Цирк тойрсон маргаан 15 хоног үргэлжилж байна. Үнэндээ бол маргах шалтгаан саяхных ч юм биш. Бүр олон жилийн өмнөөс буглаж, идээлсэн шарх сэдэрсэн хэрэг. Циркийн тухай дурсамж л ярих олон түмэн хоёр тал болон маргалдаж, их аварга Асашёорюү Д.Дагвадорж, ШӨХТГ-ын дарга О.Магнайгийн өмнөөс хэдэн өдөр цэц булаалдлаа. Циркийн урлаг гэдэг бол ганцхан тэр дугуй барилга биш юм. Хорь гаруй жил соёлын бодлого орхигдсоны балгаар төсвөөс мөнгө “сордог” нэрээр адлагдсан Монгол Улсын цирк өнөөдөр үгүй болж, итгэл сэтгэлээрээ энэ урлагт үнэнчээр зүтгэж яваа 400-гаад уран бүтээлчид хаашаа, хэнд хандахаа мэдэхгүй төөрсөн хүүхдүүд шиг энд тэндгүй хөглөрч явна. Нэгэн цаг үед тэднийг “Та нар урлагийн охь манлай шүү” хэмээн хөхиүлэн дэмжиж, Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналтнууд, ардын болон гавьяат жүжигчид олноор төрж байв. Одоо бол циркчид “орхигдсон ертөнц” болсон. Циркийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хэдэн студи, төрийн бус байгууллага, холбоо, хувийн циркүүдийн дунд бөмбөг шиг өнхөрч, хонгилын үзүүрт гэрэл харагддагт итгэн тэнүүчилж яваа.
Улсын цирк 2008 онд хувийн өмчид шилжсэн. Менежментийн гэрээнд үндэслэн худалдах, худалдан авах гэрээ хийснээр “Аса” групп энэ барилгыг эзэмшин Монголын үндэсний цирк гэгчийг байгуулжээ. Гэхдээ циркийн урлагийн уналт, доройтол бүрийг зөвхөн өмч хувьчлалтай холбох нь ч өрөөсгөл. Орон зай шаарддаг, нарийн дэгтэй учраас гэнэтхэн бэлтгэлийн байргүй болчихсон олон жүжигчдийн бухимдал хувьчлалыг буруутгах эх болсон. Энэ хувьчлал хуудуутай байсан тухай олон баримт дэлгэж байсан бол өдгөө үйл ажиллагаагаа хэвийн түвшинд явуулахгүй байна гэдэг зэм хүртээж байна. Цирк бол орон зай, цаг хугацаа, хөрөнгө оруулалт шаардсан, жүжигчний авьяасыг сорьсон мэргэжлийн урлагийн сонгодог төрөл. Тиймээс мөрөөдсөн болгон циркийн жүжигчин болж, хүссэн бүр циркийн урлагийг хөгж үүлж чадахгүй. Гагцхүү төрийн бодлого, зохицуулалт л хэрэгтэй.
МОНГОЛД ЗОЧИЛСОН ЦИРКИЙН ТҮҮХ
Хамгийн эртний урлагийн төрлүүдийн нэгд тооцогдох циркийн урлагтай монголчууд 1941 онд танилцжээ. Эртний хадны сүг зургууд, Монголын газар нутгаар аялж байсан аялагчдын тэмдэглэлд цирктэй төстэй спорт, урлагийг хослуулсан урлаг байсныг нотолдог ч 1935 онд Уран биеийн тамирын сургуулиар дамжиж циркийн урлаг Монгол Улсад албан ёсоор нэвтэрчээ. Монгол Улсын Засгийн газар, Зөвлөлтийн мэргэжилтэн багш нар, Урлагийн хэрэг эрхлэх газрын туслалцаатайгаар 50 гаруй хүнийг 1940 оны тавдугаар сард нэг жилийн хугацаатай суралцуулан төгсг өж, анхны тоглолтыг нь 1941 оны долдугаар сарын 9-нд Яармагийн наадмын талбайд хийжээ. 2000 хүний суудалтай задгай цэнгэлдэх хүрээлэнд цугласан хүмүүс мэргэжлийн монгол циркчдийн анхны тоглолтыг үзэж, алга ташин шагшин магтсан түүхтэй. Түүнээс хойш хэдхэн хоногийн дараа Улсын цирк байгуулах шийдвэр гарч, 1942 онд өвлийн байртай болж, хожим нь 1971 онд 1750 хүний суудалтай шинэ циркийн барилгыг ашиглалтад оруулжээ.
Шинэ барилгыг Румыний хөрөнгө оруулалтаар барьсан гэдгийг ч олон хүн мэднэ. Циркийн урлагийг өнгөрсөн зуунд төрийн бодлогоор дэмжин, хөгжүүлж байсны үрээр манай жүжигчид мэргэжлийн ур чадвараараа дэлхийд тавдугаарт эрэмбэлэгдэж, байнгын тоглолттой байдаг Улсын цирк бусад урлагийн байгууллагаас орлогоороо тэргүүлдэг байв. Ийнх үү өөрийгөө санхүүжүүлэх чадалтай, байнгын үзэгчтэй байдгаас нь болж Улсын циркийг төсөвт байгууллагын тооноос хасах шийдвэр гарсан байж ч мэдэх юм. Гэхдээ өөрчлөлт шинэчлэлтийн ид үе буюу 1990-ээд онд гаргасан энэ шийдвэр зөв байгаагүй. Энэ үед аль ч мэргэжлийн урлагийн байгууллага үзэгчдээр “цангаж” байсан. Жүжигчдээ цалинжуулж, мал амьтнаа тэжээнэ гээд циркийн зардал өндөр. Тиймээс чухамхүү энэ үеэс л Монголын циркийн урлаг ганхаж эхэлсэн юм. Буруу шийдвэрээ эргэн харж, Улсын циркийг төсөвт байгууллагын тоонд эргүүлэн авч, хэвийн үйл ажиллагаатай болгохыг хожуу ч гэсэн оролдсон ч эцэстээ менежментийн хувьчлал руу түлхсэн билээ.
ХУВЬЧЛАЛЫН ДАРААХ ЗУРГААН ЖИЛ
Улсын төсвөөс жил бүр 350 орчим сая төгрөг авч үйл ажиллагаа явуулдаг байсан энэ байгууллагыг “Аса” групп менежментийн гэрээгээр хувьчилж авснаар санхүүгийн дарамтыг багасгасан байж болох ч ямар ч бодлогог үй орхигдуулах эх үндэс тавигдсан байж мэднэ. Монголын үндэсний циркийг байгуулснаасаа хойш тэд 3.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, 1971 оноос хойш их засвар хийгдээгүй байсан циркийг бүрэн шинэчилсэн гэдэг. Гэхдээ цирк бол зөвхөн байшин биш. Төр засаг ч байшин хувьчлаагүй. Байшинг үйл ажиллагаатай нь сэргээн өөд тат гэж менежментийн хувьчлалын гэрээ хийсэн. Харамсалтай нь “Аса” групп аятайхан байшин авчихлаа гэж бодсон бололтой юм. Байшин нь хувьчлагдаж, жүжигчид нь ажилгүй болсоор таван оныг үдэж, 2013 онтой золгосон.
Шинэ Засгийн газрын бүрэлдэхүүнд ССАЖЯ байгуулагдахад циркчид “Одоо л нэг биднийг олж харна” хэмээн горьдсон ч тэд дахиад л таг чиг. Ирээдүй хойчдоо сэтгэл зовнисон циркчид үе үехэн сайдын хаалгыг тогшиж, царайчилдаг ч нэмэр болсон нь үгүй. Монголын жүжигчид авьяастай, дэлхийд дээгүүр үнэлэгдэх чадвартай. “Эцэг эхдээ хаягдсан өнчин хүүхдүүд” шиг үлдсэн тэд Монте Карлогийн наадам, Учаогийн олон улсын циркчдийн наадмаас шагнал хүртэж, Гиннесийн амжилт тогтоож байна. Эсвэл циркчдийг ийм амжилт гаргадаг болохоор нь “болоод л байна” гэж хардаг юм болов уу.
Шинэчлэлийн Засгийн газрын соёлын бодлого хариуцсан яам өнгөрсөн жил “Хуучин цирк”-ийн байрыг авч, сүмийн зориулалтаар ашиглах шийдвэр гаргасан. Энэ байрыг Циркийн сургуулийн бэлтгэлийн байр хэмээн албан ёсоор нэрлэдэг ч 2008 онд “гэрээсээ хөөгдсөн” циркийн жүжигчид энд л толгой хоргодож, дэлхийд гайхуулсан амжилтаа гаргаж яваа юм. Өнгөрсөн намар Циркийн сургуулийн удирдлагууд болон ахмад жүжигчид ССАЖ-ын дэд сайд М.Түмэнжаргалтай уулзаж, ярилцсанаар байрандаа өвлийн турш бэлтгэл хийх эрхтэй болсон юм. Одоо бол өнөө маргаашгүй хөөгдөхөд бэлэн байгаа.
Сайдын шийдвэрээр “Хуучин цирк”-ийн байрыг чөлөөлөх ажлын хэсэг байгуулагдчихсан. Монголын циркчдийн холбоо, Ахмад циркчдийн холбоо, “Шинэ цирк” төв, Монголын үндэсний цирк, “Хадгаа” циркийнхэн хамтран саяхан хэвлэлийн бага хурал зохион байгуулж дөрөвдүгээр сард Монголын циркчдийн чуулган хийхээр болсноо зарласан. Өдрийг нь одоо хүртэл товлоогүй яваа нь яамтай л холбоотой. “Та нар чуулганаа хийчих, тэгээд дараа нь шийвэр гаргана” хэмээн зөвлөс өн ССАЖЯ-ны удирдлагууд одоо хүртэл тэдэнд чуулган хийх цөөхөн хэдэн төгрөгийг нь шийдэж өгөөгүй байна. Хөдөө орон нутгаас ирэх уран бүтээлчдийн зардал, хоёр өдөр чуулах танхимын асуудлаас болоод циркчид яамнаас мөнгө гуйж байгаа.
БОДЛОГОГҮЙН БАЛГААР...
Хүмүүс цирк үздэг байснаа дурсан ярихаас биш Монголын өнөөгийн циркийн урлагийн өнгө төрхийн талаар мэдэх ч үгүй яваа. Өсөн торниж байгаа багачууд бол бүр ч гадарлахгүй. Өнгөрсөн жил “Дэлхийн цирк Монголд” тоглолтыг Монголын циркийн хөгжлийн төвөөс зохион байгуулахад тоглолт болохоос долоо хоногийн өмнө тасалбар нь дуусаж, үзэгчид циркийн гадна урт дараалал үүсгэж байсан. Монголчууд циркийн урлагаар “цангаж” буйн тэмдэг энэ. Монголд үйл ажиллагаа явуулдаг жижиг, том цирк, студи, хамтлаг олон байгаа ч тэдний дунд жүжигчдэдээ тогтмол цалин өгдөг нэг ч байгууллага байхгүй. Тиймээс Монголын циркийн жүжигчид богино хугацаанд бэлтгэл хийж чанартай, чанаргүй нь хамаагүй нэг үзүүлбэртэй болоод Турк, Тайвань, Энэтхэг, аз нь таарвал Европт очиж гэрээгээр ажиллахыг л эрхэмлэж байна. Тэдэнд эх оронд нь орон зай үгүй болсон учраас тэр. Харьд очсон монгол циркчид хаа очиж чадвараа бүрэн хэмжээнд үнэлүүлдэг.
Нүүдлийн шувууд шиг амьдардаг энэ олон жүжигчдийн ард бууриа сахин үлдэх гэр бүл, үр хүүхдүүд нь бий. Хамгийн багадаа зургаан сараар гэрээ орхин тоглолтоор явдаг циркийн жүжигчдийн амьдрал ахуй ийнхүү ундуй сундуй болж гүйцлээ. Циркчид залуу насны эрч хүчээр л уран бүтээлээ туурвидаг. Хүнд хэцүү сонгодог төрөлд хүч сорьж байгаа тэднийг 20 жил ажиллуулаад тэтгэвэрт гаргадаг. Хэчнээн хичээвч насны эрхээр тэтгэвэрт гарахаас өөр аргагүй болдог нь хууль. Хэрүүл маргаан болоод байгаа Монголын үндэсний циркийн байранд бэлтгэл сургуулилтаа хийж яваа жүжигчид тэтгэврийн хэдэн төгрөгтэй үлдэхийн тулд л амаа үдүүлсэн мэт дуугүй байхаас ч өөр аргагүй. Энэ бол нэг л тал нь. Энэ маягаараа бол Монголын циркийн урлагийн нэр хүнд, залгамж халаа үгүй болох нь. Ард нь харин ашиг хонжоо хайгчид тэдний нэрээр хоолоо олж идэж байна. Хөдөө орон нутгаар хэний ч танил биш “циркийн жүжигчид” тоглолт хийж, сургууль цэцэрлэгийн хүүхдүүдээс мөнгө хураасаар явна. Тийм хүмүүсийн тоглолтыг жирийн үзэгч бүү хэл хүүхдүүд ч голж “Цирк гэж ийм юм байдаг бол үзээд яах юм” гэж байгаа сурагтай.
Ажилгүй болсон зарим жүжигчид, эсвэл тэдний хамаатан садан, хэн дуртай нь циркийн дугуйлан хичээллүүлж, мэргэжлийн бус аргаар сургалт явуулснаас уран нугараач болох гэсэн бяцхан охидыг нурууг бэртээж, хүсэл мөр өөдлийн даль жигүүрийг нь хугачиж байгааг юугаар зөвтгөх юм бэ. Төр нь мартсан циркийн урлагийг түмэн олон нь мартахад ойрхон болжээ. Маргаан дагуулан бужигнаж байгаа Монголын циркийн урлагт маргааш гэж байна уу.
Ж.СОЛОНГО