Залилан мэхлэгчид ихэнхдээ өндөр албан тушаалтнуудын нэр барьж, бусдыг хохироох нь бий. Нэгэн худалдааны төвийн захирал А-д газар зарна хэмээн 250 мянган ам.доллар залилсан хэргийн мөрөөр бид эргэн сурвалжиллаа. Энэ хэргийг үйлдсэн этгээдүүд УИХ-ын гишүүн, МАН-ын дарга М.Энхболдын нэрийг ашигласан юм. Нийслэлийн Засаг дарга байсан түүний нэрийг ашиглан газар олж өгнө хэмээн залилан мэхлэх тохиолдол нэг бус удаа гарчээ. Энэ хэргээс өмнө УИХын гишүүн асан Д.Дондог нарын хэргийн холбогдогч нэг эр мөн л М.Энхболдын нэрийг барьж бусдыг хохироосон. Худалдааны нэгэн төвийн захирал А-гаас мөнгө авч залилсан хэрэгт холбогдуулж, ЭЦГ-аас Э.Ариунсанаа гэдэг хүнийг эрэн сурвалжилж буй ч үнэн хэрэгтээ энэ хүнд хохирогч тал ямар ч мөнгө өгөөгүй гэнэ. Баян-Өлгий аймгийн харьяат А.Тимур болон “Ремикон” компанийн гүйцэтгэх захирал гэж өөрийгөө танилцуулсан Э.Мөнхсайхан нар ашигтай байрлалд газар авч өгнө хэмээн 250 мянган ам.долларыг нь авсан аж. Өдгөө энэ хэргийг Мөрдөн байцаах газарт шалгаж буй юм.
ХЭРЭГ ИНГЭЖ ЭХЭЛЖЭЭ
2013 оны эхээр бетон зуурмагийн “Ремикон” үйлдвэрийн гүйцэтгэх захирал, УИХ-ын гишүүн М.Энхболдын гарын хүн, хуульч Э.Мөнхсайхан, “Эрхүүгийн амралтын төв”-ийн менежер ба “Орос байшин” компанийн хөрөнгө оруулагч А.Тимур гэж өөрсдийгөө танилцуулсан залуус худалдааны төвийн захирал А-тай ажил дээр нь очиж уулзжээ. Тэд “Олимп” хотхоны дэргэд 0.7, 1.9, 3.0 га гурван газар байна. Та авахгүй юу” хэмээн санал болгожээ. “Алтай” центрийн удирдлага үүнийг нь нэг их ойшоогоогүй аж. А.Тимур нутаг нэгтнүүдтэйгээ орж гарч явсаар түүнтэй нэлээд дотноссон байна. Ингэж байхдаа “Нэг компанид 0.7 га газраа зарчихлаа. Урьдчилгаа болгож 300 ам метр үл хөдлөх хөрөнгө болох орон сууц, 100 мянган ам.доллар авчихаад явж байна” гээд мөнгөний баримт болон үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ үзүүлжээ. Нэлээд хэд хоногийн дараа 3.0 га газраа өөр нэг компанид худалдлаа. Урьдчилгаа төлбөрт нь 2013 оны долдугаар сард ашиглалтад орох 12 байр авлаа хэмээн байр захиалгын гэрээ үзүүлж гайхуулсан нь А-д итгэл төрүүлжээ.
Хотын төвд шахам байрлах, өндөр үнэтэй газрыг удаа дараа худалдаж байгаа гэсэн А.Тимур, Э.Мөнхсайхан нарын үгэнд захирал А үнэмшиж эхэлсэн байна. Үүнийг нь мэдсэн тэд “Та газар авах бол яаравчлахгүй бол үлдсэн ганц газрыг маань хүмүүс сонирхоод байна” хэмээжээ. Нэг нь бетон зуурмагийн томоохон компанийн захирал, нөгөө нь нутгийн дүү, бас ч гэж гайгүй ажил хийдэг болохоор тэдний үгэнд үнэмшсэн аж. Улмаар хэлсэн газрыг нь очиж үзэхэд “Олимп” хотхоны дэргэд хашаа барьсан 1.9 га газар үнэхээр байсан гэнэ. Газрын “наймаачин” хоёр эр “Энэ газрын үнэд орон сууц, автомашин оролцуулж болно. Гэхдээ бид танаас эхний ээлжинд 250 мянган ам.доллар урьдчилгаа болгож авмаар байна. Үлдсэн мөнгийг нь та график гаргаад төлж болно” гэжээ.
“БИД ГАЗРЫН НАЙМААГ 16 ЖИЛ ХИЙЖ БАЙГАА”
Үл хөдлөх хөрөнгө буюу газрын наймаанд мэргэшсэн гэх А.Тимур, Э.Мөнхсайхан нарын үг, үйлдэлд нь итгэсэн А захирал “Та нар газрын үнэд орон сууц оролцуулж болно гэсэн шүү дээ. Надад бэлэн хоёр орон сууц байна. Үүнийгээ төлбөрт нь оролцуулъя” гэж. Хариуд нь Э.Мөнхсайхан “Урьдчилгаа нь заавал бэлэн мөнгө байх ёстой. Бид энэ наймааг 16 жил хийж байгаа. Та бидэнд найдаж болно. Болохгүй бол мөнгийг чинь буцаагаад өгнө шүү дээ” гэж ятгажээ. Ингээд тэд тохиролцож, гэрээ хийхээр болж, Э.Мөнхсайхан гэрээний төсөл бэлтгэн А-д авчирч өгчээ. Газар санал болгосноос хойш хоёр сарын дараа буюу 2013 оны гуравдугаар сарын 19-нд тэд гэрээ байгуулан, 250 мянган ам.доллараа Э.Мөнхсайхан, А.Тимур нар бэлнээр нь авчээ. Удсан ч үгүй тэр хоёр хүн энэ луйвраа эртнээс төлөвлөж, зохион байгуулсан нь тодорхой болжээ. А.Тимур, Э.Мөнхсайхан нараас газар худалдан авсан гэх хоёр компанийн удирдлагатай хохирогч уулзахад хуурамч бичиг баримтаар гэрээ байгуулсан төдийгүй, залилсан нь тодорхой болжээ. Тэднийг залилсныг мэдсэн хохирогч А захирал шүүх цагдаадаа тулаад яах вэ гэж бодон мөнгөө эргүүлж өгөхийг хүсэн Э.Мөнхсайханы ажил дээр очиход “Бидний ард том хүмүүс бий. Тэд арыг минь хамгаална гэсэн. Биднийг шоронд явуулчихаад хараад сууж байхгүй. Та нар өгдөг газраа өг, биднээс юу ч олж долоохгүй” гэжээ. Ингээд цагдаагийн байгууллагад өрг өдөл гаргажээ. Энэ хооронд А.Тимур байр, орон сууцаа худалдаж, хил давахаар бэлтгэж байсан гэнэ.
Хохирогч А: ЗАЛЬТ ЭТГЭЭДҮҮДИЙГ ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГЫНХАН ТАНИЛ ТАЛААРАА ХААЦАЙЛЖ БАЙНА
Бусдын онц их хэмжээний мөнгийг залилан авсан зальт этгээд үүдийг хууль хяналтын байгууллагынхан баривчилж, ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид хорьсон боловч прокурор төд удалгүй суллаж, цагдан хорих тогтоолоо хүчингүй болгосон байна. Энэ тухай хохирогч А “Биднээс юу ч олж долоохгүй, явдаг газраараа яв” гэж тэдний хэлсэн үг үнэн байжээ. Цагдаа, прокурорын байгууллагын зарим ажилтан яаж ажилладгийг харлаа. 2013 оны дөрөвдүгээр сард эрүү үүсгэсэн энэ хэргийг нэг жилийн дотор хоёр удаа түдгэлзүүлж, мөн тоогоор сэргээж, харьяаллыг нь өөрчлүүлсэн боловч өнөөг хүртэл шийдэгдсэнгүй. Мөрдөн байцаах ажиллагаа прокурорын нөлөөллийн улмаас гацчихаад байна. Э.Мөнхсайханы садангийн хүн нь прокурор гэж дуулдсан. Түүгээр ч үл барам өмгөөлөгч нь гавьяат хуульч эмэгтэй байна лээ. Түүний нөхөр Нийслэлийн прокурорын газарт дээгүүр алба хашдаг юм гэсэн. А.Тимурын ах дүү нар ч гэсэн хуулийн байгууллагад ажилладаг дуулдсан. Энэ хэргийг хоёр удаа түдгэлзүүлэхдээ Э.Мөнхсайхан, А.Тимур нарыг Э.Ариунсанаа гэдэг хүнд мөнгө өгсөн гэсэн шалтгаанаар хэргийг удаа дараа түдгэлзүүлээд байгаа. Долоон жилийн турш эрэн сурвалжилж байгаа энэ хүн олдохгүй нь ойлгомжтой. Тэд өмгөөлөгчтэйгөө нийлж, Э.Ариунсанаа гэгчид хэргийг чихэх санаа олсон бололтой. Энэ нь цаагуураа зальт этгээдүүдэд ял завшуулах гэсэн үйл ажиллагаа гэж хардаж байна. Би Э.Ариунсанаа гэдэг хүнийг огт танихгүй, уулзаж байгаагүй. Энэ хүнд мөнгө өгөөгүй. Надаас 250 мянган ам.доллар авсан хүн нь Э.Мөнхсайхан, А.Тимур нар. Тэд надаас авсан мөнгөө өгч, хохирлыг маань барагдуулахын оронд, найз нөхдөд минь “А захирлыг дуусгана” гэж ярьж явна гэсэн. Би мөнгө тоолж хүлээн авсан Э.Мөнхсайхан, А.Тимур нараар хохирлоо барагдуулахаар цагдаагийн байгууллагад хандсан. Хууль хяналтын байгууллагын зарим ажилтан шударга хандсан бол энэ хэрэг аль хэдийнэ шийдэгдчих байсан. Эдгээр зальт этгээдийг шалгаад өгөөч гэхээр прокурорууд авч хэлэлцэхгүй юм. Цаашид тэд юу хийх бол гэхээс айх боллоо. Жирийн иргэний хувьд хуулийн байгууллагад итгэх итгэл маань алдарч байна” гэлээ. Авсан өгсөн нь тодорхой энэ хэрэг бүтэн жил болоход шийдэгдэхг үй, мөрдөн байцаагч, сэжигтний өмгөөлөгч, прокурор нь нэг тал болчихоод гэмт этгээдүүдийг хаацайлж байгаа нь үнэн бол Хууль зүйн сайд, Улсын ерөнхий прокурор энэ асуудлыг анхааралдаа авах хэрэгтэй болов уу.
Г.РАВЖАА