Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны I шүүх Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамъянд холбогдох хэргийг өчигдөр хэлэлцэхээр товлосон байсан ч энэ сарын 31-нийг хүртэл хойшлууллаа. Учир нь түүний өмгөөлөгч О.Сайнгэрэл хүндэтгэх шалтгааны улмаас шүүх хуралд оролцох боломжгүй гэдгээ мэдэгдсэн аж.
Шүүх хурлын эхэнд ирц бүртгэхэд О.Сайнгэрэл өмгөөлөгчийн хүсэлтийг хурлын нарийн бичиг танилцуулсан бөгөөд шүүгдэгч дэд сайд “Өмгөөлөгчгүйгээр шүүх хуралд оролцохгүй. Хууль ёсны эрх ашгаа хамгаалуулахын тулд өмгөөлөгчөө байлцуулна” гэжээ. Шүүх бүрэлдэхүүн өмгөөлөгч болон шүүгдэгчийн хүсэлтийг хүлээн авсан байна.
Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамъяныг мөрдөн байцаалтын ажиллагаанд саад учруулсан гэсэн үндэслэлээр Дүүргийн прокурорын I газраас яллагдагчаар татаж, хэргийг нь шүүхэд шилжүүлсэн юм. Тэрбээр албан тушаалаа ашиглан, Интерполд захидал бичиж, олон улсад эрэн сурвалжилж буй сэжигтэн Б.Хуяг, Н.Энхтуяа нарыг эрэн сурвалжлахаар авсан арга хэмжээгээ зогсоохыг хүссэн юм. Дэд сайдын энэ үйлдлийг Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр нарт холбогдох хэргээс тусгаарласан хэргийн мөрдөн байцаалтад саад учруулсан гэж буруутгаж буй юм.