Хууль хяналтын байгууллагын зарим ажилтны гаргасан ааш авир, үйлдлээс харахад Монголын түүхэнд бараанаар тэмдэглэгддэг хэлмэгдүүлэлтийн сүүдэр өнөөдөр ч амь бөхтэй оршсоор буй мэт санагдах болов. Шинэ цагийн хэлмэгдүүлэлтийг биеэр амссан олон хүн үүнийг баталдаг юм билээ.
Хэдийгээр сайн, сайхан цаг ирсэн ч хэлмэгдүүлэлтийн гэх он жилүүдийнх шиг бараан үйл явдлууд нэг бус удаа гарч байна, ялангуяа хууль хяналтын байгууллагуудад. Манайд 70-аад жилийн тэртээ өрнөсөн хэлмэгдүүлэлтэд лам, хар, жирийн малчин, ажилчнаас эхлээд том мяндаг, тушаалтан хүртэл өртөж, “Бүгд найрамдахаа” уншуулж, нэг хэсэг нь шоронд, нөгөө хэсэг нь шороонд булуулж байсныг бид мартах учиргүй. Тэдний олонх нь хилс хэрэг хүлээж, До яамныхан ямар нэг аргаар ял тулган хүлээлгэж байсан түүхтэй.
Үүн шиг үйл явдал шинэ цагийн Монгол Улсад өрнөж, нэг бус хүн хэлмэгдэн хилс хэрэгт унаад байна. Хамгийн сүүлд гэхэд кино найруулагч Г.Бадамрагчааг түүний уран бүтээлийн хамтрагч болох О.Цэнгэл гэх өвөрмонгол иргэний хамтаар төрийн эсрэг гэмт хэрэг өдүүлсэн хэмээн 16-25 жил хорих ялаар шийтгэх заалттай зүйл ангиар буруутгав. Тагнуулын байгууллагын нэгэн албан тушаалтан гүйцэтгэх ажлын техникээ буруугаар ашиглаж, шантааж хийх хэрэгсэл болгосны гороор уран бүтээл туурвиж байсан залуус ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид дөрвөн сарыг бие, сэтгэлийн дарамт дунд өнгөрөөсөн хэмээн хэвлэлд өгсөн ярилцлагадаа Бадамрагчаа дурдсан. Тодруулбал, Г.Бадамрагчаагийн хөл хүндтэй эхнэрийг нь “Хорино, цагдана, хүүхэдтэй болохыг чинь харъя” хэмээн сүрдүүлж, буу тулгаж байснаас үзвэл 1930-аад оны хэлмэгдүүлэлтийн үргэлжлэл тухайн үеийн До яамны залгамж болсон тагнуулын байгууллагад одоо ч байгааг тод харуулна бус уу. Түүнчлэн Өвөрмонголын иргэнийг манай хуулийг мэдэхгүйг нь далимдуулан өрөөнд нь хэн нэгнээр зодуулж, хавиргыг нь гэмтээн, хээр аваачиж буу тулган ялын тогтоол уншиж, айлган хэрэг хүлээлгэсэн зэргээс нь үзвэл 70 жилийн өмнөх аргаа тагнуулын байгууллагынхан хэрэглэсэн хэвээр байна уу гэлтэй.
Тагнуулын байгууллагынхан олон жилийн түүхэндээ өөрийнхөө алба хаагчдыг ч хилс хэргийн золиос болгож байсан. Түүнийхээ адилаар мөр зэрэгцэн ажиллаж асан хурандаа В.Нямхандыг мөн л хилсээр ял шийтгүүлэхээр эрүүгийн хэрэг үүсгэн шүүхэд шилжүүлж байсан. Ингэж хоёр жилийн турш хэрэгтний ширээний ард сууж, шалгуулахад нь тухайн байгууллагын дотоод зөрчил, албан тушаалтнуудынх нь бие биедээ өс санасан харилцаа нөлөөлсөн гэдгийг учир мэдэх хүмүүс хэлэх юм билээ. Харин шүүх энэ бүгдийн учрыг олж, хужрыг тунгаасны дүнд тагнуулын байгууллагынхны хилсээр хэрэг хүлээлгэх гэсэн оролдлогыг хэрэгсэхгүй болгон цагаатгасан юм.
Хүчээр хэрэг хүлээлгэх явдал зөвхөн тагнуулын байгууллагаар тогтохг үй, мөрдөн байцаах чиг үүрэг бүхий бусад байгууллагад ч бийг олон баримтад тулгуурлан хэлж болно. Завханы Эрдэнэ-Очир, Хэнтийн Батширээтийн галдан шатаагч, “Фүүд Ланд”-ын хэргийн холбогдогч залуус гээд хийгээгүй хэргийнхээ төлөө олон сар жилээр байцаагдаж, хорихын хүйтэн ханан дунд шар махтайгаа хатаж байв. Гэтэл онц ноцтой хэрэг илрүүлсэн хэмээн зарим хүн цол, албан тушаал дэвшиж, төрийн хайр хишиг хүртэн энгэрээ мялааж байсан түүх саяхных. Жирийн иргэд хилс хэрэгт холбогдсоныхоо төлөө зарим нь шоронд амь үрэгдэж, зарим нь цаазын ял сонсон сэтгэл санаагаар хохирч байсан жишээ ч мундахгүй. “Фүүд Ланд”-ын хэргийн холбогдогчдын нэг нь зодуулснаасаа болж, хорих өрөөндөө нас барсан. Батширээтийн галдан шатаагчийг хэрэг хүлээлгэхийн тулд ухсан нүхэнд олон хоногоор хорьж, зодож дарамталсаар хүчээр хэрэг хүлээлгэсэн гэдэг. Гэвч шүүх гэм буруутайг нь нотолж чадаагүй, одоо болтол шалгасаар байгаа билээ. Бусдын амь насыг хохироосон хэрэгт холбогдсон Завханы Эрдэнэ-Очир гэх хүн долоон удаа цаазын ял сонссоны эцэст Дээд шүүхээс цагаатгасан түүхтэй.
Тэртээх он жилүүдэд өс санасан нэгнийхээ талаар До яамны төлөөл өгчид худал мэдээлэл бичиж, хуудуутай баримт цуглуулан өгснөөр тухайн хүнээс бүрмөсөн хагацаж чаддаггүй юмаа гэхэд хэдэн жил шоронд цоожлуужл дөнгөдөг байсан гэдэг.
Харин өнөө цагт албан тушаал, эрх мэдлийн төлөө бусдыг хэлмэгдүүлж, өөрөө гэмээ цайруулах гэсэн оролдлого байсаар байна. Бусдаас хээл хахууль авсан гэм буруутай нь гурван шатны шүүхээр тогтоогдож, ялаа эдэлсэн этгээд хорихоос суллагдсаныхаа дараа танил тал, нутаг нугаараа далимдуулан өргөдөл гаргаж, АТГ-ын мөрдөн байцаагч болон Эрүүгийн цагдаагийн хоёр ажилтныг хилс хэрэгт гүтгэсэн. Хуулийн төдийгүй төрийн бүх байгууллага авлигаас ангид байх хэрэгтэйг дээр доргүй ярьж байхад авлигын хэрэгт ял шийтгүүлсэн эр ажилдаа буцаж орохын тулд ийн бусдыг хүнд гэмт хэрэгт гүтгэж, Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албанд шалгуулсан. Улмаар шүүхэд шилжүүлсэн ч гурван шатны шүүх АТГ-ын мөрдөн байцаагч, ЭЦГ-ын хоёр ажилтныг гэм буруугүйг тогтоон цагаатгасан юм. Харин бусдыг хилс хэрэгт гүтгэж, бусдаас хахууль авсан хэргээр ял шийтгүүлсэн нөхөр өнөөдөр Засгийн газарт дээгүүр алба хашсан шигээ сууж байгаа нь шинэ цагийн хэлмэгдүүлэлтийн бодит дүр төрх гэлтэй.
Түүнээс гадна МИАТ-ын гэх хэргийн холбогдогчдод ял шийтгэхдээ анхан болон давж заалдах шатны шүүх холбогдогчдыг хилсдүүлсэн гэж олон хуульч үздэг юм билээ. Учир юу хэмээвээс хэрэглэхээ больсон хуулийн заалтыг буцааж хэрэглэдэггүйг хуулийн сургуулийн захын оюутан хэлдэг. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүх, прокурорын байгууллагынхан улс төрийн захиалгаар хэрэгсэхгүй болсон хуулийн заалтыг хэрэглэсэн нь шинэ цагийн хэлмэгдүүлэлтийн нэгэн жишээ болсон аж. Харин Дээд шүүх үүнийг нь засаж залруулаагүй бол, хилс хэргээр ял эдэлсэн хүмүүсийн тоог МИАТ-ын гэх хэргээр хөрөнгө завшсан албан тушаалтнууд нэмэх байсан бололтой.
Уг нь мөрдөн байцаагч, прокурор, шүүхийн алдаатай шийдвэрийн улмаас хохирч, хилс хэргээр ял шийтгүүлсэн, мөрдөгдсөн, цагдан хоригдсон хүмүүсийн хохирлыг төр барагдуулах ёстой. Завханы Эрдэнэ-Очир, “Фүүд Ланд”-ын хэрэгт хилсээр шалгуулсан залуус л төрөөс хохирлоо гаргуулж авсан гэдэг. Хилс хэрэгт хэлмэгдсэн олон хүн хохирлоо нэхэмжилж, авсан эсэх нь тодорхойгүй. Монгол Улсын Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн дөрөв дэх хэсэгт “Хууль бусаар яллагдагчаар татагдсан, ял шийтгүүлсэн, баривчлагдсан, саатуулагдсан буюу гадагш явахгүй гэсэн баталгаа өгсөн, захиргааны журмаар баривчлагдсан этгээдийн зөрчигдсөн эрхийг сэргээсэн тохиолдолд түүнд учирсан хохирлыг хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор болон шүүгчийн буруутай, эсэхээс үл хамааран төр хариуцан арилгана”. Түүний дараачийн хэсэгт “Учирсан гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй” гэж заасан байгаа. Харамсалтай нь хүмүүсийг хилс хэрэгт татсан албан тушаалтнуудыг төр шагнаж, урамшуулсан уу гэхээс, төрд учирсан хохирлыг буцааж гаргуулаагүй.
Энэ мэтээр хууль хяналтын байгууллагынхан хилс хэрэг тулгах гэсэн оролдлого нэг бус удаа гарч байгаа бол албан тушаалтнууд өөрийн хүмүүсээр багаа бүрдүүлэхийн тулд жирийн алба хаагчдыг ажлаас нь үндэслэлгүйгээр халж, чөл өөлж байгаа нь шинэ цагийн хэлмэгд үүлэлтийн бас нэгэн баримт биш гэх үү. Ажлаасаа халагдсан хүм үүсийг ажилд нь эргүүлэн авах тогтоол шүүхээс гарчихаад байхад зарим нь огт хэрэгжүүлэхгүй, эсвэл нэг өдөр ажиллуулаад буцаан халдаг нь хэлмэгдэгчдийг дахин хилсдүүлэв үү гэлтэй.
Д.ДАЙЧИН