Төрийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллага, хувийн хэвшлийнхэнд шилжүүлэх нь оновчтой гэж ярьдаг болоод багагүй хугацаа өнгөрчээ. Чухам энэ хүрээнд байгуулсан анхны бөгөөд хамгийн том мэргэжлийн байгууллага бол Монголын хуульчдын холбоо (МХХ). Тус холбооны ерөнхийлөгч Д.Батсүхтэй ярилцлаа.
-МХХ байгуулагдаад хагас жилийн нүүр үзжээ. Хэр төвхнөж байна даа. Ажил цэгцэрч байна уу?
-Манай холбоог Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасан үндэслэл, шаардлагын дагуу байгуулсан. МХХ бол гишүүнчлэлтэй, өөрөө удирдах ёсны зарчимд тулгуурласан, нийтийн эрх зүйн хуулийн этгээд. Санхүүжилт, удирдлагын тогтолцооноос авахуулаад бүхэлдээ төрөөс хараат бус байгууллага. МХХ хэрхэн ажиллаж байгаагаас цаашид төрийн зарим чиг үүргийг мэргэжлийн холбоодод шилжүүлэх үйл явц ихээхэн хамаарна. Өнгөрсөн хугацаанд холбооны үйл ажиллагаанд шаардлагатай 15 журам батлаад байна. Хуульд зааснаар нийт хорь гаруй журам баталж, тэдгээрийн хүрээнд үйл ажиллагаа явуулах ёстой. Чиг үүргийн Хороодыг байгуулсан. Ажиллах хөрс сууриа л сайтар базааж байна даа. Байрандаа бүрэн төвхнөж амжаагүй л байна. Хуулиар хүлээсэн чиг үүргүүдээ бодитой хэрэгжүүлж, үр дүн нь мэдрэгдэж эхлэх тэр үед л бидний ажил төвхнөх тийш хандлаа гэж хэлэх байх. Одоо бүх ажил эхлэлийн шатанд байна.
-Их, дээд сургуульд хуульч бэлтгэхээс авахуулаад бүхий л эрх та бүхний гарт ирсэн. Чухам юу хийх юм бэ. Тухайлбал, хуульч бэлтгэдэг их, дээд сургууль, тэнд суралцагчдын хувьд юу өөрчлөгдөх вэ?
-МХХ хуульчдад мэргэжил, нэр хүнд, хариуцлагын нэгдсэн стандарт тогтоох үндсэн чиг үүрэгтэй. Өөрөөр хэлбэл, хуульч мэргэжлээр үйл ажиллагаа эрхэлж байгаа хүн бүрт тавих шалгуурын хамгийн доод түвшнийг МХХ тогтоож өгч байгаа юм. Хуульчийн сонгон шалгаруулалтаар мэргэжлийн хувьд ямар мэдлэг, чадвартай байх вэ гэдгийг тогтооно. Нэр хүнд, хариуцлагын стандартыг хуульч мэргэжлийн үйл ажиллагаандаа баримтлах дүрэм, ёс зүйн хэм хэмжээгээр хангана. Энэ дүрмээр манай хуульчдад урьд өмнө нь тавигдаж байгаагүй олон үзүүлэлт, шалгуур, хэм хэмжээг өндөр түвшинд тогтоож өгсөн. Үүнийг хангахгүй байгаа хүмүүсийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг хүчингүй болгоно. Хариуцлагын олон хэлбэр тусгасан. Тухайлбал, ёс зүйн сургалтад давтан сургах, нээлттэй, хаалттай байдлаар сануулах, мэргэжлийн үйл ажиллагааг нь хугацаатай болон хугацаагүйгээр түдгэлзүүлэх зэргээр хариуцлага хүлээлгэнэ. Хаалттай гэдэг нь тухайн хуульчид зөвхөн өөрт нь тусгайлан сануулахыг хэлж байгаа юм.
Удаа дараа зөрчил гаргавал олон нийтийн өмнө нээлттэй сануулна гэсэн үг. Энэ нь мэргэжлийн шаардлага хангахгүй байгаа хүмүүсийг зах зээлээс шахах тухай ойлголт юм. Хуульч бэлтгэдэг боловсролын тогтолцоонд ямар шалгуур тавихыг МХХ их, дээд сургуулиудыг магадлан итгэмжлэх үүргийнхээ хүрээнд шийднэ. 2016 оны дөрөвдүгээр сарын 15 гэхэд энэ чиг үүрэг манай холбоонд бүрэн ирнэ. Монголд хуульч бэлтгэдэг маш олон сургууль бий. Магадлан итгэмжлэхдээ хуульч мэргэжил эзэмшиж байгаа хүнд ямар нэмэлт мэдлэг, мэдээлэл олгох вэ гэдгийг чухалчилна. Хууль зүйн их, дээд сургуулиудыг магадлан итгэмжилснээр мэргэжлийн шаардлага нь өндөрсөж байгаа хэрэг. Энэ өндөр шалгуурыг давж боловсрол эзэмшсэн мэргэжлийн хуульч хоёр жилийн хугацаанд дадлагажиж, сонгон шалгаруулалтад оролцох эрхтэй болж байгаа юм.
-Тэгэхээр өмнө нь юу болохгүй байсан хэрэг вэ. Манайд дүрэм, журам, хариуцлага тооцох тухай зүйл, заалт хангалттай бий шүү дээ.
-Өмнөхөөс ялгаатай нь нэгдүгээрт, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулиар хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа гэж юу болохыг тодорхойлсон. Нийтлэг байдлаар бүх хуульчийг хамруулсан тогтолцоо, дүрэм журам урьд нь байгаагүй. Хуульчдыг салангид байдлаар авч үздэг байсан. Тухайлбал, прокурорт зөвхөн прокурорынх нь хувьд мэргэжлийн хариуцлага, ур чадварын асуудлыг ярьдаг байсан. Шүүгч, өмгөөлөгч мөн тус тусдаа. Шүүгч, прокурор, өмгөөлөгчөөр ажилладаггүй хэрнээ хууль зүйн зөвлөгөө өгдөг хүмүүст ч хяналт байхгүй явж ирсэн. Мэргэшил дагасан ийм байдлаар хуульчид гэсэн нэр дор цогцоор нь зохицуулах гэж байгаа нь давуу тал болж байгаа юм. Ингэхээр хариуцлагын асуудал ч нэг дор журамлагдана гэсэн үг.
-Төрийн чиг үүргийг танай холбоо үе шаттайгаар хүлээн авч байгаа. Одоогийн байдлаар ямар ямар чиг үүрэг хэрэгжүүлж байна вэ?
-Хуульчийн үргэлжилсэн сургалтын асуудал МХХ-нд ирсэн. Үргэлжилсэн сургалт зохион байгуулах, багц цагийг тооцох журам баталж, Сургалтын хороо ажлаа эхлүүлсэн. Мөн хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох, түдгэлзүүлэх, хүчингүй болгох асуудал манайд зуун хувь шилжиж ирсэн. Үүний зэрэгцээ шүүгчийг сонгон шалгаруулахад МХХ оролцож байгаа. Шүүгчид нэр дэвшиж байгаа хуульчдын мэргэшил, ур чадвар, зан байдлын талаарх дүгнэлт гаргах бүрэн эрхээ хэрэгжүүлээд эхэлсэн. Шүүхийн мэргэшлийн хороог байгуулахад МХХ чухал оролцоотой. Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх эрх хэмжээгээ ч эдэлсэн. Энэ мэтчилэн хэрэгжүүлээд эхэлсэн чиг үүрэг олон бий.
-Хуульчийн сонгон шалгаруулалтыг танай холбоо хариуцаж авснаар зарчмын ямар өөрчлөлт гарах вэ. Энэ том үүргийг төрийн бус байгууллага хүлээж авсан нь зарим талаар үл итгэх байдал бий болгож байгаа нь нууц биш. Энэ тал дээр та бүхэн шударга байж чадах уу. Тэр нөхцөл бололцоог хэрхэн хангах вэ?
-Сонгон шалгаруулах ажиллагаа 2016 оны дөрөвдүгээр сард МХХ-нд бүрэн шилжиж ирэх ёстой. Гэсэн хэдий ч яамны оролцоо тодорхой хэмжээнд байх болно. Сонгон шалгаруулалтыг зохион байгуулах комисст яамны төлөөллийг оролцуулна. Харин зохион байгуулалтын бүх асуудлыг холбоо хариуцна. Сонгон шалгаруулалт явуулж эхэлсний дараа тодорхой үнэлэмж бий болох байх. Энэ чиг үүргийг төр, мэргэжлийн холбооны аль нь ч гүйцэтгэсэн асуудлын цаана хүн л байдаг. Хүн дагасан хардлага хаана ч байдаг шүү дээ. Үүнийг үгүйсгэх ч аргагүй. Дээрээс нь тэр хүмүүсийг ажиллуулах менежмэнт, зохион байгуулалт чухал. Хардлага, эргэлзээг арилгахуйц дүрэм, журамтай л байх ёстой. Тэнд ажиллаж байгаа хүний хүрч болох хүрээ хязгаарыг тодорхой зааж өгөх хэрэгтэй. Зааж, хязгаарласан хүрээнээс хэтэрвэл хариуцлага тооцох учиртай. Дээрх чиг үүрэг бүрэн шилжиж иртэл Хууль зүйн яам манай холбоотой хамтран сонгон шалгаруулалтыг зохион байгуулна. Энэ хүрээнд сонгон шалгаруулалтын журмыг шинээр боловсруулж байгаа. Нэлээд боловсронгуй болгосон.
-Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох, цуцлах эрх ч танай байгууллагынх. Энэ тухайд юу хэлэх вэ?
-Энэ нь хуульчийн сонгон шалгаруулалттай шууд холбоотой. Сонгон шалгаруулалтад тэнцсэн хүмүүст л зөвшөөрөл олгоно. Гэхдээ зөвшөөрөл олгохын наана олон шалгуур бий. Ерөнхийдөө тухайн хуульчийн талаар судалгаа явуулна гэсэн үг. Сонгон шалгаруулалтад тэнцсэн ч гэлээ Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасан шаардлагуудыг хангахгүй бол зөвшөөрөл олгохыг түдгэлзүүлнэ гэсэн үг. Харшилсан шалтгаан нөхцөлөө арилгатал түдгэлзүүлэх боломжтой. Олгохгүй ч байж болно.
-Гишүүнчлэлийн татвар, шалгалтын хураамжтай холбоотойгоор танай байгууллагад их хэмжээний мөнгө эргэлдэж байгаа гэж хардах нэг хэсэг байна. Бодит байдал ер нь ямархуу байна вэ. Санхүүжилтийн хувьд асуудалгүй байж чадаж байна уу. Хэдэн гишүүнээс хэдэн төгрөгийн татвар авдаг юм бэ?
-Манайхан гишүүнчлэлийн татварыг шууд утгаар нь ойлгодог. Ингэж нэршээд тогтчихсон ч гэлээ тухайн холбооны гишүүн байгаагийнх нь төлөө үйлчилсэн зардлыг тэр татвараар л нөхдөг. МХХ-ны гишүүн байснаараа Шүүхийн мэргэшлийн хорооны гишүүнд нэр дэвших эрхтэй. Өөрөөр хэлбэл, Шүүхийн мэргэшлийн хорооны гишүүн болох эрхээ баталгаажуулж буй хүчин зүйл нь манай холбооны гишүүний статус болж байгаа юм. Тэгэхээр татварыг “надад наалдсан зүйл байхгүй” гэх байдлаар харахаас илүүтэй, үүгээр юу хийх гэж байна вэ гэдгийг бодох ёстой. Үнэхээр ч манай байгууллагын үндсэн санхүүжилт гишүүнчлэлийн татвар болж байна. Хуульчдын давтан сургалт зохион байгуулах, ном товхимол хэвлэх гэхчлэн орлогын өөр эх үүсвэр байж болно. Улсын төсвөөс шууд санхүүжихгүй ч шүүгч, прокуророор ажиллаж байгаа хуульчдын сургалтын төлбөрийг төр хариуцдаг. Мөн төлбөрийн чадваргүй иргэнд эрх зүйн туслалцаа үзүүлэх хүрээнд МХХ-ноос төсөл хэрэгжүүлбэл төрөөс санхүүжүүлнэ. Үүний зэрэгцээ хууль сурталчлах чиглэлээр төсөл хэрэгжүүлэхээр болбол улсын төсвөөс санхүүжилт авах боломжтой. Сонгон шалгаруулалтын хураамж ч мөн манай орлого. Орлогын өөр нэг эх үүсвэр бол хандив, дэмжлэг. Энэ чиглэлээр Азийн сан, АНУ-ын Калифорнийн хуульчдын холбоотой төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
Манай гишүүдийн тоо 4600. Сар тутам гишүүн тус бүрээс 20 мянган төгрөгийн татвар авах ёстой. Ерөнхийдөө 4000 орчим хүнээс тогтвортой татвар авна гэж анх тооцож байсан. Гэхдээ өнөөдрийг хүртэл татвар төлсөн байдлыг харахад огт татвар төлөөгүй 1500 гишүүн байна. Энэ байдлаар жил хэртэй ажиллаад үзэхэд ямар нэг дүр зураг харагдах байх. Ямар ч байсан санхүүгээ хэрхэн зөв авч явах талаар бодож байна. Ер нь бол энэ мөнгөөр хүчтэй үйл ажиллагаа явуулахад хангалтгүй. Бид өнөөдрийг хүртэл өөрийн гэсэн ширээ, сандалтай ч болж чадаагүй л байна. Гэхдээ төсөв хангалттай бүрдээд эхлэхээр энэ зэргийн асуудлыг шийдэж болох биз. МХХ-нд үйл ажиллагаагаа тасралтгүй явуулах хэмжээний санхүүжилт бий. Манай татварын хэмжээг бусад улс оронтой харьцуулах ч юм биш. АНУ-ын Калифорни мужийн хуульчдын холбооны гишүүн сард 500 ам.доллар төлдөг. Зарим холбоо жилд 5000 ам.долларын татвар авдаг юм билээ. Гурван сар татвар төлөөгүй хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг хүчингүй болгох үндэслэл бүрдэж байгаа юм. Нөгөө талаас хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааг бие даасан байдлаар эрхэлдэггүй хэрнээ хуульчдын нэгдсэн бүртгэлд байдаг тодорхой хүмүүс бий. Жишээ нь, төрийн захиргааны болон улс төрийн байгууллагад ажилладаг хуульчдыг энд нэрлэж болно. Саяхан шинэ хуульд нийцүүлэн ийм хүмүүсийн хуульч гэдэг нэрийг хадгалж үлдэхээр болсон. Үүнтэй холбоотойгоор мэргэжлийн үйл ажиллагаа явуулахгүй бол зөвшөөрлийг түдгэлзүүлэх нөхцөл үүсэж байгаа юм. Бүртгэж цэгцэлсний дараа бие даасан байдлаар хуульчийн үйл ажиллагаа явуулахгүй байгаа хүмүүсийн асуудлыг нэг мөр шийднэ. Тэгэхээр татвар төлөх хүний тоо 3000 руу унах байх.
-Таныг Өмгөөлөгчдийн холбооны удирдлагаар ажиллаж байсантай холбоотой ч юм уу МХХ өмгөөлөгчдөөр дүүрлээ, тэдний эрх ашигт илүү үйлчилж байна гэх шүүмжлэл мэр сэр гарч байгаа нь нууц биш. Энэ тухайд юу хэлэх вэ?
-МХХ дан өмгөөлөгчдөөс бүрдээгүй ээ. Холбооны Зөвлөл, чиг үүргийн Хороодын бүрэлдэхүүнд өмгөөлөгч давамгайлах шинжтэй байгаа нь үнэн. Энэ нь миний бие Өмгөөлөгчдийн холбооны ерөнхийлөгч байсантай ямар ч холбоогүй. Угаасаа Монголын нийт хуульчийн гуравны хоёр нь өмгөөлөгч байдаг. Нөгөө талаас холбооны үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог хэсэг нь чөлөөт, бие даасан өмгөөлөгчид юм. Ер нь бол гишүүдийн идэвх оролцооны л асуудал шүү дээ.
-Тэгвэл холбооны хэмжээнд өмгөөллийн асуудлыг ямар байдлаар харж байгаа вэ?
-Өмгөөллийн тухай хууль хүчингүй болсон. Энэ хуулиар зохицуулж байсан тодорхой харилцааг Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулиар зохицуулж байгаа. Жишээлбэл, өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл буюу шүүхэд төлөөлөх эрх бүхий өмгөөлөгчдийн нэрийн жагсаалтад бүртгүүлэх, өмгөөллийн үйл ажиллагаа явуулахад шаардлагатай хяналт бий болгох чиг үүрэг манай холбоонд бий.
-Хуульчдынхаа эрх ашиг, сонирхлыг хамгаалах нь холбооны томоохон үүргүүдийн нэг байх. Энэ чиглэлд юу хийх вэ. Холбоо байгуулагдсанаас хойш дээрх чиглэлээр ямар гомдол, санал ирж байна вэ?
-Эрх ашгаа хамгаалуулахаар хандсан тохиолдол тийм ч олон биш л дээ. Гэхдээ Шүүхийн тухай багц хуулийг хэрэгжүүлэх хүрээнд шинээр байгуулагдсан шүүхэд ажиллах шүүгч нарыг томилох, чөлөөлөхтэй холбоотой хэд хэдэн гомдол ирсэн. Хууль хэрэгжүүлэхтэй холбоотойгоор чөлөөлсөн шүүгчийг эргүүлэн томилоогүй, өөр газар томилсон зэрэг нь шүүгчдийн хараат бус байдлыг хөндсөн гэх агуулга гомдлуудад давамгайлж байсан. Энэ дагуу зохих Хороод судалгаа хийж байна. Энд үнэхээр анхаармаар асуудал байх шиг байгаа юм. Ямар ч үйл ажиллагаа хуульд нийцэх ёстой. Гомдол гаргасан хүмүүсийн хэлснээр тэд хууль хэрэгжүүлэх хүрээнд ажлаас чөлөөлөгдсөн болохоос ямар нэг байдлаар алдаа гаргаснаас болж шүүгчийн албан тушаалаас огцроогүй. Буцааж томилохгүй байх ямар үндэслэл, шалтгаан байсан юм бол. Тухайн шүүгчийг буцааж томилохгүй байсан юм бол анхнаасаа чөлөөлөх бус өөр үндэслэл шалтгаанаар огцруулах, эсвэл бусад байдлаар шийдвэр гаргах байсан гэж бодож байна. Ингэж томилохгүй байх эс үйлдэхүй нь өөрөө хуульд нийцсэн байх ёстой. Хамгийн гол нь эндээс шүүгчийн хараат бус байдалд нөлөөлдөг гаж, зүй бус жишиг бий болчих вий гэж болгоомжилж байна.
-Энэ тохиолдолд холбооны зүгээс юу хийх боломжтой вэ?
-Нийтлэг эрх ашиг хөндөгдөж байна гэж үзвэл эрх бүхий байгууллагад байр сууриа илэрхийлнэ.
Б.НОМИН