Замын-Үүдээс Эрээн хот руу зорчиж явсан нэгэн эмэгтэйг БНХАУ-ын хууль хяналтын байгууллагынхан саатуулсан тухай мэдээлэл бидэнд ирлээ. Уг эмэгтэй тус хот руу автомашинаар орсон бөгөөд Хятадын хилийн шалган нэвтрүүлэх албаныхан өнгөрсөн баасан гаригийн 11.00-12.00 цагийн үед баривчлан авч явсан гэж орон нутгийн эх сурвалж хэлэв.
Тэрбээр автомашиндаа боодолтой зүйл авч явсан байна. Тэр зүйл нь галт зэвсэг байсан бололтой юм. Ангийн буу юу, байлдааных байв уу гэдэг нь одоогоор тодорхойгүй. “БНХАУ-ын хилээр галт зэвсэг нэвтрүүлнэ гэдэг маш хүнд гэмт хэрэг байдаг гэсэн. Уг эмэгтэйг гавлаад авч явсан” гэж эх сурвалж хэллээ. Энэ талаар Замын-Үүдийн Цагдаа болон тагнуулын байгууллагынхнаас тодруулахад “Одоогоор ямар нэг мэдээлэл өгөх боломжгүй” гэв.
Г.РАВЖАА