Байгалийн баялаг, ан амьтнаа мөнгө болгон харж, түүгээр хөлжихийг хүсэгчид БНХАУ руу ухахыг нь ухаад, агнахыг нь агнаад зөөсөөр байгаа. Өвөг дээдсээс унаган төрхөөрөө өвлөн ирсэн байгаль, ан амьтныг өнөө цагт устгаж, үгүй хийж буй нь эмгэнэлтэй.
Ингэж байгалийн баялгаа устгахад хятадуудын гар хөл болсон ченжүүд маш их үүрэгтэй оролцож буй гэдэгтэй олон хүн санал нийлэх биз. Хэдэн төгрөгийн төлөө улсаа худалдахаас ч сийхгүй болсон зарим ченжид хууль хяналтын байгууллагаас хариуцлага тооцож, ял шийтгэсэн байдаг. Тийм нэгэн хэргээс хүргэе. Замын-Үүд, Эрээний хооронд ачаа, эд зүйл тээвэрлэдэг Ц.Мэндбаяр, А.Даваадорж гэх хүмүүс энэ хэрэгт холбогдсон юм.
БНХАУ РУУ 45 МЯНГАН ЮАНИАР ЯМААНЫ МАХ ГАРГАНА
Өвөл болохоор хятадууд манай улсаас их хэмжээгээр мах авч, хилээр гаргадаг. Тийм ажлыг нэг удаа Өвөрмонголын иргэн Бүрнээ гэгч хийхээр болжээ. Ингээд Замын-Үүд, Эрээний хооронд ачаа зөөдөг Ц.Мэндбаяр болон А.Даваадорж нартай тохиролцсон аж. Тэд их хэмжээний ямааны махыг нь 45 мянган юаниар хил давуулж өгөх тохиролцоо хийжээ. Улмаар танил талаараа гаалийн бүрдүүлэлт хийлгэхээр болсон аж. Гаалийн бичиг баримтаа бэлэн болгосон Ц.Мэндбаяр, А.Даваадорж нар хил хаахын өмнөхөн Авто замын шалган нэвтрүүлэх цэг рүү орох болжээ. Ажлын цаг тарж байгаа үед тийшээ орно гэдэг бөөн асуудал учраас танил талаараа ярилцаж байж хилчин шалгагч нараар шалгуулалгүй шахам хил давах болсон аж. Энэ талаар гэрч Б.Отгонбаяр “2009 оны нэгдүгээр сарын 21-нд би Шалгалт хамгаалалтын заставт ажлаа хийж байтал 17.00 цаг өнгөрөх үед миний танил Өнөрбаяр утсаар яриад “Манай дүү Мэндбаяр нь урагшаа том тэрэгтэй экспортын бараа гаргах гэж байгаа юм. 18.00 цаг болж, хил хаах гээд хөдөлгөөн хорьж байгаа юм байна, гаргаад өгөөч” гэсэн. Тэгээд Өнөрбаярын дүү Мэндбаяр гэж эмэгтэй FAW маркийн 49-32 УБО улсын дугаартай ачааны том машинтай орж ирсэн” гэж мэдүүлжээ. Тухайн үед ажлын цаг ч дуусаж, маргааш өглөө нь Эрээн рүү хил гаргахаар болж, машины цувааны эхэнд шахам уг машиныг оруулсан байна.
Энэ үед хилийн тагнуулын албаныхан шалгуулалгүй шахам хил гарах гэж байсан уг сэжигтэй машиныг анхааралдаа авч шалгаад Монгол Улсын хилээр гаргахыг хязгаарласан эд зүйл болох ямааны мах 9260 кг, үхрийн мах 6028 кг, хонины мах 60 кг, хориотой ан болох хөлдөөсөн чоно 79, бодон гахай, зээр тус бүр нэг, хур шувуу 1510, үнэгний арьс 20, хярсны арьс 54 ширхгийг авч гарах гэж байсныг илрүүлжээ. Хэдийгээр А.Даваадорж нь мах гаргах зөвшөөрөл авсан байсан ч дор нь хилээр гаргахыг хориглосон ангийн эд эрхтэн, мах их хэмжээгээр байсан нь яалт ч үгүй хууль зөрчсөн үйлдэл болсон аж. Ангийн эд эрхтэн, махыг Ц.Мэндбаяр “Өвөрмонголын иргэн Хасгэрэл надтай Замын- Үүдийн “Мөнхтүшиг” буудалд уулзаад Мандлаа гэдэг Өвөрмонгол хүний хөлд өөсөн чоныг гаргаад мөнгийг нь ав гэсэн. Түүний дагуу би 78 ширхэг хөлдөөсөн чоныг Замын-Үүдийн I багийн нутгаас очиж авсан. Энэ хөлдөөсөн чоныг 49-32 УБО дугаартай ачааны машинд ачсан талаар Даваадорж огт мэдээгүй. Дараа нь Батдэлгэрийнх гэдэг айлд очиж, Увс аймгаас ирсэн Эрдэнэсүрэнтэй уулзсан. Түүний үхрийн махыг 25 мянган юаниар гаргахаар тохиролцож, урьдчилгаа 10000 юань авсан. Өмнөх өдөр нь Сүхбаатар аймгаас ирсэн Адъяатай уулзаж түүний үнэг, хярсны арьсыг нь зээлээр авсан. Мөн шувуу, гахайн махыг нэгэн компанийн хажуугийн гараашаас очиж авсан” хэмээн тайлбарласан байна.
ГААЛИЙН УЛСЫН БАЙЦААГЧИЙГ ХИЛИЙН ЦЭРГИЙНХЭНД “МАТСАН” ГЭЖ ҮЗЭЭД ГҮТГЭЖЭЭ
Сэжигтэй машин хилээр гарах гэж байсныг хилийн тагнуулын албаныхан саатуулан шалгаж, олон тооны ангийн гаралтай эд зүйл байгааг илрүүлсний дараа хэргийн холбогдогч А.Даваадорж, Ц.Мэндбаяр нар гаалийн улсын байцаагч Б.Нацагнямыг хөлдөө чирчээ. Б.Нацагням “Би 49-32 УБО дугаартай ачааны машиныг Монгол Улсын хилээр гаргахад оролцсон зүйл байхг үй. Намайг албан үүргээ гүйцэтгэж байтал Даваадорж утасдаж “Надад хэдэн ямааны мах байна. Чи гаргаж өгч чадах уу” гэсэн. Би экспортын асуудлыг мэдэхгүй, чадахг үй гэсэн. Харин гэмгүй танилцаж, нөхөрлөсөн А.Даваадорж нь Нацагнямыгаа гүтгэнэ чинээ бодоогүй явсан тэрбээр гэнэт нэг өдөр хууль хяналтын байгууллагынханд шалгуулах болжээ. Гэвч мөрдөн байцаалтаар А.Даваадорж, Б.Нацагням нар бие биенээ таньдаг ч хээл хахууль өгч авалцан, мах гаргах гэж байсан нь тогтоогдсонгүй.
Эцэст нь А.Даваадорж Б.Нацагнямын талаар буруугаар бодож явснаа, түүнийг гэмт хэрэгт холбогдуулж гүтгэснээ хүлээжээ. Тэрбээр “Нацагням энэ хэрэгт оролцоо байхгүй. Би түүнийг гүтгэсэн. Хилийн тагнуулынханд саатуулагдсаны дараа хилээр эд зүйл гаргах гэж байна гэж бидний талаар түүнийг матсан гэж бодож байсан юм” гэжээ. Дорноговь аймгийн Сум дундын шүүх энэ хэргийг хэлэлцээд Ц.Мэндбаяр, А.Даваадорж нарыг бүлэглэж, хориглосон болон хязгаарласан эд зүйлийг онц их хэмжээгээр улсын хил нэвтрүүлсэн гэм буруутайд тооцжээ. Улмаар Ц.Мэндбаярт таван жил гурван сар, А.Даваадоржид таван жил нэг сарын хугацаагаар хорих ял оноож, Өршөөл үзүүлэх тухай хуулийн дагуу тус бүрээс нь гурван жилийг нь хасаж шийтгэжээ. Харин гаалийн улсын байцаагч Б.Нацагнямын гэм буруугүйг тогтоож цагаатгав.
Г.РАВЖАА