Улсын ерөнхий прокурор Д.Дорлигжав өчигдөр сэтгүүлчдэд олны анхаарал татсан Г.Алтанхүүгийн болон “Гал үндэстэн” хөдөлгөөний Ц.Мөнхбаяр нарын хэргийн талаар мэдээлэл хийлээ. Тэрбээр “Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дээрх хоёр хэргийн талаар янз бүрийн зүйл гарч байгаа тул өнөөдрийн энэ тодруулга мэдээллийг хийж байна” гэлээ. Тэрбээр “Г.Алтанхүүд холбогдох хэргийн талаар хүмүүсийн сэтгэл санааг түгшээж, зовоосон маш их мэдээлэл гарч байна. Тэдгээрийн зарим нь нотолгоогүй, үнэн байдалд нийцэхгүй байгаа юм. Мөрдөн байцаалтаар Г.Алтанхүү талийгаачтай хамтран амьдарч байсан, хамтдаа наргиж цэнгэж, цэнгээний газраар явдаг байсныг найз нөхөд, үеэлүүд нь баталдаг.
Архи уусан үедээ Г.Алтанхүү талийгаач бүсгүйд гар хүрсэн тохиолдлууд бий. Нас барсан шалтгаан нь цөсний сувгийн гэмтлийн улмаас цөс нь шүүрч, хэвлийд их хэмжээний шингэн хуримтлагдаж, элэг бусад эрхтэнд нь нөлөөлж нас барсан гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан. Энэ эмэгтэйг гурван өдрийн турш тасралтгүй зодож амь насыг нь бүрэлгэсэн гэх мэдээлэл цахим ертөнцөөр гарсан. Бодит байдал дээр тийм зүйл болоогүй. Нас барахаас 2-3 хоногийн өмнө талийгаач бүсгүйн үеэлүүд гэрт нь очсон юм билээ. Тэгэхэд “Г.Алтанхүү компьютерт юм хийгээд, хохирогч бүсгүй зурагтаар солонгос кино үзээд сууж байсан” гэсэн мэдүүлэг байгаа. Эндээс үзэхэд гурав хоногийн турш зодсон гэдэг нь ташаа. Харин цөсний сувгийн гэмтэл гаднын нөлөөтэй үүссэн гэдэг нь тодорхой байгаа. Энэ гэмтэл Г.Алтанхүүд зодуулсанаас болсон уу, үгүй юу гэдгийг тогтооно. Г.Алтанхүү өмнө нь талийгаач эмэгтэйг зодож байсан гэдэг нь нотлогдож, эрүүгийн хэрэг үүссэн.
“Гал үндэстэн” хөдөлгөөний тэргүүн Ц.Мөнхбаяр нар Эрүүгийн хуулийн 177 дугаар зүйлд зааснаар шүүхээс ял шийтгүүлсэн. Энэ хүмүүст оноосон ял хүнд байна гэж хэвлэлээр янз бүрээр ярьж, бичиж, санаа бодлоо илэрхийлсэн. Хуулийн байгууллага шүүх, прокурор өнөөд өр үйлчилж байгаа хуулийн хүрээнд ажиллаж байна. Бодоод байхад энэ болохгүй юм байна гээд хууль давсан шийдвэр гаргаж болдоггүй. Энэ хүм үүс шийдвэр гаргуулахын тулд төрийн байгууллагад нөлөөлөх гэж буу шийдэм, тэсрэх бодис авч явсныг олон түмэн мэдэж байгаа. Тиймээс өнөөдөр мөрдөж буй Эрүүгийн хуулийн зүйл заалттай улсын яллагчийн санал болгосон ял яв цав нийцэж байна.
Хамгийн доод хэмжээгээр шүүх ял шийтгэсэн байна лээ. Энэ хүмүүст оноосон ял хүнддэж байна гэвэл удахгүй УИХ-аар хэлэлцэх гэж буй Гэмт хэргийн тухай хуулиар авч үзнэ үү гэхээс биш одоо мөрдөж буй хуульд зааснаар өөрчлөх ямар ч зүйл байхгүй. Эрх зүйн шинэтгэлтэй холбоотойгоор УИХ-аас шинээр баталж буй зарим хууль амьдралд хэрэгжүүлэхэд бэрхшээл, саадтай тулгарч буй учраас зарим зүйлийг эргэж анхаарах нь зүйтэй гэж Улсын ерөнхий прокурорын хувьд би санал бодлоо илэрхийлсэн. Гэтэл үүнийг тойроод янз бүрийн буруу, зөрүү мэдээлэл гарах болов. Хүмүүсийн хоорондын сөргөлдөөн ч юм шиг, одоо хийж буй эрх зүйн шинэчлэлийг зогсоох ч юм шиг ойлголт төрүүлж байна. Төрийн албыг залгуулж байхдаа санал нийлэхгүй зүйлээ хэлэх нь байдаг л асуудал. Эрх зүйн шинэчлэл зогсох ёсгүй, харин засаж, залруулах зүйл байгаа бол засах ёстой” гэлээ.