Согтууруулах ундаа худалддаг, түүгээр үйлчилдэг аж ахуйн нэгжүүдэд тавих хяналтыг эрчимжүүлж, хуулийн хэрэгжилтийг хангуулан, зөрчлийг тухай бүрт нь таслан зогсоох зорилгоор Баянгол дүүргийн Засаг даргын орлогч П.Цэцэгмаагаар ахлуулсан Ажлын хэсэг диско бааруудад гэнэтийн шалгалт хийжээ. Энэ талаар Баянгол дүүргийн Засаг даргын орлогч П.Цэцэгмаагаас тодрууллаа.
-“Турбо” цэнгээний газрын зарим ажилтныг саатуулсан гэсэн. Яагаад тэгсэн юм бол?
-Баянгол дүүргийн XIX хороонд байрлах “Турбо” диско баарны тусгай зөвшөөрлийг нийслэлийн Засаг даргын захирамжаар өнгөрсөн сарын 15-нд хүчингүй болгосон юм. Гэтэл тус баар нууцаар үйл ажиллагаа явуулж байсныг бид гэнэтийн шалгалтаар илрүүллээ. Тус баарны эзэн нь БНСУ-д эмчилгээнд явсан гэсэн мэдээлэл шалгалт хийхэд өгсөн. Тиймээс тусгай зөвшөөрөлгүй, зохион байгуулалттайгаар хууль бус орлого олсон гэх үндэслэлээр тэнд үйл ажиллагаа явуулж байсан долоон хүнийг цагдаагийн байгууллагаас саатуулсан юм. Харин тус баарны зохион байгуулагч Дамба гэдэг хүнийг Захиргааны хариуцлагын тухай хуулийн дагуу баривчлахаар цагдаагийн байгууллага нотлох баримт цуглуулж байна. Удаа дараа хууль зөрчиж, тусгай зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан тус бааранд дараагийн шатны арга хэмжээ авахуулахаар шүүхэд шилжүүлж, шаардлагатай тохиолдолд ус, цахилгааныг нь хязгаарлах арга хэмжээ авахыг төрийн зарим байгууллагад даалгасан.
-Тусгай зөвшөөрөлгүйгээр ажиллаад байгаа газар ганцхан “Турбо”- гоор зогсохгүй байх. Гэнэтийн шалгалт дахин хийх үү?
-Гуравдугаар сарын 26-ны шөнө мөн дүүргийн худалдаа үйлдвэр үйлчилгээний хэлтсээс гэнэтийн шалгалт хийсэн. Шалгалтаар тусгай зөвшөөрөл нь өнгөрсөн онд хүчингүй болсон “Хар сувд”, “Мишээл”, “Шаазгай”, “Ану марал” зэрэг баар үйл ажиллагаа явуулж байсныг илрүүлсэн. Цаашид тусгай зөвшөөрөлгүйгээр, хууль бус үйл ажиллагаа явуулж буй газруудад ажиллаж байгаа хүмүүст хуулийн хариуцлага хүлээлгэнэ.
Г.ЦОЛМОН