Гадаадаас ажиллах хүч оруулж ирдэг компаниуд хуурамч бичиг баримт бүрдүүлж байсан хэргийн мөрөөр ЭЦГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн шалгаж, зарим компанид эрүүгийн хэрэг үүсгэсэн талаар бид өмнө нь мэдээлж байсан. БНХАУ, БНАСАУ, БНСВУ-ын иргэд манай улсад ажиллахаар урин дулааны улиралд хэдэн зуугаараа орж ирдэг. Ингэж орж ирчихээд “Хойноос ирээд хот минийх, хотонд ирээд хонь минийх” гэгчээр аяглаж, тусгаар тогтносон Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчих, охид эмэгтэйчүүдтэй холбогдох, төрийн алба хаагчид халдах гээд янз бүрийн гэмт хэрэгт холбогддог. Гадаадын иргэд ингэж олноороо ажиллах виз аван орж ирж буй асуудлыг хууль хяналтын байгууллагынхан анхааралдаа авч, шалгаж эхэлсэн аж.
Шалгалтын явцад Хөдөлмөрийн яамны Хөдөлмөр эрхлэлт, үйлчилгээний төвд 2012-2014 оны хооронд аж ахуйн нэгж байгууллагууд нийгмийн даатгалын болон бусад холбогдох бичиг баримтыг хуурамчаар үйлдэж өгч байсан нь илэрчээ. Зарим компаниуд ямар ч барилга барьж үзээгүй хэрнээ хятад ажилчид олноор оруулж ирсэн баримт ч цугласан аж. Ингэж хууль зөрчихөд нь төрийн байгууллагын ажлын уялдаа холбоо сул байдаг нь зохих хэмжээгээр нөлөөлдөг аж. Тухайлбал, захирлаас өөр ямар ч ажилтангүй, хоосон тайлан гаргадаг компани хүний хаяж гээгдүүлсэн бичиг баримт ашиглан олон ажилтантай мэтээр баримт бүрдүүлж, гадаадаас ажиллах хүч авах квотоо нэмэгдүүлдэг байсан нь тогтоогджээ. Ингэж оруулж ирсэн хар ажилчдаа барилгын компаниудад “шахаж”, дундаас нь ашиг олж байсан гэнэ.
Энэ талаар прокурорын байгууллагын эх сурвалжаас тодруулахад “Нэр бүхий хэд хэдэн компанийнхан гадаадаас ажиллах хүч оруулж ирэхдээ мөрдлөг болгодог хууль тогтоомжийг зөрчин, хуурамч бичиг баримт үйлдэж, дотоодын ажиллах хүчнийхээ тоог хуурамчаар нэмэгдүүлэн, зохих байгууллагаас зөвшөөрөл авдаг байсан гэх хэргийг ЗБГХТГ-ын Эдийн засгийн гэмт хэрэг мөрдөх хэлтэст шалгаж байгаа” гэлээ. Уг хэрэгт Хөдөлмөр эрхлэлт үйлчилгээний төвийн Гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах албаны ажилтнууд болон зарим компанийн удирдлагыг холбогдуулан шалгаж буй юм байна.
Г.РАВЖАА