ТӨХ-ны дарга асан, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугар нарт холбогдох хэргийг Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын Эдийн засгийн гэмт хэрэг мөрдөх хэлтэст шалгаж буй билээ. Гэвч уг хэргийг прокурорын байгууллагаас түдгэлзүүлэх шийдвэр дахин гаргалаа. Учир нь Д.Сугарын Үндсэн хуулийн цэцийн гишүүний бүрэн эрхийг холбогдох байгууллагаас түдгэлзүүлэх шийдвэр гаргахгүй байгаагаас бүрэн эрхийнх нь хугацаа дуустал ийм арга хэмжээ авахаар болжээ. Түүнтэй хамт хэрэгт холбогдсон МИАТ-ын Токио дахь төлөөлөгчөөр ажиллаж байсан Л.Галт, Д.Сугарыг ТӨХ-ны даргаар ажиллаж байх үед тус хороонд эрх бүхий албан тушаал хашиж байсан С.Батхишиг нарын хэргийг түдгэлзүүлэх саналыг Дүүргийн прокурорын I газарт мөрдөн байцаах байгууллагаас хүргүүлж буй гэнэ.
Баттай эх сурвалжаас авсан мэдээллээр Д.Сугарын гэм буруутай хэд хэдэн үйлдэл нь нотлох баримтаар тогтоогдоод буй бөгөөд С.Батхишигийн оролцоо бага байдаг гэнэ. Харин Л.Галтын хувьд Японоос ирэхгүй байгаа нь хэргийг түдгэлзүүлэх санал хүргүүлэхэд нэрмээс болсон сурагтай. Д.Сугарыг ТӨХ-ны даргаар ажиллаж байхдаа албан тушаал, эрх мэдлээ ашиглан бусдад давуу эрх олгож, төрийн өмчийн объектуудыг хувьчилсан, МИАТ-ын удирдлагуудын мөнгө угаасан гэх хэрэгт буруутгаж байгаа юм. Тэрбээр ТӨХ-ны даргаар ажиллаж байхдаа МИАТ-ын гэх хэрэгт холбогдсон Ч.Хоролсүрэнд төрийн өмчийн хэд хэдэн объект, компанийг хууль зөрчин хувьчилсан нь шалгалтын явцад тогтоогдсон аж.
Тухайлбал, 2008 онд “Аэрогеодези” төрийн өмчит компанийг, ИНЕГ-ын харьяанд байсан Буянт-Ухаа дахь хуучин нисэх буудлын барилгыг Ч.Хоролсүрэнгийн компанид хуудуутай хувьчилсан баримт Аудит болон мэргэжлийн бусад байгууллагын шинжээчдийн дүгнэлтээр тодорхой болсон гэнэ.