Улаанбаатар-Хөх хотын чиглэлийн суудлын 682 дугаар галт тэрэгний зургадугаар вагонд энэ сарын 10-ны өдөр зорчиж явсан БНХАУ-ын иргэн Ван Жикү, Ян Зилан, Ван Жүн, Ви Сонг нар Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон эд зүйл авч яваад баригджээ. Бугын 750 гр цусан эвэр хууль бусаар хил давуулахыг завдсан энэ хэргийг Замын-Үүд дэх төмөр замын шалган нэвтрүүлэх албаны ажилтнууд илрүүлж, хориотой барааг нь хураан авч, хууль зөрчсөн хятадуудыг шалгуулахаар Хилийн тагнуулын албанд шилжүүлсэн байна.
Амьтан, түүний гаралтай түүхий эдийг иргэн, аж ахуйн нэгж, байгууллага худалдах, худалдан авах, цуглуулах, хадгалах, хилээр гаргахыг 2012 онд батлагдсан Амьтны тухай хуулиар хориглосон. Энэ хуулийг зөрчсөн этгээдийг тухайн амьтныг агнасан, барьсантай адилтган үзэж, хариуцлага тооцдог. Тухайлбал, халиун бугын гарал үүслийн тодорхойлолтгүй, нэг хос цусан эвэр худалдан авсан хүнд 13.2 сая төгрөгийн нөхөн төлбөр ногдуулж, нэмж торгууль төлүүлдэг.
Х.ЭРХЭМ