Барилгын компаниуд барьсан орон сууцаа ашиглалтад оруулаад харьяа орон сууц, нийтийн аж ахуй, эрчим хүчний газарт албан ёсоор хүлээлгэн өгөх ёстой. Гэтэл ингэлгүй, хууль бусаар орон сууцны контор, СӨХ байгуулан, үйл ажиллагаа явуулж байсны нэг жишээ нь “Пума констракшн” компани. Тус компанийн байгуулсан хуучнаар “Эв нэгдэл биднийх”, одоогоор “Пума өргөө” гэх орон сууцны контор иргэдээс орон сууц ашиглалтын төлбөрийг аж ахуйн нэгжийнхээр тооцон авч байсан.
Тиймээс “Пума констракшн” компанийн хууль бус контор, СӨХнд харьяалагдах зургаан байрны оршин суугчдын төлөөлөл асуудлаа шийдвэрлүүлэхээр шүүхэд хандсан юм. Тэгвэл уржигдар анхан шатны шүүх “Тус компани оршин суугчдын хохирлыг барагдуулж, хуулийн дагуу мэргэжлийн байгууллагуудад албан ёсоор хүлээлгэн өгч, хууль бус үйл ажиллагаагаа таслан зогсоох ёстой” гэсэн шийдвэр гаргасан байна.
Оршин суугчид барилгын компаниудын ийм хууль бус үйлдлийг таслан зогсоохоор дөрөв дэх жилдээ хөөцөлдөж, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, ШӨХТГ, нийслэлийн Иргэдийн эрх ашгийг хамгаалах байгууллага, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоонд хүртэл хандсан. Дээрх байгууллагууд барилгын компанийн буруу болохыг баталсан шийдвэр удаа дараа гаргасан ч тус компани үл ойшоож байв. Харин өдгөө шүүхээс нэгэнт ийм шийдвэр гаргасан тул тус компани хариуцлагаа хүлээх биз ээ.