Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн захирлын сэнтий “сүнстэй” бололтой. Анхнаасаа салбарын сайд нь энэ албан тушаалд өөрийн эрх мэдлээ ашиглан, Ц.Энхбаярыг сонгон шалгаруулалтгүйгээр залснаас үүдэлтэй, өнөөдрийн энэ бүх асуудал ар араасаа хөвөрч байна. Хоёр он дамнан дуншиж байж шинэ захиралтай болсон тус төв ахиад л эзэнгүй болох нь. Учир нь сонгон шалгаруулалтад ганцаараа тунаж үлдэн, энэ албан тушаалд томилогдсон, Хавдар судлалын үндэсний төвийн захирал асан А.Мөнхтайван өөрийн хүсэлтээр шинэ албанаасаа татгалзжээ. Тэрбээр уржигдар Эрүүл мэндийн сайд Н.Удвалд хандан, ГССҮТ-ийн даргын албан тушаалаас өөрийн хүсэлтээр татгалзаж буйгаа мэдэгдэн, өргөдлөө өгсөн байна.
Шалтгаанаа ар гэрийн гачигдалтай холбон тайлбарласан тухай Эрүүл мэндийн сайд өчигдөр Засгийн газрын 11-11 төвд ажиллах үеэрээ хэлсэн юм. Тэгэхээр Ц.Энхбаяраас өөр хүн ГССҮТ-ийн сэнтийд залрах ёсгүй юм уу. Эсвэл Н.Удвал сайд анхнаасаа Ц.Энхбаярыг томилсон шигээ түүнийг энэ суудалд нь үлдээхээр шийдсэн үү. Ингээд бодохоор Эрүүл мэндийн яамныхан Ц.Энхбаяртай нийлээд түмэн олны тархийг угааж, сонгон шалгаруулалт нэртэй хошиг шогийн олон үзэгдэлт жүжиг тоглосон байж таарлаа. Сонгон шалгаруулалт явуулсан ч Ц.Энхбаяр, зарлааг үй ч энэ хүн ГССҮТ-ийн захирлын албан тушаалаас ховхрохгүй байсан байж мэдэх юм. Хэрвээ А.Мөнхтайван эцэст нь нэрээ татах байсан юм бол анхнаасаа энэ сонгон шалгаруулалтад оролцохг үй байсан болов уу. Ажлаа авах гэж тус төвд хоёр, гурван удаа очиж, Ц.Энхбаяртай муур, хулгана болж тоглохгүй байсан нь ойлгомжтой. Хэдхэн хоногийн өмнө ажлаа авна гээд явж байсан хүн гэнэт шинэ албанаасаа татгалзсан нь олны дунд хардлага төрүүлж байна.
Түүнийг нэрээ татаж “дээрээс” дарамталсан гэсэн яриа байхад, Ц.Энхбаяр “Миний хүмүүсийг энэ эмнэлэгт хэвээр үлдээнэ гэвэл тамга тэмдгээ өгнө” гэж А.Мөнхтайванд санал маягийн юм тавьсан тухай Гэмтлийн эмнэлгийн ажилтнууд нь шивэр авир хийж байна. Иймэрхүү дарамтаас болоод шинэ дарга албан тушаалаасаа татгалзсан ч байж мэдэх юм. Ямартай ч А.Мөнхтайваны өргөдлийн хариуг Н.Удвал сайд сарын дотор шийдэж, хариу өгөх учиртай. “Энэ хугацаанд Ц.Энхбаяр ГССҮТийг удирдана. Түүнээс өөр орлочих хүн одоогоор алга” гэж ЭМЯ-ныхан хэлсэн юм. Уг нь түүнийг сайдын тушаалаар ажлаас нь чөлөөлсөн байдаг. Эрүүл мэндийн яам ажлаа хэрхэн хийдэг, сайдынх нь тушаал ямар ч үнэ цэнэгүй зүйл гэдгийг Ц.Энхбаярын үйл явдал тодоос тод харууллаа. 14 хоног биш юм гэхэд сарын дараа А.Мөнхтайваны хүсэлтийг хүлээж авсан тухайгаа ЭМЯнаас мэдэгдэх биз. Сарын дараа ГССҮТ-ийн захирлын сонгон шалгаруулалтыг дахин зарлана гэдгийг салбарын яамныхан ярьж байна.
Сонгон шалгаруулалтыг сарын хугацаатай зарлаж, журмын дагуу шалгаруултад тэнцсэн хүнийг 45 хоногийн турш шалгана. Тэгэхээр Ц.Энхбаяр дор хаяж гурван сар Гэмтлийн эмнэлгийг удирдаж таарна. Энэ ер нь юу л болоод байна вэ. Ард иргэдийг мангартуулж, мартагнуулж байгаад Ц.Энхбаярыг энэ албан тушаалд нь үлдээчих санаатай байгаа юм биш үү, Н.Удвал сайд. Дээгүүр халаа сэлгээ, томилгооны асуудал ярьж байх хойгуур тус төвийн эмч, ажилтнууд цалингаа ч авч чадахгүй байна. Дээрээс нь захиралгүй байх хугацаанд байгууллага хоорондын гүйлгээ тасарсан, эмнэлгийн эм тарианы хангамж тасалдахад хүрсэн талаар ГССҮТ-ийн клиникийн профессор Б.Бүргэд ярив.
О.БАТ-УНДРАХ