“Гал үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр нарын найман хүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхэд өчигдөр хянан хэлэлцлээ. Дүүргийн анхан шатны I шүүх уг хэргийг өнгөрсөн нэгдүгээр сард хоёр өдрийн турш хэлэлцэж шийдвэрлэсэн юм. Нийслэлийн прокурорын газраас Ц.Мөнхбаяр Д.Төмөрбаатар, Г.Болдбаатар, С.Дашцэрэн, О.Самбуу-Ёндон, Ж.Ганболд, Б.Гантулга, О.Мөнхболд нарт зандалчлах, бусдын эд хөрөнгийг авахаар сүрд үүлэх, байлдааны галт зэвсэг сум хэрэгслийг хууль бусаар олж авсан гэсэн үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн. Анхан шатны шүүхээс Ц.Мөнхбаярт 21 жил зургаан сар, Ж.Ганболд, Г.Болдбаатар нарыг 21 жил нэг сар, С.Дашцэрэн, Д.Төмөрбаатар нарыг 20 жил нэг сарын хугацаагаар жирийн дэглэмтэй хорих ангид ял эдлүүлэхээр болсон. Мөн галт зэвсэг хууль бусаар олж авч худалдсан М.Мөнхболдод хоёр жил хорих ял шийтгэсэн юм.
Давж заалдах шатны шүүх уг хэргийг өчигдөр 08.30 цагаас эхлэн хэлэлцсэн бөгөөд энэ үеэр “Гал үндэстэн” холбооны гишүүд дэмжигчид дээрх хүмүүсийг сулла гэсэн утгатай уриа лоозон барьж, цугласан байлаа. Давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцээд шийтгэх тогтоолд хэд хэдэн өөрчлөлт орууллаа. Тухайлбал, Ц.Мөнхбаяр, Г.Болдбаатар нарт Эрүүгийн хуулийн 177 дугаар зүйлийн хоёр дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэнийг хөнгөрүүлсэн бол Ж.Ганболдод уг зүйл ангид зааснаар ял шийтгэснийг хэрэгсэхгүй болгов. Ц.Мөнхбаяр, Г.Болдбаатар нарыг анх удаа ял шийтгүүлж байгааг харгалзсан аж. Давж заалдах шатны шүүх Ц.Мөнхбаярыг зандалчлах, хууль бусаар галт зэвсэг олж авч хадгалсан гэм буруутайд тооцож, долоон жил, Г.Болдбаатарыг дээрх хоёр зүйл ангид заасан гэм буруутайд тооцож, зургаан жил 11 сарын хугацаагаар хорих ял шийтгэлээ.
Харин Д.Төмөрбаатар, С.Дашцэрэн нарт холбогдох хэргийг хөнгөрүүлсэн боловч тэд ял шийтгэлтэй байх хугацаандаа дахин гэмт хэрэг үйлдсэн учир хуульд зааснаас доогуур ял оноох боломжгүй байсан аж. Тиймээс Д.Төмөрбаатарыг зандалчлах гэмт хэрэг үйлдсэн буруутайд тооцож 10 жил 10 хоногийн хорих ял шийтгэв. Харин С.Дашцэрэнгийн зандалчлах гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож, галт зэвсэг хууль бусаар олж авч тээвэрлэсэн буруутайд тооцож хоёр жилийн хорих ял оноожээ. Ж.Ганболдын галт зэвсэг олж авсан хэрэгт нь нэг жилийн хорих ял ногдуулсан байна. Дээрх хүмүүст байлдааны галт зэвсэг, сум, хэрэгсэл нийлүүлсэн М.Мөнхболдод оноосон хоёр жилийн хорих ялыг хэвээр үлдээлээ.
Г.РАВЖАА