Хар тамхи, мансууруулах бодистой холбоотой хэрэг дэлхий дахинд эмзэг асуудал болоод байгаа. Манай улсад энэ төрлийн гэмт хэрэг бусад оронтой харьцуулахад бага байгаа ч анхаарахгүй өнгөрч боломгүй. Хар тамхитай холбоотой гэмт хэрэгт холбогдогчдыг шүүх хурал долоо хоногт 1-2 удаа болж буй нь нэгийг хэлээд байна бус уу. Өнгөрсөн долоо хоногт л гэхэд Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны I шүүхэд хар тамхи, мансууруулах бодистой холбоотой хоёр ч хэргийн шүүх хурал товлогджээ.
Манай хууль хяналтын байгууллагынхан энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх ажлаа эрчимжүүлж, хар тамхинаас залуусыг аврахад чанхаарлаа хандуулж буй. Хар тамхины хэрэгт холбогдож буй залуусын олонх нь мөнгөтэй, ар гэр нь боломжийн амьдралтай байдаг. Хоосон хонохгүй, хоёр иддэггүй айлын хүүхдүүд мансууруулах бодистой тэр бүр холбогдоод байдаггүй талаар хууль хяналтын байгууллагынхан ярьдаг юм билээ. Тэгэхээр боломжийн айлын хүүхдүүд эцэг, эхийнхээ хөдөлмөрөөрөө олсон мөнгийг хар тамхи, мансууруулах бодист зарцуулж байна.
Манай холбогдох байгууллагынхан Мансууруулах бодисын олон улсын жагсаалтад орсон ургамал тарьж ургуулах зөвшөөрөл олгож, зарим нь мансууруулах бодис биш гэж үздэг нь энэ төрлийн гэмт хэргийг өөгшүүлж буйн нэг жишээ гэхэд буруудахгүй.
БУРУУ ЭРХЭЛСЭН ХҮҮХЭД БУХЫН ХҮЗҮҮНЭЭС ХАТУУ
Өнгөрсөн долоо хоногт Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны I шүүхээр Э.Золбадрал, С.Цог, Б.Энхтайван нарын 12 хүн холбогдогчтой хэргийг шийдвэрлэлээ. Хэргийн холбогдогчдын олонх нь боломжтой айлын “эрх жаалууд” байсан гэдгийг эх сурвалжууд хэлж байна. Эцэг, эхийнхээ хуруу хумсаа хуйхлан байж олсон хэдэн төгрөгийг өөрсдийнхөө эрүүл мэнд, ухаан санааг хордуулсан зүйлд зарцуулж байгаа дээрх хэргийн холбогдогч охид, хөвгүүд “цагаан үхэл” гэж нэрлэгдэх болсон замыг сонгож байгааг юу гэх вэ. Зөвхөн энэ хэргийн холбогдогч 12 хүн ч биш, өмнө нь шүүхээр шийтгүүлсэн, өдгөө хууль хяналтын байгууллагад шалгуулж буй хүүхэд, залуусын олонх нь боломжтой айлын буруу эрхэлсэн “бацаанууд”. Хамгийн сүүлд Сүхбаатар дүүрэгт “Ниссан Мурано” маркийн автомашинд мансуурч байсан хүүхдүүд ч ялгаагүй хөрөнгөлөг айлын хүүхдүүд гэсэн. Тэгэхээр эцэг, эхчүүд одооноос хүүхдүүдээ хаана, юу хийж яваад анхаарч байхгүй бол хэрэг явдал нэгэнт өнгөрсний дараа өөрсдийгөө харааж, бие биенээ үглэж загнаад ч тусыг эс олох билээ.
Шүүхээр ял шийтгүүлж, дээлээ нөмөрсөн хойно нь хэчнээн үглэж, уйлаад ч хар тамхинд донтсон хүүхэд тань муу зуршлаасаа тийм ч амар салахгүй л болов уу. Дээрх 12 хүн холбогдсон хэргийн гол зохион байгуулагч болох шүүгдэгч Э.Золбадрал, С.Цог, Б.Энхтайван нарт хууль хяналтын байгууллагаас “сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгоор хууль бусаар олж авч хадгалсан хэргийг давтан үйлдсэн” хэмээн яллах дүгнэлт үйлджээ. Дээрх залуус хэд хэдэн удаа мансууруулах бодис олж авч борлуулсан гэж мөрдөн байцаах, прокурорын байгууллага үзсэн ч шүүх тэдний үйлдсэн хэргийг нотлогдохгүй байна гэх үндэслэлээр ялын зүйлчлэлийг өөрчлөн “борлуулах зорилгогүйгээр олж авч хадгалсан” гэж үзээд тус бүрийг нь хоёр жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэв. Ц.Эрдэнэбилэг, Г.Бямбасүрэн, Б.Гүнбилиг нарыг мансууруулах бодисыг борлуулах зорилгогүйгээр олж авч хадгалсан хэмээн буруутгаж, анх удаа хэрэгт холбогдсон зэрэг байдлыг харгалзан тэнсэн харгалзах ял шийтгэлээ. Шүүгдэгч Т.Тамирыг интернэтээр захиалан авчруулсан гэх эм нь мансууруулах төрлийн бодис, эм бэлдмэл мөн, эсэхийг тогтоогоогүй гэж үзэн, зүйлчлэлийг өөрчилж нэг жил зургаан сар хорих ял ногдуулжээ. Мөн шүүгдэгч О.Анударь гэх эмэгтэйг өөрөө хэрэглэдэг байсан нь тогтоогдсон, борлуулах зорилгогүйгээр олж авч хадгалсан гэж үзэн дөрвөн сарын хугацаагаар баривчлах ял оноолоо. Тэрбээр бага насны хүүхэдтэй учраас шүүх харгалзан үзсэн байна.
Харин шүүгдэгч Г.Ууганбаярыг мансууруулах бодис борлуулах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалж, борлуулсан нь хангалттай тогтоогдож байна гэж үзэн гурван жил зургаан сарын хорих ялаар шийтгэлээ. Энэ хэрэгт холбогдсон Д.Одхүү, А.Анар, Н.Оюунжаргал нарын гэм буруу нь хангалттай тогтоогдоогүй гэж үзэн хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгажээ. Дээрх хүмүүст анхан шатны шүүх харьцангуй зөөлөн хандаж, хөнгөн ял шийтгэсэн байх. Удаа дараа ийм хэрэгт холбогдвол 10-аас дээш жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, ял нь хүндэрдэг хуулийн заалттай. Гэмт хэргийн тухай шинэ хуулийн төсөлд ч хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэгт нэлээд өндөр ял шийтгэл оноохоор байгаа гэсэн. Тиймээс эцэг эхчүүд эртнээс үр хүүхэддээ тавих анхаарлаа сайжруулж, муу зуршилтай болохоос нь урьдчилан сэргийлэх нь чухал байна.
ЗЭЭРГЭНЭЭС ЯАГААД ЭФИДРИН ГАРСАНГҮЙ ВЭ
Дорнод аймгийн хилээр тарваган шийр хэмээх эм их хэмжээгээр буюу гурван кг-ыг гаргах гэж байсан хүнийг хилчид саатуулав. ОХУ-ын иргэд энэ эмийг боловсруулан “коркодил” буюу “матар” хэмээх мансууруулах бодис гарган авч хэрэглэдэг юм байх. Эмийн найрлагад эфидрин хэмээх мансууруулах бодис байдаг гэж эх сурвалж мэдээлсэн юм. Эфидрин бол НҮБ-ын мансууруулах бодисын жагсаалтын дөрөвдүгээр бичигдсэн бодис. Гэтэл эфидрин агуулдаг өвс тарих зөвшөөрлийг манай Байгаль орчны яамныхан япончуудад олгосон нь хачирхалтай. Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Гуулингийн талд 2009 онд зээргэнэ хэмээх ургамлыг их хэмжээгээр тарьж ургуулан хураан авч, хилээр гаргасан асуудал бий. “Экоплант” гэх компанийнхан тухайн үеийн Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас зээргэнэ тарих, хилээр гаргах зөвшөөрлийг нь Эрүүл мэндийн яам болон Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас авсан байдаг. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх тухай Монгол Улсын нэгдэн орсон конвенцийн дөрөвдүгээрт заасан эфидринийг тарьж экспортолсон асуудал нь хууль зөрчсөн байсан учраас хууль хяналтын байгууллагаас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн аж.
Зээргэнэ гэх бодисыг латинаар Еphedra (Ephedra L., 1753) хэмээн нэрлэдэг. Нэрнээсээ ч тэр эфидрин гэх үг үндэслэсэн байгаа биз. Гэтэл манай ургамал судлаачид, Ботаникийн хүрээлэнгийнхэн дээрх хэрэгт шинжээчээр оролцоод дүгнэлт гаргаж, тайлбар өгөхдөө зээргэнээс эфидрин хэмээх бодис илрээгүй гэсэн юм байх. Яагаад ийм дүгнэлт гаргасан нь хачирхалтай. Магадгүй хэргийн холбогдогчдоос хахууль авч, өөрсдөд нь ашигтай дүгнэлт гаргаж өгсөн байхыг ч үгүйсгэхгүй. Энэ хэрэгт төрийн олон албан тушаалтан холбогдох гээд байсан учраас тэднийг аргалахын тулд үндэслэлгүй дүгнэлт ч гаргасан байхыг үгүйсгэхгүй. Зээргэнэ өвсний талаарх танилцуулгад “Зээргэнэ идэж хордсон мал хар тамхинд донтсон мэт болж, улмаар үхэх аюултай. Хэдийгээр хортой ургамалд ордог ч анагаах ухаанд хэрэглэдэг. Түүнийг лабораторийн аргаар боловсруулан амьсгалын замын өвчин, ханиад, томуу, хайрст үлд, судас хатуурах зэрэг өвчнийг анагаахад хэрэглэдэг” гэжээ.