Сэлэнгэ аймгийн Алтанбулаг дахь боомтын гаалийн улсын байцаагч нар импортын бараа ачсан машинаас татвар авалгүйгээр хилээр оруулсан гэсэн мэдээлэл гарсан юм. “Дээрх мэдээллийн мөрөөр гаалийн байцаагч нарыг шалгасан. Ямар нэгэн зөрчил илрээгүй. Гомдол гаргасан хүнтэй холбоо барьж чадаагүй учир гүтгэлгийн шинжтэй мэдээлэл байжээ гэж үзлээ” хэмээн ГЕГ-ын дарга О.Ганбат өчигдөр сэтгүүлчдэд мэдэгдэв.
Гаалийн байгууллагад 1128 байцаагч ажиллаж байгаагаас өнгөрсөн онд 384, энэ оны нэгдүгээр улиралд 314 байцаагчийг сэлгэн ажиллуулжээ. Өргөсөн тангаргаа зөрчиж, ноцтой зөрчил гаргасан 14 байцаагчийг 2013-2014 онд чөлөөлж, үүрэг даалгавраа хангалтгүй биелүүлсэн, ажлын цагаар согтууруулах ундаа хэрэглэсэн 62 байцаагчид албан тушаал бууруулах, эрх хасах, сануулах арга хэмжээ авсан байна. Гаалийн боомтод гарсан зөрчлийн илрүүлэлт 24, Замын-Үүдийн боомтод 30 хувь нэмэгдсэн байна.
Бичиг баримт хөнгөвчлөх зорилгоор Гашуунсухайтын боомтоор гаргаж буй нүүрсэнд цаасгүй буюу цахим бүрдүүлэлт хийгээд долоо хонож буй аж. Мэдээлэл өгөх үеэр гаалийн байгууллагын ажилтан асах гэх Б.Оюунцэцэг “Би гаалийн байгууллагад 14 жил ажилласан. ГЕГ-ын дарга О.Ганбат түүний хүүхэд, дүү, ГЕГ-ын Хууль сахиулах, худалдааг хөнгөвчлөх газрын дарга Ё.Бат-Эрдэнэ нарын хүмүүс 1.2 кг хар тамхи Монголын хилээр оруулсан. Би энэ талаар удахгүй хэвлэлийнхэнд нотлох баримт гаргаж өгнө” хэмээн ярьсан нь сэтгүүлчдийг гайхашруулав.
Хэвлэлийн хурлын дараа ГЕГ-ын Хууль сахиулах, худалдааг хөнгөвчлөх газрын дарга Ё.Бат-Эрдэнээс зарим зүйлийг тодрууллаа.
-Танай байгууллагад ажиллаж байсан Б.Оюунцэцэг таныг О.Ганбат даргатай хамтран хилээр хар тамхи оруулж ирсэн гэлээ. Энэ мэдээлэл үнэн үү?
-Хэрвээ 1.2 кг хар тамхи оруулсан бол юу гэж ажлаа хийгээд явж байх вэ. Өдийд шоронд орчихсон байгаа шүү дээ. Хууль хяналтын байгууллага шалгаж тогтоох биз.
-Б.Оюунцэцэг тантай ямар нэгэн өс хонзонтой юм уу. Яагаад ийм зүйл ярих болов?
-Хоёр жилийн өмнө Б.Оюунцэцэгийг ГЕГ-ын хэвлэлийн төлөөлөгчөөр ажиллаж байхад нь би Төрийн захиргаа, хүний нөөцийн хэлтсийн дарга байсан юм. Тэр үед ажлаа арав хоног тасалсан тул, цалинг нь өгөөгүй. “Цалингаа авна” гэж хэрүүл хийхэд нь “Тайлангаа бичээд ир” гэхэд тал нүүр юм бичсэн цаас авчирсан. Би цалинг нь олгоогүй. Үүнээс үүдэн ажлын өрөөнд зүй бус үйлдэл гаргаж, ширээ сандал өшгөчиж, шөнө нь гэрт очиж хаалга балбасан. Жилийн өмнө шалтгаангүй ажил тасалсан гээд халагдсан хүн л дээ. Тэрэнд л хорсоод бид хоёрыг ингэж гүтгэж байгаа бололтой.
-Замын-Үүдийн боомтоор монгол эмэгтэй БНХАУ руу галт зэвсэг гаргах гэж байгаад баригдсан. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?
-Гурван монгол эмэгтэй, нэг эрэгтэйн хамт ангийн буу задлаж ачаандаа нууж гаргах гэж байгаад БНХАУ-ын гаалийн байцаагч нарт баригдсан. Энэ хэрэг Тагнуулын ерөнхий газарт шилжсэн. Тэндээс дэлгэрэнгүй мэдээлэл өгөх байх.
Т.БОЛОР-ЭРДЭНЭ