ИНЕГ-ын удирдлагууд ажилтнуудаа хууль бусаар халж, салбарын мэргэжлийн бодлогыг алдагдуулан, хүний эрхийг зөрчиж байна гэсэн мэдээллийн дагуу оны эхэнд Зам, тээврийн яамнаас Ажлын хэсэг томилж, тус газарт шалгалт хийсэн юм. Тус Ажлын хэсэг энэ сарын 17-нд дүгнэлтээ гаргаж, оны өмнө ИНЕГ-аас хууль бусаар халагдсан зургаан албан хаагчид танилцуулжээ.
Дүгнэлтэд тус газрын удирдлага ажил үүрэгтээ хайнга хандаж, нотлох баримтг үйгээр зарим ажилтнаа ажлаас халсан нь тогтоогдсон тул тэднийг хуучин эрхэлж байсан албан тушаалд нь эргүүлэн томилох тухай дурдсан байна. Мөн ажлаас халагдсан дээрх зургаан ажилтнаас гадна өмнө нь халагдсан 70 гаруй хүнтэй холбоотой маргаан, ИНЕГ-ын удирдлагын гаргасан тушаал, шийдвэрүүд хуульд нийцсэн, эсэхийг тодруулсан олон асуудал багтсан гэж эх сурвалжууд ярьж байна.
Тухайлбал, ИНЕГ-ын даргаар ажиллаж байхдаа С.Буяндалай олон жил ажилласан туршлагатай боловсон хүчнээ хоморголон халж, тэдний оронд УИХ-ын бие даагч гурван гишүүний ах дүү, амраг садан, танил тал гээд мэргэжлийн бус хүмүүсийг томилсон. Томилгоо хийхдээ тухайн ажлын байранд тавигдах шаардлагыг илт зөрчиж, төсвийн зарцуулалтад тавих хяналтыг сулруулсан зэрэг зөрчил илэрчээ. Түүнчлэн ИНЕГ-ын Тамгын хэлтсийн дарга Т.Мөнх-Од, Захиргаа удирдлагын газрын дарга Б.Ган-Очир нар нарийн мэргэжлийн салбарт тогтворгүй байдал үүсгэж, байгууллагын удирдлагыг буруу мэдээллээр хангасан гэнэ. Т.Мөнх-Од нь УИХ-ын гишүүн Х.Болорчулууны жолоочийн хүү, Б.Ган-Очир нь Т.Мөнх-Одын найз. ИНЕГ-ын харьяа Газрын үйлчилгээний албаны Захиргааны хэлтсийн дарга Г.Энхчулуун нь УИХ-ын гишүүн С.Ганбаатарын найз. Г.Энхчулууны эхнэр Г.Батцэцэг нь ИНЕГ-ын харьяа Нисэхийн эмнэлэг, сэргээн засах сувиллын дарга, дүү эмэгтэй нь нягтлан, хүргэн нь жолоочоор ажиллаж байгаа нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг зөрчсөн байна. Тиймээс АТГ-т шалгуулах, Ажлын хэсгээс санал болгосон зөвлөмжийн биелэлтийг ирэх сарын 1-ний дотор Зам, тээврийн сайдад танилцуулах зөвлөмж илгээсэн сурагтай.
Энэхүү дүгнэлт гарсны дараа Зам тээврийн сайд А.Гансүх ИНЕГ-ын дарга С.Буяндалайг яамны шуурхайгаас хөөж гаргасан гэх мэдээлэл бий. Тэгвэл Засгийн газрын өнгөрсөн баасан гаригийн хуралдаанаар С.Буяндалайг ажлаас нь чөлөөлж, ИНЕГ-ын Нислэгийн аюулгүй ажиллагаа, хяналт зохицуулалтын газрын даргаар ажиллаж байсан Т.Лхагвасүрэнг тус газрын даргаар томилов.
Д.ГАРЬД