Монгол Улсаас өмнөд хөрш рүү байгалийн чулуу их хэмжээгээр гаргаж, мөнгө олох болсон. Өнгөрсөн долоо хоногийн дундуур манай улсын иргэн Б, Д нар их хэмжээний чулуу машиндаа нууж, гаргах гэж байсныг хилчид илрүүллээ. Замын-Үүд дэх Авто замын шалган нэвтрүүлэх боомтоор 38-52 УНЛ улсын дугаартай “Ланд круйзер” маркийн автомашины хаалганы хавтсанд улаан өнгийн чулуу 28.2 кг-ыг нууж гаргах гэж байсан аж.
Дээрх этгээдүүдийн авч явсан зүйлс гааль, Хилийн мэргэжлийн хяналтын байгууллагын шалгалтаар илрээгүй бөгөөд өдгөө Хилийн тагнуулын ажилтнууд шалгаж эхэлжээ. Түүнчлэн Сүхбаатар аймаг дахь Бичигтийн хилийн боомтоор Дорнод аймгийн харьяат Э, О нар хилээр гаргахыг хориглосон 105 кг зэс нэвтрүүлэх гэж байсныг илрүүлэн шалгаж буй гэнэ.