Мөрдөн байцаалтын ажиллагаанд саад учруулсан гэмт хэрэгт буруутай нь тогтоогдсон Хууль зүйн дэд сайд Эрдэнэбилэгийн Эрдэнэжамъянд анхан шатны шүүхээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 60 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, улстөрийн албан тушаал эрхлэх эрхийг нь хоёр жилээр хасах ял ногдуулаад байна.
Монгол Улсад өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж буй Эрүүгийн хуулийн 245 дугаар зүйлд заасан хэрэг бүртгэлт, мөрдөх байцаалт, шүүн таслах ажиллагаанд саад учруулах гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэг, хавтаст хэрэгт цугласан нотлох баримт, өөрийнх нь мэдүүлэг зэргээр хангалттай тогтоогдсон гэж Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны I шүүхийн, уг хэргийг хянан хэлэлцсэн бүрэлдэхүүн үзсэн юм. Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Н.Энхбаярт холбогдох хэрэгт АТГ-аас мөрдөн байцаалт явуулж, шүүхээр шийдвэрлүүлсэн.
Ерөнхийлөгч асанд холбогдох хэргийн мөрдөн байцаалтын явцад зайлшгүй шалгах шаардлагатай хэд хэдэн хүн гадаадад байгаа шалтгаанаар шалгуулалгүй өнгөрс өн байдаг. Тэдгээр хүмүүст холбоотой үйлдлийг Н.Энхбаяр нарын хэргээс тусгаарласан юм. Улмаар гадаадад байгаа хүмүүсийг олон улсын хэмжээнд эрэн сурвалжлах арга хэмжээ хуулийн дагуу авсан билээ. Гэтэл Хууль зүйн дэд сайдаар томилогдон ажиллаж буй Э.Эрдэнэжамъян 2012 оны аравдугаар сард Интерполын ерөнхий нарийн бичгийн даргын газарт “Монгол Улсын Интерполын үндэсний товчооноос илгээсэн мэдээллийн дагуу олон улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байгаа Буягийн Хуяг, Намбарын Энхтуяа нарын иргэдийг олон улсын хэмжээнд эрэн сурвалжлах ажиллагааг зогсоож өгөөч” гэсэн утгатай и-мэйл буюу цахим шуудан илгээсэн юм. Олон улсын Эрүүгийн цагдаагийн байгууллага (Интерпол)-ын дүрэм журмын дагуу аливаа этгээдийг эрэн сурвалжлах ажиллагаа болон бусад ажиллагааг тухайн улсын эрх бүхий байгууллагын зөвшөөрлийн дагуу явуулах зохицуулалттай байдаг аж. “Дүрэм журмаас гадуур дээрх захидал ирлээ. Тодруулж өгөөч” гэж Интерполын ерөнхий нарийн бичгийн даргын газраас манай хууль хяналтын байгууллагад Интерполын Монголын товчоогоор дамжуулан хүсэлт ирснээр энэ хэрэг анх илэрсэн юм. Улмаар АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс Э.Эрдэнэжамъянг албан өрөөндөө байхад нь 2012 оны аравдугаар сарын сүүлчээр мэдүүлэг авах гэснээс үүдэж, дуулиан дэгдсэн. Улмаар АТГынхан байцаалт авч чадалгүй буцсан түүхтэй. Энэ хэргийг АТГ-ынхан хуулийн хугацаанд шалгаж, яллах дүгнэлт үйлдүүлэн шүүхэд шилжүүлсэн бөгөөд шүүхээс нэмэлт мөрдөн байцаалтад буцаах, өмгөөлөгч нар хуралд оролцох боломжгүй болсон гэх зэрэг шалтгаанаар өдий хүртэл шийдэгдээгүй байсан юм.
Анхан шатны шүүх түүнд Эрүүгийн хуулийн 245 дугаар зүйлд заасан ял оноохдоо Э.Эрдэнэжамъянг харж үзсэн гэхэд хилсдэхгүй. Тус зүйл заалтын хоёр дахь хэсэгт “Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүн таслах ажиллагаанд санаатайгаар саад учруулсан хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасах буюу хасахгүйгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51-250 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, 300- 500 цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заажээ. Мэдээж Э.Эрдэнэжамъянг Хууль зүйн дэд сайдын нэрээр захидал бичээгүй бол Интерпол түүний захидлыг огт тоож үзэхгүй, манай хууль хяналтын байгууллагаас асууж тодруулах, хэсэг хугацаанд эрэн сурвалжлах ажиллагааг зогсоохгүй байсан нь лавтай. Хууль зүйн дэд сайд Эрдэнэбилэгийн Эрдэнэжамъян гэж нэр, албан тушаалаа онцолж байгаад захидал бичсэн нь яах аргагүй албан тушаалаа ашигласан үйлдэл. Тиймдээ ч шүүх энэ бүхнийг харгалзан, улстөрийн албан тушаал хаших эрхийг нь хоёр жил хассан байх. Шүүхийн шийтгэх тогтоол гармагц түүнийг албан тушаалаас нь чөлөөлөх ёстой гэх хүн ч байна.
Магадгүй шүүхийн тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй гэдэг утгаараа түүнийг албан тушаалаас нь чөлөөлөх хууль зүйн үндэслэл бий болсон гэж ойлгож болно. Зарим тохиолдолд шүүгдэгчид хорих ял оноосон тохиолдолд шүүх хурлын танхимаас Цагдан хорих төв рүү ачдаг. Үүнтэй адил шүүхийн тогтоол гарсан гуравдугаар сарын 31-ний 15.00 цагаас эхлэн Э.Эрдэнэжамъянг Хууль зүйн дэд сайдаас чөлөөлсөнд тооцож болохгүй гэж үү. Манай Эрүүгийн байцаан шийтгэх хуульд анхан шатны шүүх гэм бурууг нь тогтоосон, өөрөө гэм буруутайгаа хүлээсэн ч байсан дараагийн шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй байхаар хуульчилсан. Тиймээс энэ хүн шүүхийн шийтгэх тогтоолоо гардан авснаас хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхэд гомдол гаргах эрх нь нээлттэй байгаа. Давж заалдана гэдгийг нь МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба мэдэгдээд байна. Шийтгэх тогтоолоо ирэх долоо хоногт гардаж авна, давж заалдах гомдол гаргасаар байтал дөрөвдүгээр сар дуусна. Шүүх хэргийг 30 хоногийн дотор хянана, хурал товлоно, хүндэтгэх янз бүрийн шалтгаанаар хойшилно гэх зэргээр шүүхийн процесс явагдсаар байтал улстөрийн албан тушаал хаших эрхийг нь хассан нэг жил нь дуусна.
Хяналтын шатны шүүхэд гомдол гаргана, мөн л хугацаа хожих арга зам хэрэглэсээр байтал хоёр жил нь дуусаж, Э.Эрдэнэжамъян дэд сайдын суудалдаа шигдсээр 2016 оны сонгуультай золгох магадлал бий. Угтаа бол хууль зүйн салбар, тэр дундаа гэмт хэрэгтэй тэмцэх чиглэл хариуцдаг салбарын дэд сайд нь гэмт хэрэг илрүүлэхэд саад учруулж, улстөржиж, нэг хүний, нэг намын эрх ашгийн төлөө зүтгэж, гэмт хэрэг үйлдсэн нь түүнийг албан тушаалаас нь огцруулах хангалттай шалтгаан болчихоод байна шүү дээ.
Г.РАВЖАА