Толгойтын эцсийн буудлын хажууханд амьдардаг нэгэн айлыг том оврын автобусаар дайрч, багагүй хохирол учруулсан хэрэг өчигдөр гарлаа. Тэнд өчигдөр 11.30 цагийн үед биднийг очиход хот хоорондын зорчигч тээврийн 55-17 УБЕ дугаартай автобусаар айлын гэр, хашааг дайрсан байлаа. Автобусыг гэрээс холдуулж, хэдэн залуу эд ангид нь засвар хийж байв. Тэр айлын хашааны банз хугарсан, гэрийн баруун тал чихэгдэж, хатавчных нь хана, унь хугарсан төдийгүй гэрийн эд хогшлууд эвдэрсэн харагдлаа. Гэрийн эзэд зүүн талдаа унтаж байсан тул азаар гэмтэж, бэртээгүй байна.
Автобусны жолооч гэж өөрийгөө танилцуулсан эр ихэд бухимдсан бололтой “Би автобусаа хашааныхаа үүднээс алдсан. Хайж яваад энд айлын гэр дайрсан байхыг олсон”, “Би өөрөө автобусаа жолоодож яваад санаандгүй осол гаргачихлаа. Гэрийн эздийг хохиролгүй болгоно. “Тэнгэр”, “Соёмбо” даатгалд даатгуулсан, тэднийхнээс хүн ирж хэмжилт хийгээд явлаа. Бид хоорондоо зохицсон тул та нарт хамаагүй” гээд зөрүүтэй зүйл ярьж биднийг халгаасангүй. Тэр ч бүү хэл зургийг нь авсан иргэдийн гар утсыг булааж, авсан зургийг нь устгаж, машиных нь дугаарыг тэмдэглэн, “Нийтэд мэдэгдвэл зүгээр орхихгүй шүү” хэмээн сүрдүүлжээ.
Гэрийн эздээс болсон явдлын талаар тодруулах гэсэн ч мөн л мэдээлэл өгөхөөс татгалзаж, “Хохирол барагдуулж өгнө гэсэн. Тиймээс юм яримааргүй байна” гэв. Хэдийгээр хоёр тал хоорондоо тохиролцоод салж болох ч энэ явдлаас хүний амь эрсэдсэн бол энэ мэтээр хав дараад өнгөрөх байсан уу, амьд явах баталгаа хаана байна вэ, гэртээ унтаж байгаад хэн нэгний хариуцлагагүй үйлдлийн золиос болох нь байна гэсэн асуулт гарч байна.
Г.ЭРДЭНЭБАЯР