Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны I шүүх Ч.Гансүх нарын 13 хүнд холбогдох хэргийг гурав дахь өдрөө хэлэлцлээ. Энэ өдрийн шүүх хурал үлдсэн хоёр гэрчээс тайлбар авснаар эхэлсэн юм. Уг хэргийн холбогдогч, Б.Энхбатын хэд хэдэн автомашиныг борлуулж өгсөн гэрч Д.Галбадрах “Б.Энхбат надаар “Ланд круйзер-200” загварын хоёр автомашин заруулсан. Түүний хөлсөнд эхний удаа 1000, дараа нь 2000 ам.доллар өгсөн. 2012 оны есдүгээр сард оруулж ирсэн “Ланд круйзер-570”-ыг 95 мянга, 2012 оны зургадугаар сард оруулж ирсэн 2011 оны ижил төрлийн машиныг 115 мянган доллараар худалдсан. Мөн 2012 онд мөнгөлөг саарал өнгийн 2008 оны “Ланд круйзер-570” машин 40 мянган ам.доллараар захиж авчруулж байсан” гэж мэдүүлэв. Энэ нь Б.Энхбатын дансаар орж, гарсан ам.долларын гүйлгээ нь хуулийн дагуу явагдсан эсэх, мөнгө угаах, хөрөнгөжих гэмт хэргийн холбогдогч мөн, эсэхийг тогтооход шаардлагатай гэж өмгөөлөх тал үзэж Д.Галбадрахаас тайлбар авсан.
Түүний дараа Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого хяналтын хэлтсийн татварын улсын байцаагч Д.Нарантуяагаас мэдүүлэг авлаа. Тэрбээр тухайн үед Баянгол дүүргийн Татварын хэлтэст ажиллаж байсан бөгөөд Ч.Гансүх, Б.Энхбат нарын даалгавраар шалгалт хийж байсан гэнэ. Тэрбээр “Унух” компанид шалгалт хийж, тус компанийнхан “Пийбоди”-д ашигт малтмалын тусгай зөвшөөрөл шилжүүлснээс олсон орлогоос татвар төлсөн, эсэхийг шалгасан аж. Д.Нарантуяа мэдүүлэгтээ “Унух” компанийнхан хоёр жил дараалан орлого олоогүй, ашиггүй ажилласан гэж тайлан гаргаж байсан. Гэтэл хувьцаа шилжүүлэх байдлаар халхавч хийж, лиценз зарсан орлогоо нууж, хувь хүний дансанд мөнгөө шилжүүлэн авсан гэж үзсэн. Үүнтэй нь холбогдуулж, шалгалт хийж дүгнэлт гарган, нэг хувийг нь УМБГ-т шалгуулахаар шилжүүлсэн. Эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан, эсэхийг мэдэхгүй” гэж байв.
Харин “Пийбоди”-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар татварт ногдох орлого төлөөгүй гэх асуудлыг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ илэрхийлэхийн сацуу, “Бид эрүүгийн хэрэгт иргэний хариуцагчаар оролцох ёсгүй. Энэ асуудлыг Татварын маргаан таслах зөвлөлөөр шийдэх ёстой байсан” гэв. Монголд үйл ажиллагаа явуулдаг гадаадын ашигт малтмалын компаниудаас “Пийбоди”- гоос гадна QGX Монгол компанийнхан ч иргэний хариуцагчаар татагджээ. Тус компанийнхныг 2008 оноос хойш татварт ногдох орлогоо хуулийн дагуу тайлагнаагүй, улсад 11.4 тэрбум төгрөгийн татвар төлөөгүй гэж буруутгаж буй. Харин тус компанийнхан “Пийбоди”-гийн нэгэн адилаар иргэний хариуцагчаар татагдсанаа хүлээн зөвшөөрөхгүй, бүх хууль тогтоомжийн дагуу татвараа төлж байсан гэж байлаа. Түүгээр зогсохгүй иргэний хариуцагчаар татсан тогтоол танилцуулсны маргааш нь прокурорын байгууллагад хэргийг шилж үүлж, хэрэгтэй танилцаж амжааг үй байхад шүүхэд шилжүүлсэн гэж гомдоллов. Шүүх хурал шинжээчдийг дахин байцааснаар дуусаж, өнөөдөр үргэлжлэхээр боллоо
Г.РАВЖАА