Туркээс их хэмжээний алт, мөнгөн эдлэл авчраад гаалийн татвараас зайлсхийхийг завдсан А гэх хүнийг ЭЦГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ажилтнууд саатуулан шалгаж эхэллээ. Тэрбээр өнгөрсөн бямба гаригт Истанбул-Улаанбаатар чиглэлийн онгоцоор “Чингис хаан” олон улсын нисэх буудалд ирээд гаалийн хяналт шалгалтаар өөрөө болон авч яваа тээшээ оруулалгүй, гар тээшээ рентген аппаратаар ч уншуулалгүй улсын хил нэвтэрсэн аж. Тиймээс түүнийг хууль хяналтын байгууллагынхан шалгахад цүнхнээс нь гурван кг монетон, 12 кг мөнгөн эдлэл гарч иржээ.
Тэдгээр барааны гаалийн татварын дүн нь 20-иод сая төгрөгөөр үнэлэгдэж буй гэнэ. А нь “Мөнгөн завьяа” дэлгүүрт лангуу түрээслэн алт, монет, мөнгөн эдлэл худалддаг нэгэн аж. Түүнийг Буянт-Ухаа дахь гаалийн алба хаагчидтай хуйвалдсан байж болзошгүй гэж үзэж буй гэнэ. Түүнийг их хэмжээний татвараас зайлсхийсэн гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэхээр болсон бөгөөд шалгалтын явцад хээл хахуулийн хэрэг ч гарч ирж болзошгүй гэж эх сурвалжууд таамаглаж буй юм.