Чингэлтэй дүүрэгт болсон нөхөн сонгуулийн үеэр МАН-аас нэр дэвшигч Ц.Бугасүрэн, МАХН-аас нэр дэвшигч Н.Хишигсүрэн нар бусдаар дамжуулан мөнгө тараасан хэмээн хууль хяналтын байгууллагынхан шалгажээ. Улмаар Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны I шүүхэд Ц.Бугасүрэн, Ч.Батманлай, Н.Хишигсүрэн, Б.Гал-Эрдэнэ, Г.Сүхбаатар, Ш.Гантулга нарын зургаан хүнд холбогдох хэргийг өнгөрсөн долоо хоногт хэлэлцэн шийдвэрлэлээ.
Анхан шатны шүүхээс дээрх хүмүүсийг 2012 оны арваннэгдүгээр сарын 30-нд зохион байгуулагдсан Чингэлтэй дүүргийн IX хорооны ИНХ-ын гишүүдийг сонгох нөхөн сонгуулийн үеэр “Иргэний сонгох, сонгогдох эрхээ эдлэхэд, мөн сонгуулийн хорооноос зохион байгуулж буй үйл ажиллагаанд иргэдийн саналыг эд мөнгөөр татах, санал худалдаж авах аргаар саад хийсэн” гэм буруутайд тооцлоо.
Тухайлбал, МАНаас нэр дэвшигч Ц.Бугасүрэнг мөнгө тараах хэргийн захиалагч, МАХН-аас нэр дэвшигч Н.Хишигсүрэнг зохион байгуулагч, Б.Гал-Эрдэнэ, Г.Сүхбаатар, Ш.Гантулга, Ч.Батманлай нарыг мөнгө биечлэн тараасан гүйцэтгэгч хэмээн үзэж, Эрүүгийн хуулийн 130 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Ц.Бугасүрэн, Н.Хишигсүрэн нарыг төрийн албан тушаал эрхлэх эрхийг хоёр жилийн хугацаагаар хасан, дөрвөн сар, Б.Гал-Эрдэнэ, Г.Сүхбаатар, Ш.Гантулга, Ч.Батманлай нарын сонгуулийн үйл ажиллагаанд оролцох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, 3 сар 10 хоногийн хугацаагаар баривчлах ялаар шийтгэлээ.