УИХ-ын дэд дарга Р.Гончигдоржийн хөдөө явахдаа хөлөглөдөг “Ланд-круйзер-200” маркийн автомашин Налайх дүүргийн нутаг дэвсгэрт осолдсоныг хууль хяналтын байгууллагынхан хав дарсан тухай мэдээлэл бидэнд ирлээ.
Төр, засгийн үйлчилгээний автобаазын мэдлийн уг машиныг тухайн үед УИХ-ын дэд дарга Р.Гончигдоржийн найз нөхдийн нэг нь унаж явсан бололтой. Энэ талаар Засгийн газрын автобаазынхнаас тодруулахад “Энэ талаар тодорхой мэдээлэл өгөх боломжгүй. Ерөнхий инженер өвчтэй, шинэ хүн ажил авч байгаа. Дарга гадагшаа явсан” гэсэн юм.
Налайх дүүргийн хууль хяналтын байгууллагынхнаас энэ талаар тодруулахад “Одоогоос хоёр сар орчмын өмнө ийм асуудал болсон. Энэ ослын мөрдөн байцаалт дуусаж, прокурорын байгууллагад хянуулахаар шилжүүлсэн. Жолоочийн буруугаас болж осол гарсан гэж шинжээчид дүгнэсэн” гэлээ.
Г.РАВЖАА