Япон Улсын буцалтгүй тусламжийн 6.1 тэрбум төгрөгийн хөрөнгийн санхүүжилтээр Багшийн хөгжлийн ордон барьсан ч уг мөнгөний талыг нь эрх мэдэлтнүүд завшсан хэргийг хууль хяналтын байгууллагынхан шалгаж буй. БСШУ-ы сайд асан Ё.Отгонбаярыг уг хэрэгт холбоотой хэмээн УМБГ-т шалгаж байгаа ч гол холбогдогч нь хил давж зугтсанаас мөрдөн байцаалт саатаад байгаа талаар эх сурвалж мэдээллээ. 6.1 тэрбум төгрөгөөс 3.8-аар нь барилга барьсан бөгөөд үлдсэн нь хаачсан нь мэдэгдэхгүй болсон энэ хэргийн мөрөөр ЭЦГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ажилтнууд орсон юм.
Мөрдөн шалгалтын явцад БСШУ-ы сайдын зөвлөхөөр ажиллаж байсан Цэнгүүн гэх эрийн дансанд дээрх мөнгө шилжиж, улмаар 80 гарсан эмээгийнхээ нэр дээр 600 сая төгрөгөөр нь үл хөдлөх хөрөнгө худалдан авсныг тогтоожээ. Цэнгүүн нь сайдын зөвлөх болохоосоо өмнө МИАТ компанийн Сөүл дэх төлөөлөгчөөр ажиллаж байсан аж. Ё.Отгонбаярт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсний маргааш нь тэрбээр дипломат паспортаар БНСУ руу гарсныг хууль хяналтын байгууллагынхан тогтоосон гэнэ.