Татварын ерөнхий газрын Хяналт шалгалтын хэлтсийн дарга Ч.Гансүх нарын 13 хүнд холбогдох хэргийг Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны I шүүхийн шүүгч Г.Буяннэмэх, И.Ганбат, З.Болдбаатар нарын бүрэлдэхүүнтэй шүүгчид хоёр дахь өдрөө хэлэлцэж байна. “Олны анхаарал татсан, олон тэрбум төгрөгийн хохиролтой энэ хэргийг 3-4 өдөр хэлэлцэх байх” гэдгийг эх сурвалж хэлэв. Татварын ерөнхий газрын хэлтсийн дарга асан Ч.Гансүх, Б.Энхбат, татварын улсын байцаагч Т.Галмандах нарын хүнийг албан тушаалаа урвуулан ашиглаж, татварын улсын байцаагчийн дүгнэлтийг хүчингүй болгож, улсын төсөвт төвлөрөх ёстой онц их хэмжээний буюу 5.1 тэрбум төгрөгийн татварыг төвлөрүүлээгүй, 1.5 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг хууль бусаар олж авч, хөрөнгөжсөн, онц их хэмжээний хээл хахууль авахыг завдсан гэж буруутгаж буй.
Харин Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Эдийн засгийн шинжилгээний хэлтсийн дарга Б.Жаргалыг албан үүрэгтээ хайнга хандаж, онц их хэмжээний хохирол учруулсан хэмээн буруутгасан юм. Энэ хэрэгт гэрчээр ОХУ-ын иргэн М.В.Платоновыг оролцуулах хүсэлт шүүх хуралд оролцож буй 20 өмгөөлөгчийн нэг нь тавьсан бөгөөд шүүх бүрэлдэхүүн хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэсэн хариу өгчээ. ОХУ-ын иргэн нь манай улсад компани байгуулан үйл ажиллагаа явуулж байхдаа улсад төлөх ёстой гурван тэрбум гаруй төгрөгийн татвар төлөлгүйгээр компаниа татан буулгаж, хилээр гарч явсан юм байна.