Гадаадаас ажиллах хүч оруулж ирдэг компаниуд хуурамч баримт бүрдүүлдэг гэх мэдээллийн мөрөөр Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс шалгаж, зарим компанид эрүүгийн хэрэг үүсгэсэн талаар тус газрын эх сурвалж хэллээ. Энэ хэрэгт дүүргүүдийн Хөдөлмөрийн хэлтсийн ажилтнууд ч холбогдож болзошгүй байгаа аж. Нэр бүхий хэд хэдэн компанийнхан гадаадаас ажиллах хүч оруулж ирэхдээ мөрдлөг болгодог хууль тогтоомжийг зөрчин, хуурамч бичиг баримт үйлдэх, дотоодын ажиллах хүчнийхээ тоог хуурамчаар нэмэгдүүлж, зохих байгууллагаас зөвшөөрөл авдаг байсан гэнэ. Харин Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төвийн Гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах албаны ажилтнууд албан үүрэгтээ хайнга хандаж байсан бололтой.
Тодруулбал, тус албаныхан аж ахуйн нэгжүүдэд зөвшөөрөл олгохдоо тухайн байгууллагын нийт ажиллагсдын тоонд эзлэх хувийг тооцох ёстой. Гэтэл үүнийг үл ойшоон, дүүргүүдийн Хөдөлмөрийн хэлтэстэй байгуулсан хамтран ажиллах гэрээ гэх хууль бус бичиг баримтад үндэслэн, гадаад ажилчдад Монгол Улсын нутагт хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгож байжээ. Энэ талаар хууль хяналтын байгууллагын эх сурвалж “Аж ахуйн нэгжүүд Монгол Улсад хөдөлмөр эрхлүүлэхээр гадаадын иргэд, тэр дундаа хятадуудыг олноор оруулж ирэхдээ дотоод ажилчдынхаа тоог өсгөсөн, цалин олгосон, хөдөлмөрийн гэрээ байгуулсан мэтээр хуурамч бичиг баримт үйлдсэн хэргийг шалгуулахаар Мөрдөх албанд шилжүүлсэн. Харин хамтран ажиллах хууль бус гэрээ байгуулсан дүүргүүдийн Хөдөлмөрийн хэлтсийн албан тушаалтан болон нэр бүхий компаниудын удирдах албан тушаалтныг шалгуулахаар эрүүгийн хэрэг үүсгэн АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шилжүүлээд байна” гэв.
Юутай ч Хятадын хар ажилчдыг хуурамч бичиг баримтаар оруулж ирдэг томоохон сүлжээний сэжүүрээс хууль, хяналтын байгууллагынхан атгажээ.
Г.РАВЖАА