Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан эхлүүлсэн хууль зүйн салбар, шүүхийн шинэчлэл өнөөдөр хаашаа л яваад байна даа. Хууль, шүүхийн байгууллагын үйл ажиллагаанд шинэчлэл хийх цаг нь хэдийнэ болсон. Жирийн иргэнээсээ авахуулаад Төрийн тэргүүнээ хүртэл хууль, шүүхийн салбарт итгэл алдарсан өнөө цагт өөрчлөлт, шинэчлэлт хийх ажлыг зоригтой эхлүүлсэн хүн нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж. Гэтэл амьдрал дээр энэ шинэчлэлээс болж ихээхэн маргаан гарах болж, Үндсэн хуулиар олгогдсон хүний сонгох, сонгогдох эрх ч зөрчигдөхөд хүрч байна.
УИХ-аас өнгөрсөн жил Шүүхийн тухай багц хууль баталж, түүн дотор Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг оруулсан. Улмаар Шүүхийн ерөнхий зөвлөл (ШЕЗ)хэмээх захиргааны байгууллагыг нь Улсын Дээд шүүхээс салгаж, бие даалгасан. Гэтэл тэд ичмээр байдалд орлоо. Яагаад ингэж хэлэх болов гэхээр Улсын Дээд шүүхээсээ илүү эрх эдэлж хуулийг өөрсдийнхөөрөө тайлбарлаж, Захиргааны хэргийн шүүхэд хэргийн хариуцагчаар татагдаад байна.
ИРГЭДИЙН СОНГОХ СОНГОГДОХ ЭРХЭНД БҮДҮҮЛГЭЭР ХАЛДАВ
Шүүхийн ерөнхий зөвлөлөөс 70 шүүгчийн орон тоонд сонгон шалгаруулалт зарлаж, түүнд нь 492 хүн материалаа бүрдүүлж өгсөн аж. Гэтэл тус зөвлөлийнхөн эхэлж 136 хүнийг бүртгээд, дараа нь ямар нэгэн байдлаар долоон хуульчийг нэмэв. Ингээд үлдсэн 300 гаруй хүнийг бүртгэхээс татгалзжээ. Шүүхийн захиргааны тухай хуульд заасны дагуу хуульчдаас шүүгчийн 70 орон тоонд нэр дэвшиж өрсөлдөх хүмүүсийг бүртгэхдээ Үндсэн хуулиар олгогдсон иргэдийн сонгох, сонгогдох эрхэнд халдсан аж. Монгол төрийн гурав дахь засаглалыг хэрэгжүүлэх өндөр дээд албан тушаалтныг сонгоно гэдэг тун хариуцлагатай ажил. Үүнд ШЕЗ хариуцлагагүй хандаж байгаа нь цаашид хууль зүйн салбарын шинэчлэл, шүүхэд итгэх иргэдийн итгэлийг хөсөр хаягдахад хүргэхийг ч үгүйсгэхгүй. Учир юу гэвэл, анхнаасаа бүртгэл явуулахдаа хүмүүсийг ялгаварлан гадуурхсан, хуулиа ШЕЗ-ийнхөн өөрсдийнхөө эрх ашигт нийцүүлж дүгнэсэн, хуулийн шаардлага хангахгүй хүн бүртгэсэн зэргээс бүх зүйл эхэлжээ. Шүүгчийн сонгон шалгаруулалтад орох хүсэлтэй хуульчийн гэрчилгээтэй 500 шахам иргэнээс 143-ыг нь бүртгэхдээ ихэнхийг нь Шүүгчийн болон Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн шаардлагад нийцээгүй гэх үндэслэлээр буцаасан байгаа. “Жийгдэгсэд”-ийн дунд хуульчийн гэрчилгээ авч, хувийн хэвшлийн байгууллагад олон жил ажилласан туршлагатай, эрх зүйн мэдлэг нь магадгүй зарим шүүгчээс өндөр хүмүүс цөөнгүй.
Мөн 10 гаруй жил шүүгчийн туслахаар ажиллаж, шүүхээс гарах эрх зүйн баримт бичиг, шүүхийн тогтоол, шийдвэрийг гаргадаг, хуульчийн сонгон шалгаруулалтад тэнцэж, сар бүр 20 мянган төгрөгийн татвараа төлсөөр ирсэн, энэ оны хоёрдугаар сард Хуульчийн тангараг өргөсөн хүмүүс ч бий. Шүүгчийн туслах гэдэг бол шүүхэд хэрэг, маргаан ирснээс эхлээд хэрэг эцэслэн шийдвэрлэгдэх хүртэлх бүхий л бичиг баримтыг боловсруулж ажилладаг хүн. Гэвч анхан шатны шүүхийн шүүгчийн туслах гэхэд 500 гаруй мянган төгрөгийн цалинтай. Гэтэл өнөөдөр шүүгч нь хэдэн төгрөгийн цалин авч байгаа билээ. Тэдний ажлыг шинэ хуулиар хуульч биш, захиргааны ажилтан гэж үзэж буй. Улмаар хуульчийн гэрчилгээ олгохоо ч болих талаар яригдаж буй гэсэн. ШЕЗ-өөс шүүгчийн туслахаар ажилласан хүмүүсийг хуульчаар ажиллаагүй гэж үзэн бүртгэхээс татгалзсан гэнэ. Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль нь хуульч мэргэжилтэй хүмүүсийн ахиж дэвших боломжийг боомилж, эрх зүйн байдлыг нь дордуулчихаад байгаад асуудлын гол оршиж буй. Хуульчийн сонгон шалгаруулалтад орж тэнцэн, тангараг өргөсөн хүмүүс байнга л шүүгчийн туслах хийгээд явахгүй нь ойлгомжтой. Тиймээс шүүгчийн сул орон тоонд хүч үзэх, өөрийгөө сүүлийн жилүүдэд төрөн гарч буй олон хуульчийн хаана нь явааг сорьж үзэх нь зүй ёсны хэрэг. Гэтэл энэ боломжийг ШЕЗ хаачихаад байгаагаас өөрсдийгөө ичгэвтэр байдалд оруулав. Шүүгчээр хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрх авсан хүнийг сонгохоор заасан. Монгол Улсын Үндсэн хуулийн 51 дүгээр зүйлд 25 нас хүрсэн, мэргэжлээрээ гурваас доошгүй жил ажилласан хүнийг шүүгчээр томилж болохоор заасан байгаа. Харин ШЕЗ-өөс прокурор юмуу өмгөөлөгчөөр гурваас доошгүй жил ажилласан хүнийг сонгон шалгаруулалтад оролцох эрхтэй гэж үзэж буйгаас ийм үл ойлголцол үүсээд байна.
ХУУЛЬЧИЙН ЁС ЗҮЙГЭЭ ЗӨРЧСӨН ХҮН БҮРТГҮҮЛЖЭЭ
“Жийгдэгсэд”-ийн дотор шүүгчийн туслахаас гадна хувийн компаниудад олон жил ажилласан хуулийн зөвлөхүүд бий. Тэднийг бүртгээгүй шалтгаан нь дээр дурдсан өмгөөлөгч, прокуророор ажиллаагүй гэсэн ШЕЗ-ийнхний хуулиа буруу ойлгосноос болжээ. Хуульчийн эрх зүйн байдлын тухайн хуулийн 24 зүйлд заасны дагуу баримт бичгийн эх боловсруулах, хуулийн этгээд буюу компанийн хүсэлтээр хууль зүйн туслалцаа үзүүлэх, хууль ёсны ашиг сонирхлыг нь шүүх цагдаагийн байгууллагад төлөөлж, тайлбар мэдүүлэг гаргаж, оролцож байгаа хуулийн зөвлөхийг бүртгэхээс татгалзсан шалтгаан нь тодорхойгүй. Бодвол өмгөөлөгч, прокуророор гурван жил ажиллаагүй гэж үзсэн байх гэх хүн цөөнгүй. Тэгсэн атлаа хуульчаар гурван жил ажиллагаагүй, хуулийн зөвлөгөө өгч үзээгүй, эрх зүйн бичиг баримт боловсруулж байгаагүй, гэрчилгээ авчихаад гэртээ суусан, эсвэл зах дээр наймаа хийсэн хүнийг шүүгчийн сонгон шалгаруулалтад бүртгэжээ. Түүгээр зогсохгүй мэргэжлийн, ёс зүйн алдаа гаргасан, нэр хүнд муутай нэгнийг ч шүүгчийн сонгон шалгаруулалтад бүртгэсэн нь хачирхалтай. Тодруулбал, нэгэн компанид гурван жил хуулийн зөвлөхөөр ажилласан хэмээн хуурамч бичиг баримт бүрдүүлсэн нэгэн байгаа бөгөөд тэрбээр тухайн байгууллагад гурван жил болоогүй, нэг жил орчим ажиллах хугацаандаа байгууллагынхаа нууцад хамаарах бичиг баримтыг өрсөлдөгчид нь аваачиж өгч, хуульчийн ёс зүйгээ зөрчсөн хүн аж. Ийм хүмүүсийг бүртгэсэн нь ШЕЗ-ийн эрх бүхий албан тушаалтнууд өөрсдийнхөө “арын хаалга”- ны хүмүүсийг шүүгч болгох гэсэн далд сонирхол байхыг үгүйсгэхгүй гэж хардах хүмүүс ч байгаа юм. Бүртгүүлж чадаагүй зарим хүн “Аль эрт тухайн шүүхийн орон тоонд хэн нэгнийг эчнээгээр томилсон. Тэр хүнээс нь илүү оноо авчих гээд байгаа учраас хүмүүсийг бүртгэхгүй, хасаж байгаа юм” хэмээн хардаж байна.
Манай редакцид шүүгчийн сонгон шалгаруулалтад бүртгүүлж чадаагүй, хасагдсан нэгэн залуугийн аав Б хандлаа. Тэрбээр хүүг нь шүүгчид нэр дэвшихээр бүртгүүлэхэд нь цаашид саад болох вий хэмээн болгоомжилж, хүүгийнхээ болон өөрийн нэрээ нууцлахыг хүсэв. Тэрбээр “Төр засгаас шүүхийн шинэчлэл гээд нэлээд арга хэмжээ авлаа. Гэтэл өнөөдөр шүүх засаглал маань шинэчлэгдэж байна уу гэдэгт эргэлзэх боллоо. Яагаад гэхээр ШЕЗ хэмээх шүүхийн захиргааны байгууллагаас 300 гаруй хүнийг шүүгчийн шалгалт өгүүлэхгүйгээр хассан нь хэлмэгдүүлэлт болж байна. Энэ хэлмэгдүүлэлт нь Ерөнхийлөгч, Хууль зүйн сайдын сонор, мэлмийд хүрээгүй бололтой. Тэр олон хүнийг мэргэжлийн ажлаа хийгээгүй хэмээн хасаж буйг юу гэж ойлгох вэ. Миний хүү хуулийн сургууль төгсөөд зарлагаас нь эхлээд найман жилийн турш нарийн бичиг, ерөнхий шүүгчийн туслах зэрэг ажлыг хийж, Ерөнхий шүүгчдээ ч нэр хүнд олсон. Уржнан жил шүүгчийн шалгалтад ороод хамгийн өндөр оноо авч тэнцсэн. Гэтэл оронд нь өөр хүн тавьсан юм. Хоёр дахь удаагаа нэр дэвшихэд нь ШЕЗ-өөс Үндсэн хуулиар олгогдсон сонгох, сонгогдох эрхэнд нь халдаж, бүртгэхээс татгалзчихаад байна. 300 гаруй хүн сонгох, сонгогдох эрхгүй болчихлоо. Үүнийг ШЕЗ хэмээх газарт ажиллаж буй доод тушаалын албан хаагчдын хийж буй будлиан байх гэж бодож байна. Миний хүү туршлагын хувьд ч гайгүй, хууль зүйн салбарын болохгүй байгаа зүйл заалтын талаар илтгэл бичиж, өөрчлүүлж байсан юм.
Хууль зүйн салбарт ийм хэлмэгдүүлэлт болоод байгааг Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Хууль зүйн сайд нь мэдэхгүй байна уу, мэдсэн ч үл ойшоож байна уу. Үнэхээр шинэчлэх гэж байгаа бол ШЕЗ-ийн даргыг томилохдоо нэр цэвэр хүн тавих хэрэгтэй шүү дээ. Шүүгч бол бага ажил хийдэг улс. Харин шүүгчийн туслахууд цаг наргүй ажиллаж, хамаг ажлыг нь цэгцэлж байгаа хүн шүү дээ. Хүний эрх, эрх чөлөө ярьдаг шүүхийнхэн, ялангуяа ШЕЗ-ийнхөн хүний эрх зөрчиж, ялгаварлан гадуурхаж байгаа нь харамсалтай. Шүүхэд будлиангүй, нэр цэвэр хүн очих ёстой гэж боддог. Гэтэл өнөөдөр ёс зүйгүй хүн ч нэр дэвшиж, сонгон шалгаруулалтад орох гэж байна шүү дээ. Цагийн зайтай энэ орчлонд цагаан мөртэй яваасай” гэв. ШЕЗ-ийнхөн хүмүүсийг, хуульчдыг ингэж ялгаварлан гадуурхаж байхынхаа оронд бүх хүнийг бүртгээд шалгалт авч, оноогоор нь жагсаасан бол нэрэнд нь цэвэр байх сан. Шүүгчийн шалгалтад оролцохын тулд орон нутгаас цаг заваа гарздан ирээд байхад нь нэр дэвшигчдийг бүртгэлгүй хассан нь ШЕЗийнхнийг муухай харагдуулж, цаашид шүүгчийн туслахаар ажиллах хүмүүсийн урмыг хугаллаа. Магадгүй хуулийн буруу ойлголтоос болж, ажлаа өгч, өмгөөлөгч прокуророор ажиллахыг хүсэх шүүгчийн туслах олон гарч буй байх. Эцэст нь хэлэхэд ШЕЗ хуулийнхны хэллэгээр эс үйлдэхүй үйлдэж, бүртгэлийн үйл ажиллагаанд саад учруулсан асуудлаар Захиргааны хэргийн шүүхдээ хариуцагчаар дуудагдаж буй нь ичиг, ичиг. Өнөөдөр ШЕЗ-ийн эсрэг 80 гаруй хүн гомдол гаргаснаас гадна Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль Үндсэн хууль зөрчсөн гэсэн үндэслэлээр Цэцэд маргаан үүсгэчихээд байгаа нь шинээр батлагдаж буй хуулийн чанар чансааг харуулах мэт.