“Жаст” группийн захирлаар ажиллаж байсан Ш.Батхүүг хуурамч бичиг баримт үйлдсэн, бусдыг залилан мэхэлсэн хэрэгт холбогдуулан хуучнаар УМБГ-т өнгөрсөн долдугаар сараас эхлэн шалгаж буй. Ш.Батхүүг Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан хэвээр байгаа бөгөөд Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газар байгуулагдах явцад УМБГ-т шалгаж байсан түүнд холбогдох хэргийг Улсын ерөнхий прокурор татаж хянасан байна. Энэ үед Ш.Батхүү банкуудыг нэгтгэх явцдаа луйвар хийсэн байж болзошгүй гэсэн мэдээллийг прокурорын байгууллагын эх сурвалж өглөө.
Энэ талаар Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын албаны хүнээс лавлахад “Хоёр банкийг нэгтгэх явцдаа Ш.Батхүү санхүүгийн луйвар хийсэн байж болзошгүй баримт илэрсэн. Тиймээс шинээр илэрсэн нөхцөл байдлыг шалгаж эхэлсэн. Яг тогтоогдсон гэж хэлэх боломжгүй” гэлээ. “Хадгаламж” банкийг Төрийн банк руу шилжүүлэхдээ Ш.Батхүү банкны албан тушаалтнуудтай хамтран, банкныхаа ажилтнуудын нэр дээр нээсэн хэд хэдэн данснаас таван тэрбум 476 сая төгрөг, 469 мянган ам.доллар авсан бололтой.
Улмаар дээрх мөнгөний орлого, зарлагын болон данс эзэмшигчийн талаарх мэдээллийг устгасан байсан гэнэ. Тиймээс хууль хяналтын байгууллагаас Ш.Батхүүд хуурамч бичиг баримт үйлдсэн, бусдыг залилан мэхэлсэн гэсэн хоёр хэрэгт нь нэмээд банкны тухай хууль тогтоомж зөрчиж, онц их хэмжээний хохирол учруулсан гэж үзэн Эрүүгийн хуулийн 156 дугаар зүйлд зааснаар яллагдагчаар татаад буй аж.
Г.РАВЖАА