Нийслэлийн прокурорын газраас олны анхаарал татаад буй “Гал үндэстэн” хөдөлгөөний тэргүүн Ц.Мөнхбаяр нарын болон найз бүсгүйгээ хөнөөсөн хэрэгт холбогдоод буй Г.Алтанхүүгийн хэргийн талаар мэдээллээ. Нийслэлийн прокурорын орлогч Ц.Батболд “Ц.Мөнхбаяр нарын хэргийг Дүүргийн анхан шатны I шүүхээр шийдвэрлэсний дараагаас тэдэнд хүнд ял оноосон, эх нутгаа хамгаалж буй хүмүүсийг шүүхээр далайлгаж зоригийг нь мохоож байна гэх мэтээр мэдээлэл цацах болсон. Ц.Мөнхбаяр нар нь 2013 оны есдүгээр сарын 16-нд зохион байгуулалттайгаар бүлэглэн Засгийн газраас УИХ-д өргөн барьсан Гол мөрний урсац эх бүрэлдэх усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газар ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-аас татан авахуулах буюу эрх бүхий байгууллага албан тушаалтнаас тодорхой шийдвэр гаргуулахаас татгалзуулах зорилготойгоор галт зэвсэг, дэлбэрэх бодис тавьж олныг түгшээсэн. Улмаар өөрсдийн боловсруулсан хуулийн хэрэгжилтийг хангуулах тухай Засгийн газрын тогтоолыг батлуулна гэж эрх бүхий албан тушаалтнаас тодорхой шийдвэр гаргахад шууд нөлөөлөхийн тулд “Central tower”, УУЯны гадна дэлбэрэх бодис байрлуулсан.
Төрийн ордны хашаан дотор буу сум, гар бөмбөг зэрэг галт зэвсэг, байлдааны галт хэрэгсэл ашиглан нийтэд аюултай аргаар хүч хэрэглэхээр заналхийлсэн. Ц.Мөнхбаяр Г.Болдбаатар, Ж.Ганболд нар нь М.Мөнхболдоос 2013 оны дөрөвдүгээр сард 20 ширхэг гар бөмбөг, 20 ширхэг тортил худалдаж авсан гэсэн үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн. Түүний зэрэгцээ хууль хяналтын байгууллагынхан галт зэвсэг хууль бусаар худалддаг байж болзошгүй хүмүүст холбогдох хэргийг шалгаж байгаа аж. Тэдний дунд Зэвсэгт хүчний анги байгууллагынхан шалгуулж буй гэнэ.
Харин найз бүсгүйгээ 48 цагийн турш зодож, амь насыг нь хохироосон хэрэгт шалгуулж буй Г.Алтанхүүд холбогдох хэргийн мөрдөн байцаалт удахгүй дуусна гэж Нийслэлийн прокурорын орлогч Ц.Батболд хэллээ. Г.Алтанхүү талийгаач Ц-тэй 2013 оны долдугаар сараас нэг гэрт хамт амьдрах болжээ. Тэд хамтран амьдарч байх үедээ Г.Алтанхүү нь талийгаачийг нэг бус удаа зодож биед нь гэмтэл учруулж байжээ. Тухайлбал, 2013 оны есдүгээр сард Ц-г зодож хоёр хавиргыг нь хугалж, хүнд гэмтэл учруулсан байна. Г.Алтанхүү 2013 оны арваннэгдүгээр сарын 5-нд Ц-г бас зодсон нь шалгалтаар тогтоогдсон аж. Түүнээс хойш Ц ажилдаа явалгүй гэртээ байсан бөгөөд 13-наас бие нь муудаж эмнэлэгт хандан, ГССҮТ-д эмчлүүлж байгаад нас барсан аж. Энэ хэрэгт ШШҮТ-ийн шинжээч нар гурван удаа дүгнэлт гаргасан бөгөөд “Архины гаралтай элэгний үхжил, цөсний суваг битүүрч, улмаар цоорон биеэр нь тархсан зэрэг хавсарсан нөхцөл байдал үхэлд хүргэсэн” гэж дүгнэжээ.
Мөрдөн байцаалт үргэлжилж буй бөгөөд Г.Алтанхүүгийн талийгаачид учруулсан гэмтэл үхэлд хүргэсэн, эсэхийг нарийвчлан шалгаж байна. Шалгалт удахгүй дуусна. Энэ хэрэгтэй холбоотойгоор М.Ичинноров гэдэг хүнд эрүүгийн хэрэг үүсгэж, сэжигтнээр тооцсон зүйл байхгүй. Хэргийн холбогдогч Г.Алтанхүү цагдаагийн байгууллагад “Шүүхээр гэм буруутай нь тогтоогдоогүй байхад нэр хүндэд халдаж, гутаалаа гэсэн гомдол гаргасан юм билээ. Үүний дагуу М.Ичинноровоос цагдаагийнхан тайлбар авсан” гэж Нийслэлийн прокурорын орлогч Ц.Батболд нэмж хэллээ.