Барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагааг хуульчлахаар ШӨХТГ хуулийн төсөл боловсруулж байна. Уг журамд барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ үзүүлж буй байгууллага нь ташаа сурталчилгаа хийх, үл хөдлөх хөрөнгө барьцаалах, иргэний бүх төрлийн баримт бичиг, хуулийн этгээд үүсгэн байгуулахтай холбоотой баримт бичиг барьцаалах, насанд хүрээгүй хүнд зээл өгөх, барьцааны хөрөнгөөс шалтгаалж зээлийн хүүг өөрөөр тогтоох, шөнө ажиллахыг хориглосон заалт оруулжээ.
Өдгөө улсын хэмжээнд 1000 гаруй ломбард ажиллаж байгаа ч үйл ажиллагааг нь зохицуулах хууль байхгүй тул Иргэний хуулийн зарим заалт, MNS 5274:2003 стандарт, тухайн аж ахуйн нэгжийн дотоод журмаар зохицуулж иржээ. МХЕГ-аас 2013 онд ломбардуудад хийсэн шалгалтаар шөнө ажилладаг, хүүхдэд зээл олгосон, үнэт зүйлс болон бичиг баримт хадгалах тусгай өрөөгүй гэх мэт зөрчил нийтлэг илэрчээ.
Ломбард ажиллуулах зөвшөөрлийг 2010 он хүртэл МХЕГ болон аймаг, дүүргүүдийн Үйлдвэр, үйлчилгээний хэлтэс олгодог байсан бол одоо хаанаас авах нь тодорхойгүй болсон байна. Тиймээс ломбардны үйл ажиллагааг зохицуулах хууль шаардлагатай байгаа аж.
Х.ЭРХЭМ