Дундговь аймгийн Говь-Угтаал суманд БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Шанжин орд” компани Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчин үйл ажиллагаа явуулсан гэдэг үндэслэлээр УМБГ-ын Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг мөрдөх хэлтсийн ажилтнууд эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан юм.
Гэвч Дүүргийн нэгдүгээр прокурорын газрын хяналтын прокурор У.Эрдэнэтуяа дээрх хэргийг хэрэгсэхгүй болгох тогтоол гаргажээ.
ГҮНИЙ УСАНД ЗАГАС БАЙХ УУ
Говь-Угтаалынхны тахин шүтэж, ирсэн хайрхан нь Хараат уул. Энэ ууланд хэдэн жилийн өмнө аргаль угалз идээшилж, ан амьтан элбэг байжээ. Гэтэл “Шанжин орд” компани төмрийн хүдрийн хайгуул хийж эхэлснээс хойш хамаг амьтан нь дайжиж, хүнд даацын машины дугуйгаар говийн эмзэг хөрс сүйдэж эхэлсэн аж. Говь нутаг хэзээнээсээ ус муутай, худаг гаргаж, хүн, малгүй ундаалдаг. Гэтэл БНХАУ-ын хөрөнгө оруулалттай дээрх компанийнхан нэг дор олон тооны худаг гаргаж, усыг замбараагүй хэрэглэснээр малчдын амьдралд сөрөг нөлөө үзүүлж, худгийн ус нь татрахад хүрээд байгаа аж. Тиймээс орон нутгийн иргэд зөвшөөрөлгүйгээр олон тооны худаг гаргаж, Усны тухай хууль зөрчсөн дээрх компанийнхныг шалгуулахаар хууль хяналтын байгууллагад хандсан юм байна. Харамсалтай нь прокурорын байгууллагынхан экологид учирсан хохирлыг нь ч нөхөн төлүүлэлгүй, хэргийг хэрэгсэхгүй болгосонд нутгийнхан эгдүүцэж буй юм. Хэрэгсэхгүй болгосон үндэслэл нь манай цоорхой хууль, түүнийг тайлбарласан хэт нэг талыг барьсан Дээд шүүхийн тайлбараас болжээ. Тодруулбал, “Шанжин орд” компанийн захирал, БНХАУ-ын иргэн Лиу Венкэд Эрүүгийн хуулийн 208 дугаар зүйлд заасан Усны тухай хууль тогтоомж зөрчсөн гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан юм. Мөрдөн байцаалтын явцад “Шанжин орд” компани нь хууль бусаар олон тооны худаг гаргасан нь тогтоогдсон аж.
Шинжээчдийн дүгнэлтээр зөвхөн барилга байгууламж барихдаа хууль бусаар ус ашигласны улмаас экологид 27 сая төгрөгтэй тэнцэх хэмжээний хохирол учирсан гэжээ. Мөрдөн байцаалтын явцад тус компанийн уурхайд гүний усны 11 цооног байсан гэнэ. Үүнээс ердөө нэгд нь л Усны тухай хуулийн дагуу орон нутгийн засаг захиргаанаас зөвшөөрөл олгосон, бусад нь огт зөвшөөрөлгүй гэнэ. Орон нутгаас олгосон зөвшөөрлийн дагуу тус компани хоногт 50 тн ус татах ёстой байж. Гэтэл шалгалтын явцад 11 цооногоос ус авч байжээ. Амны усаар гачигдаж байдаг говь нутагт хөрсний усыг нь хүчин чадал өндөртэй шахуургаар их хэмжээгээр татаж байгаа нь малчдын хэрэглэдэг усыг багасгахад хүргэсэн гэнэ. Хэргийг хэрэгсэхгүй болгох тогтоолд байгаль орчин, усанд хор хохирол учирсан нь тогтоогдохгүй байна гэж дурджээ. Ингэхдээ Улсын Дээд шүүхээс Эрүүгийн хуулийн 23 дугаар бүлгийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тогтоол 2008 оны зургадугаар сард гаргасныг баримталсан аж. Дээд шүүх “Усны болон түүний орчмын ургамал, амьтан өвчлөх, загасны нөөц хомсдох, тэдгээрийн бүтэц өөрчл өгдөх (ховор үүлдрийн загасны нөөц багасах, хортой ба хэрэглээний бус үүлдэр бий болох г.м.), намагшсан буюу хужиршсан газар үүссэн зэргийг Усны тухай хууль тогтоомж зөрчсөн хэмээн үзнэ” гэх утгатай тайлбар гаргасан байдаг юм байна. Говьд, гүний усанд ямар юмных нь загас байх вэ дээ. Мөрдөн байцаах байгууллага “Шанжин орд” компани хууль зөрчин олон тооны худаг гаргасныг үзэж, экологид 27 сая төгрөгийн хохирол учирсан гэдгийг тогтоочихоод байхад прокурорын байгууллагынхан ядаж хохирлыг нь төлүүлээд хэргийг хэрэгсэхгүй болгож болоогүй юм байх даа.
БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Шанжин орд” компанийн хэргийг хууль хяналтын байгууллагынхан шалгах явцад тус компанийнхан анх тусгай зөвшөөрөл авахдаа Газрын тухай хууль зөрчсөнийг мөрдөгчид тогтоожээ. Бидэнд олдсон мэдээллээр тус компани Дундговь аймгийн Говь-Угтаал сумын нутагт биш, өөр суманд хайгуул хийхээр анх лиценз авсан аж. Улмаар “Хараат уулын бүсэд ашигт малтмал хайж олборлохыг зөвшөөрч байна” гээд Дорноговь аймгийн Хатанбулаг сумын гурван хүнээр гарын үсэг зуруулсан байж. Тэдний нэг нь хулгайн хэргээр ял шийтгүүлээд суллагдсан нэгэн гэнэ. Тийм хүмүүсээр “Шанжин орд”- ынхон өргөдөл бичүүлж, Ашигт малтмалын газрынхныг молигодсон аж. Хаа холын хүмүүс хүний нутагт өөриймсөг сэтгэлээр хандах нь юу л бол. Харин Дундговь аймгийн Говь-Угтаал сумын эрх бүхий албан тушаалтан нэгэн эр өөрийнхөө гал голомт болсон нутгаа хятадуудад худалдахаар улайрсан нь хачирхалтай. Мөрдөн байцаах байгууллагаас хийсэн шалгалтын явцад тус компани нь эзэмших талбайгаасаа гадна 32 га газрыг хууль бусаар ашиглаж байсныг тогтоожээ. Тиймээс хууль бусаар эзэмшиж буй 32 га газрыг чөлөөлүүлэх мэдэгдлийг мөрдөн байцаагч Дундговь аймгийн Засаг даргад өгсөн аж. Үүний дагуу хууль бусаар эзэмшиж, ашиглаж буй газрыг чөлөөлөх Засаг даргын захирамж өнгөрсөн оны аравдугаар сарын 24-нд гарчээ. Гэтэл одоо болтол уг газрыг чөлөөлөөгүй аж.
Энэ талаар орон нутгийн эх сурвалжаас тодруулахад “Газар чөлөөлөх захирамж одоо болтол хэрэгжээгүй. Хэрэгжүүлэх гэхээр сумын эрх бүхий албан тушаалтан хятадуудад үйлчлээд байна. Тодруулбал, ИТХ-ын эрх бүхий албан тушаалтан нэгэн тус компанийн хууль бус үйлдлийг хаацайлаад байгаа юм. ИТХ-ын хэлэлцэх асуудлын жагсаалт, дараалал гэж байдаг. Тэр дараалалд огт ороогүй байхад оруулж, “Шанжин орд”-д газар өгөх гээд улайрч байна. Тухайн үед ИТХ-аар долоон асуудал хэлэлцэхээр тэргүүлэгчид нь баталсан. Гэтэл тухайн албан тушаалтан “8-д нь “Шанжин орд”-д газар ашиглуулах асуудлыг хэлэлцэх” гээд гараараа бичээд оруулж ирсэн. Сумын ИТХ-ын сөрөг хүчнийхний эсэргүүцлээр уг асуудлыг хэлэлцээгүй. “Шанжин орд”-ынхны хууль бусаар эзэмшиж буй 32 га газрыг тэдэнд өгөх гээд зүтгэж байгаа нь ямар нэг ашиг сонирхол байгаа байх гэсэн хардлага төрүүлж байна” гэлээ.
Г.ЦОЛМОН