Булган аймгийн Цагдаагийн газар гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, шуурхай илрүүлэх зорилгоор Сэлэнгэ, Орхон, Хануй зэрэг томоохон гол мөрний гүүрэн дээр хяналтын камер суурилуулж байна. Аймгийн төвийнхөө ойролцоох Зоон даваанд камер суурилуулан, хойд чиглэлийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хянадаг болжээ. Тэгвэл одоо урд талаар зорчигчдын хөдөлгөөнийг хянахаар Баяннуур сумын нутгаар дайран өнгөрдөг Мянганы зам дээр тээврийн хяналтын төв байгуулах гэж байгаа аж.
Уг төвийн байрыг бариулахад шаардлагатай 85 сая төгрөгийг орон нутаг гаргажээ. Үүний өмнө Тэшиг, Хутаг-Өндөр, Могод сумын төвд камер суурилуулсан бол одоо Сэлэнгэ, Баяннуур, Сайхан, Бүрэгхангай, Хялганат, Хангал, Бугат, Орхон сумын төвийг камераар хянах гэж байна. Мөн аймгийн ИТХ-аас тогтоол гаргуулан, согтууруулах ундаа борлуулдаг, түүгээр үйлчилдэг 192 аж ахуйн нэгжийг камертай болгожээ.
Б.БУЛГАН