“Цэвэр агаар сан”-гийн захирал Н.Хүрэлсүх, нягтлан бодогч М.Хулан тэргүүтэй 11 хүнд холбогдох хэргийг Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны I шүүх өнгөрсөн хоёрдугаар сард хэлэлцэж, гэм буруутай нь тогтоогдсон найман хүнд 1-8 жилийн хорих ял оноож, улсад учруулсан хохирлыг нь төлүүлэх, тодорхой хэмжээний хөрөнгө хураах ял оноосон. Хэдийгээр шүүгдэгчид давж заалдах шатанд гомдол гаргаад буй ч АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст дээрх найман хүнтэй холбоотой эрүүгийн хэрэг үүсгэн дахин шалгаж эхэлсэн байна.
Энэ тухай прокурорын байгууллагын эх сурвалж “Н.Хүрэлсүх нарын хүмүүст холбогдох хэргээс шалгагдаагүй үлдсэн зарим нэг үйлдэл илэрсэн. Тиймээс дахин эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Хэрэв давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчлөн нэмэлт мөрдөн байцаалтад буцаавал хэргийг нэгтгэн шалгана” гэлээ. Энэ хэрэгт Ерөнхий сайд Н.Алтанхуягийн охин, Сангийн яамны Төрийн сангийн газрын Төлбөр тооцооны хэлтсийн мэргэжилтэн А.Саранзаяаг холбогдуулан шалгасан бөгөөд хууль хяналтын байгууллагынхан ямар нэгэн шалтгаанаар хэргийг нь тусгаарлан авч үлдсэн гэх. Уг хэргийг ч нэгтгэн шалгахаар болсон талаар эх сурвалжууд мэдээлж байна.
Д.ДАЙЧИН