгэлийн холбоотой, Сандра нь өөрийн дураар хамт оргосон гэж хэлжээ. Уг нь Сандра өөр хоригдолтой суухаар завдаж байсан аж. Сандра, Эдгар хоёрыг Канадын Гамильтон хотод зочид буудлаас баривчлав. Телевизээр “Тайлагдашгүй нууц” гэдэг нэвтрүүлгээр тэдний тухай үзүүлснээс хүмүүс таньсан аж.
** Уильям зэвсэг хэрэглэн дээрэм хийсний улмаас 65 жил хоригдох ял авсан байна. Хоригдож байх үедээ 1982 оны наймдугаар сард тэрбээр хоёр хоригдлын амь хороосон хэрэгт сэжиглэгдэв. Түүнийг Мэри гэдэг залуухан бүсгүй өмгөөлөх болж. Гэтэл тэд хайр сэтгэлийн холбоотой болж орхижээ. Уильямын хүссэнээр Мэри 1983 оны гуравдугаар сарын 31-нд түүнийг сэтгэлзүйчтэй уулзуулав. Уулзалтын үеэр Мэри цүнхнээсээ гар буу гаргаж, Уильямд өгчээ. Буутай болж, хоёр хамгаалагчид болон сэтгэлзүйчийг дуулгавартай болгож, бүгдийг хүлж орхиод зугтчихав. Мань хоёр 139 хоногийн дараа Флорида муж улсад байж байгаад баригдлаа. Мэри тэгэхэд эрх чөлөөтэй өнгөрүүлсэн хоногуудаа “хамгийн жаргалтай” хэмээн хэлсэн байна. Өмгөөлөгчид нь түүнийг сэтгэцийн хувьд хэвийн биш гэж нотлохыг оролдоод чадсангүй. Түүнд гурван жилийн ял өгөв. Мэри ялаа эдэлж дуусахад 11 сар дутуу байхад суллагдаад тэд гэрлэжээ. Гэхдээ Уильям нь шорондоо үлдсэн нь мэдээж.
** Зэвсэг хэрэглэн дээрэм хийж, цагдаагийн ажилтны амь насанд халдсан Майкл 1986 онд 28 жил хоригдох ял авч Парисын Ла Сант шоронд суулаа. Тэрбээр урьд нь гурван ч удаа шоронгоос оргочихсон, дахиад оргох төлөвлөгөөгөө боловсруулаад гэргий Надиныхаа дэмжлэгийг хүлээхээр болчихсон байлаа. Оргоход нисдэг тэрэг хэрэгтэй байсан бөгөөд урьд нь огт нисэж үзээгүй Надин зориуд нисдэг тэрэгний жолоо барьж сурах хэрэгтэй болов.
Тавдугаар сарын 28-нд Надин нисдэг тэрэг түрээсэлж аваад Ла Сант шоронг зүглэлээ. Тэгээд Майклыг авч шоронгоос холгүй байх хөлбөмбөгийн талбайд буун машинд суугаад арилж өгөв. Тэд дөрвөн сар дураараа дургиж байгаад есдүгээр сарын 27-нд Надин баригдав. Үүний маргааш нь Маикл хоёр хамсаатантайгаа Парист банк дээрэмдэх гэж байгаад цагдаа нартай буудалцаж, толгойдоо шарх авч ухаан алджээ. Майкл сүүлд нь ухаан орж, бүр эрүүл болсон ч 1993 онд мөн л нисдэг тэрэг ашиглан шоронгоос оргох гэж хоёр ч удаа оролдсон гэдэг.
** Лауренсия гэдэг эмэгтэй хүний амь хороож 1982 оны гуравдугаар сард шоронд оров. Түүнд насаар нь хорих ял өгчээ. Энэ үед нөхөр нь түүнээс салсан байлаа. Шоронд байхдаа Доминик гэгчтэй танилцаж, биендээ сайн болсон байна. 1990 оны долдугаар сарын 15-нд Лауренсия шоронгоос орголоо. Тэгэхдээ Доминикыг дагуулав. Тэд Канадын хилийн орчимд жижиг хотод суурьшсан ч гурван сарын дараа баригдлаа...
Р.ЖАРГАЛАНТ