МИАТ-ын захирлаар ажиллаж байсан хүмүүсийн өдүүлсэн мөнгө угаах гэмт хэргээс өмнө гадаадынхан манай улсын банкуудыг ашиглаж хууль бус хөрөнгөө цэвэршүүлээд гаргасан цөөнгүй тохиолдол байна. Заримыг нь хууль хяналтын байгууллагынхан шалгаж, түдгэлзүүлсэн юм. Тухайлбал, тагнуулын байгууллага Беларусийн иргэн Соловьевыг 2-3 жилийн турш шалгаж, ОХУ-аас ирэх баримт материалыг хүлээн түдгэлзүүлчихээд байгаа. Түүнээс өмнө “Транс” банкны удирдлагад ажиллаж байсан гадаадын иргэд мөнгө угаасан байж болзошгүй байгаа юм.
Тэд эрүүгийн хэрэгт шалгуулж байхдаа оргосноос болж тухайн хэргийг түдгэлзүүлээд буй. Бидэнд олдсон мэдээллээр уг хэргийг сэргээн шалгахаар болж байгаа сурагтай. Гэтэл “Транс” банкны хөрөнгө оруулагч гадаадын иргэн хилийн чанадаас манай хууль хяналт болон төрийн байгууллагыг доромжлоод сууж байгаа нь хачирхалтай.
В.АРМИН МОНГОЛЫН ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУДЫГ ДОРОМЖИЛЛОО
Дөрвөн тэрбум төгрөг байсан арилжааны банкуудын дүрмийн санг Монголбанкнаас хоёр дахин нэмэгдүүлэх босго тавьсан нь жижиг банкны удирдлагуудыг мөнгөний эрэлд хатааж, хөрөнгө оруулагч хайх аянд мордуулсан түүхтэй. Энэ үеийг гадаадынхан ашиглаж, Монголд хууль бус мөнгөө цэвэршүүлээд гаргаад авах аятайхан боломж бүрдсэн гэлтэй. Тиймээс Швейцарийн иргэн Армин Виедеркер одоогийн “Транс” банк буюу Тээвэр хөгжлийн банкны 51 хувийг худалдан авч хөрөнгөө оруулахаар болсон юм. Үүнээс хойш тус банкаар дамжуулан гадаад эр мөнгө угаасан байж болзошгүй баримт илрээд буй. Түүнийг эрүүгийн хэрэгт сэжигтнээр шалгах болоход ум хумгүй хил даван алга болсон билээ. Тодруулбал, “Транс” банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан А.Е.Новожиловыг хуурамч баримт бүрдүүлэн банкнаасаа 290 сая төгрөг луйвардсан хэрэгт шалгаж, мөрдөн байцаалтаар уг мөнгийг завшсан нь тогтоогдсон байдаг. Тэр үед ажил олгогч В.Армины хувийн “Инфрастракчер” компанид банкныхаа байрны нэг давхрыг худалдан авч өгч, улмаар маш өндөр үнээр буюу зургаан сарын хугацаанд 131 сая 900 мянган төгрөгөөр түрээслүүлсэн байгаа юм. Энэ мэт баримтад тулгуурлан мөрдөн байцаах байгууллагаас В.Арминыг шалгахаар болж хилээр гарах эрхийг нь хязгаарласан юм. Гэвч тэрбээр хил даван зугтаж, хилийн чанадаас манай улстөрчдөд хөрөнгөө бэлэглэж сууна.
Тодруулбал, “Оюуны ундраа” группийн С.Отгонбаяр болон түүний дүү С.Амарсайхан нарт “Инфрастракчер” компаниа бэлэглэжээ. Энэ нь манай улсын хуулийг зөрчөөд тогтохгүй, Төвбанкийг ч доромжилж байгаа үйлдэл юм. Уг нь “Аливаа этгээд дангаар болон холбогдох этгээдийн хамт Төвбанкны зөвшөөрөлгүйгээр нөлөө бүхий хувьцаа эзэмшигч болсон нь хяналт шалгалтаар тогтоогдсон бол уг этгээдийн тухайн хувьцааны саналын болон ногдол ашиг авах эрхийг түдгэлзүүлж, хувьцааг сүүлд авсан дарааллаар 30 хоногт багтаан хуульд заасан хязгаарлалтад хүрэх хэмжээнд албадан худалдахыг Монголбанк шаардана” гэсэн хуулийн заалт байгаа. Хэрэв банкны хувь эзэмшигч болох гэж буй бол банкны хувь нийлүүлэгчдийн зөвлөлд өргөдөл бичиж хувь нийлүүлэгчдийн хурлыг хуралдуулах ёстой аж. Гэтэл нууц байдлаар худалдсан байгаа юм.
“Оюуны ундраа” группийн удирдлага “Транс” банкны 51 хувийг эзэмшихийн тулд хэд хэдэн оролдлого хийж, улайран зүтгэж буй гэх. Эхлээд тэд “Инфрастракчер” компанийн хувьцааг дөрвөн тэрбум 280 сая төгрөгөөр худалдан авах гэрээ байгуулж үзсэн байна. Хувьцаа худалдах, худалдан авах гэрээгээ нууцаар байгуулжээ. Гэвч энэ гэрээ нь хууль бус болохыг МҮХАҮТ-ын дэргэдэх Арбитрын шүүхээр тогтоосон байгаа юм. Банкны тухай, Компанийн тухай хууль болон “Транс” банкны дүрмийг зөрчиж байгуулсан энэ гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоон, улмаар Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрээр “Инфрастракчер” компанийн хувьцаа эзэмшигчээр В.Арминыг буцаан тогтоож, “Оюуны ундраа” группийг бүртгэлээс хассан байна. Ингэж хууль зөрчсөн Хувьцаа худалдах, худалдан авах гэрээг хүчингүй болготол В.Армин “Оюуны ундраа”-тай Бэлэглэлийн гэрээ гэгчийг байгуулжээ. Энэ гэрээнд В.Армин болон “Оюуны ундраа” группийн ерөнхий захирал С.Амарсайхан нар гарын үсэг зурж баталгаажуулсан байгаа юм. Энэ группийг байгуулсан С.Отгонбаяр нь УИХ-ын гишүүн, Онцгой байдлын сайдаар ажиллаж байсан, АН-ыг бараадсаныхаа дараа Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар томилогдсон улстөрч гэдгийг монголчууд бүгд мэднэ. Харин түүний дүү С.Амарсайхан нь МАН-д элсэж, улмаар 2012 оны сонгуульд Нийслэлийн ИТХ-д нэр дэвшин сонгогдсон залуу улстөрч. Бэлэглэлийн гэрээ нь мөн л хууль зөрчсөн үйлдэл болоод байгаа юм. Гэтэл хамгийн сүүлд В.Армин С.Амарсайханыг “Инфрастракчер” компанийнхаа гүйцэтгэх захирлаар томилох шийдвэрийг хилийн чанадаас гаргасан байна.
Монголын залуу улстөрч, хувийн компанийн захирал хүн гадаадын хэн нэгэн этгээдийн байгуулсан компанийн захирлаар томилогдсон нь гайхмаар. Ийм хачирхалтай үйлдлүүдийг В.Армин гаргаж, Монголын хууль, төрийн байгууллагуудыг хилийн чанадаас доромжилж байгааг юу гэх вэ. Уг нь В.Армин “Инфрастракчер” компанийнхаа гүйцэтгэх захирлаар өөрийнхөө өмгөөлөгч Р.Батрагчааг мөн л хилийн чанадаас томилж байсан бөгөөд Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулиар өмгөөлөгчийн эрх нь хаагдах гээд байсан тул тэрбээр өөрөө хүсэлт гаргаж, гүйцэтгэх захирлын албан тушаалаас чөлөөлүүлсэн аж. Үүний дараа С.Амарсайханыг дээрх албан тушаалд томилжээ.
ОРОСУУДТАЙ НИЙЛЖ, ХУУРАМЧ ХАДГАЛАМЖ НЭЭН МӨНГӨ УГААВ
В.Армин “Транс” банкны 51 хувийг эзэмшсэнээс хойш тус банкаар дамжуулан оросууд хэд хэдэн удаа сэжигтэй гүйлгээ хийжээ. Энэ нь нийтдээ 300 сая гаруй ам.доллар байсан гэнэ. Бидэнд олдсон мэдээллээр В.Армин, А.Е.Новожилов, тус банкны дэд захирлаар ажиллаж байсан ОХУ-ын иргэн А.М.Паращак, Ю.Н.Коннов нар мөнгө угааж байсан бололтой. “Транс” банкинд тэд Монголд оршин сууж буй 30 гаруй хүний нэр дээр хадгаламж нээж, уг 300 сая ам.долларыг хуваан байршуулж, түр хадгалж байгаад ОХУ руу шилжүүлсэн аж. Монголын нэг жижиг банкийг дэлхийн хэмжээний, Швейцарийн банк шиг болгох төлөвлөгөөтэй, швейцарь, орос захирлуудын зорилго огт өөр байсан нь үүнээс үзэхэд тодорхой болж байна. Тэдний зорилго бол “Транс” банкаар дамжуулан мөнгө угаах байсан бололтой. Үүнийгээ ч биелүүлсэн юм.
Мөн дээрх 300 сая ам.доллараас гадна Кипрээс орж ирсэн 200-гаад сая төгрөгтэй тэнцэх хэмжээний долларыг үл хөдлөх хөрөнгө худалдан авах замаар угаасан байна. Улмаар “Дель та” төвийн хоёрдугаар давхрыг өөрийн банкиндаа өндөр үнээр түрээслүүлж, нэг ам метр талбайг 14 ам.доллараар түрээслүүлж байснаа үнээ нэмж 25 ам.доллар болгосон байдаг. Ингэснээр түрээсийн төлбөрт 131 сая төгрөг банкнаасаа гаргуулж өөрөө авсан байдаг нь хууль бус мөнг өө цэвэршүүлэх нэгэн арга нь байсан бололтой. Энэ мэтээр Кипрээс олон сая доллар шилжүүлэн энэ банкаар дамжуулан угаасныг манай хууль хяналтынхан хэзээ хойно нь мэдсэн юм. Ийн мэдсэнийхээ дараа А.Е.Новожиловын хэрэгт холбогдуулж, В.Арминыг шалгахаар хилийн хориг тавьсан байна. Тэрбээр Монголд ирж хэвлэлийн бага хурал хийлгэж, “мөнгө угаагаагүй” хэмээн өөрийгөө хаацайлсных нь маргааш өдөр НПГ-аас эрүүгийн хэрэгт шалгах тогтоол гарган, улмаар цагдаа, хилийн албанд мэдэгдсэн ч А.Е.Новожилов шигээ оргоод алга болсон юм. Тэрбээр хэвлэлийн бага хурал хийлгэснийхээ дараа хоёр хоног “Оюуны ундраа” компанийн нэгэн зочид буудалд нь байрлаж байгаад Москвагийн онгоцоор ниссэнийг цагдаагийнхан тогтоосон аж.
Энэ бүх баримтаас үзэхэд “Оюуны ундраа” группийнхэн “Транс” банкны 51 хувийг эзэмшихийн тулд В.Армин болон А.Е.Новожилов нарыг оргоход тусалсан байж магадгүй гэж хардах хүмүүс ч байна.