Нийслэл болон алслагдмал дүүрэгт малын гоц халдварт шүлхий өвчин зөөвөрлөгдөн орохоос сэргийлэх зорилгоор Багануур дүүргийн “Хэрлэн”-гийн Автотээврийн шалган бүртгэх товчоонд дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Мэргэжлийн хяналт болон Цагдаагийн хэлтэстэй хамтран хяналт шалгалтын ажил зохион байгуулж буй. Тус дүүрэгт энэ сарын 7-ны өдрөөс хяналтын, 15-наас ариутгал халдваргүйтгэлийн цэг ажиллуулж эхэлжээ. Дүүргийн төв рүү орох, гарах баталгаат бус замуудад Цагдаагийн хэлтсийн бүрэлдэхүүн 24 цагаар үүрэг гүйцэтгэж байгаа гэнэ.
Энэ хугацаанд тээврийн хэрэгсэл, зорчигчдын ачаа тээш, мал, малын гаралтай түүхий эдэд үзлэг, хяналт шалгалт хийхэд 3492 тээврийн хэрэгсэл, 8624 зорчигч хамрагдаж, 365 толгой мал, 34 тонн мах нэвтрүүлэх гэж байгаад баригджээ. Шалгалтаар саяхан Дорнод аймгийн Хэрлэн, Булган, Хэнтий аймгийн Чингис хот, Баян-Овоо сум, Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумаас малын махыг тээвэрлэхдээ сум, багийн Засаг даргын зөвшөөрөл бүхий гарал үүслийн гэрчилгээтэй боловч мал эмнэлэг, ариун цэврийн гарал үүслийн бичиг аваагүй байсан зөрчил илэрсэн тул 14 иргэнд торгууль ногдуулсан байна.
М.ТЭРГЭЛ