Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчинд ажиллаж буй офицер, ахлагч нарт зориулсан 380 айлын орон сууцыг ХөМоТэ хэмээх компаниар бариулахдаа хууль зөрчиж, барилгын гүйцэтгэлийг үл харгалзан 10.4 тэрбум төгрөг шилжүүлсэн хэрэгт тус яамны удирдах албан тушаалтнууд, ГХЯ-ны Консулын газрын захирал, тухайн үед БХЯ-ны Төрийн захиргаа, удирдлагын газрын даргаар ажиллаж байсан Ш.Сүхбаатар нарыг Авлигатай тэмцэх газраас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаад байгаа. ХөМоТэ хэмээх компани нь УИХ-ын гишүүн асан, өдгөө ГХЯ-нд үүрэг гүйцэтгэгч Элчин сайдын алба хашиж буй Б.Батбаярын хүүгийнх бөгөөд урьд нь тендерээр хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлж байсан аж.
Улсад тэрбум гаруй төгрөгийн хохирол учруулсан гэх асуудалд холбогдоод байсан энэ компанийг барилгын тендерт шалгаруулахыг хориглон Сангийн яамнаас анхааруулж байсан гэдэг. Гэвч БХЯ-ны тухайн үеийн сайд, удирдлагууд энэ анхааруулгыг үл тоон дээрх компанийнхнаар барилгаа бариулах болж, дөрвөн жил шахам болоод байхад ашиглалтад өгөөгүйгээр барахгүй, техникийн зарим нөхцөлөө аваагүй байсан аж. Тэгвэл БХЯ-ны удирдах ажилтан, хурандаа нараас гадна нярав, нягтлангууд нь ч АТГ-т шалгуулж эхлээд байгаа талаарх мэдээлэл таржээ.
Гадаад харилцааны сайд Л.Болдыг Батлан хамгаалахын сайдын алба хашиж байхад БНХАУ-ын буцалтгүй тусламжаар энхийг сахиулагчдад зориулсан Нөхөн сэргээлтийн төв байгуулсан. Энэ төвийн нэрээр тус яамны эрх бүхий албан тушаалтнууд банкнаас 2011 онд дөрөв, дараа жил нь 6.6 тэрбум төгрөгийн зээл авсан байна. БНХАУ-ын буцалтгүй тусламжаар барьж байсан дээрх төвийн ажилд ийм их хэмжээний хөрөнгө оруулалт яагаад хэрэгтэй болсон нь мөрдөгчдийн анхаарлыг татсан бололтой. Дээрх 10.6 тэрбум төгрөгийн зээлийн хүүг БХЯ-ны Барилга захиалагчийн товчоо төлж байжээ.
Г.ГАЛТ