БНСУ-ын Жүннам аймагт уржигдар шөнө автомашины осол гарч, машинд явсан зургаан монгол залуугийн дөрөв нь нас барсан талаарх мэдээлэл тус улсын мэдээллийн хэрэгслээр гарчээ. Үлдсэн хоёр залуугийн бие хүнд байгаа юм байна. Осол чухам юунаас болж гарсан, жолооч архи уусан байсан, эсэхийг шалгаж байгаа гэнэ.
Энэ талаар Гадаад харилцааны яамны хэвлэл мэдээллийн ажилтнаас тодруулахад “Манайд үүнтэй холбоотой мэдээлэл ирээгүй. Консулын газраас шалгаж байгаа” гэв. Харин БНСУ-д сурч буй манай улсын иргэн Б.Энхзул “Ийм осол гарсан талаар эндхийн сонин, сайт, зурагтаар гарсан. Дөрвөн хүн газар дээрээ нас барж, хоёрынх нь бие их хүнд байгаа гэнэ. Өөр хүн гэмтэж бэртээгүй бололтой. Машин их хурдтай явж байгаад шон мөргөсөн юм байх. Цагаан өнгөтэй машин юу ч үгүй эвдэрсэн байна лээ” хэмээн ярилаа.
Э.ЭРДЭНЭ