Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын Хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг мөрдөх тасгийн ажилтнууд 2014 он гарсаар 24 хүнд холбогдох 11 хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Эдгээрийн дотор улсын хилээр мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис оруулж ирдэг, худалдан борлуулдаг, авч хэрэглэдэг хэд хэдэн залуусын хэрэг байгаа гэнэ. Мөн Монголд элбэг ургадаг хар тамхины төрлийн каннабис өвсийг боловсруулан худалддаг, худалдан авдаг залуус ч шалгуулж буй аж.
Баянгол дүүргийн II хорооны нутаг дахь нэгэн орон сууцны подвалд байрлах дуу бичлэгийн студийг хар тамхи, мансууруулах бодис хэрэглэгчдийн орогнох газар болгосон хэргийг шалгах ажиллагаа дуусаагүй байгаа аж. Харин зарим хэргийн мөрдөн байцаалт дуусаж, шүүхэд шилжүүлээд байгаа юм. Тухайлбал, Замын-Үүдийн хил гаалиар орж гарахдаа ГЕГ-т ажилладаг ээжийнхээ нөлөөгөөр шалгалтаар ордоггүй байсан Б гэх залууд холбогдох хэргийн мөрдөн байцаалт дуусчээ. Уг хэргийг аль шүүхээр шийдвэрлүүлэх харьяаллыг Улсын Дээд шүүх тогтоохоор болсон гэнэ.
Мөн улсын хилээр “мөс” хэмээх мансууруулах бодис оруулж ирсэн Ц.Амарзаяад холбогдох хэргийг Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны I шүүхэд хэлэлцэхээр болсон бол С.Цог, Ц.Эрдэнэбилэг нарын 12 хүнд холбогдох хэргийг хэлэлцэхээр товлосноо өмгөөлөгчөөс шалтгаалж хойшлуулаад буй билээ.