Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг ярьж байна “Цалин, тэтгэврийг урьдынх шиг зарлаж байж нэмэхгүй. Нэмэх сургаар бараа бүтээгдэхүүний үнэ, инфляц өсчихдөг юм” гэж. Үүнээс хойш нэг их удалгүй нэг оронтой явсан инфляц давхар дугуйтай болж, бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ 20 шахам хувиар өссөн талаар статистикчид мэдээлэв. Хэдхэн хоногийн өмнө Ерөнхий сайд дахин ярьж байна “Манай Засгийн газар тэтгэврийг 20-30 хувиар нэмэгдүүлсэн” гэлээ. Засгийн газрын тэргүүнийг ийн ярьсны маргааш нь өндөр настнууд хэвлэлийнхэнд хандав.
-Тэтгэврийг 20-30 орчим мянган төгрөгөөр нэмсэн нь аманд ч үгүй хамарт ч үгүй боллоо. Нэг ёсондоо хөгшчүүл биднийг доромжлов. Бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ өссөн өнөө үед 20 орчим мянган төгрөг гэдэг бидний амьдралд ямар ч нэмэр болохгүй гэцгээв. Тэгээд дорвитой арга хэмжээ авахгүй бол тэмцэж эхлэхээ мэдэгдлээ. Барагтай юманд дуугардаггүй хөгшчүүд их л ууртай харагдсан. Өнөөгийн Монголыг цогцлоосон ахмадуудын минь амьдрал нэг иймэрхүү бараан, гэгээ гэрэл бага байгаа нь тэдний ярианаас анзаарагдав. Монголд 180 мянган төгрөгийн тэтгэвэр авдаг хөгшчүүд нийт ахмадын 60 хувийг эзэлдэг юм гэсэн. Тэдний “цалин” нэмэгдээд 200 мянга гаруйхан төгрөг боллоо. Өнөө үед ийм мөнгөөр хэд хоног амьдрах вэ гээд бодохоор нээрээ бухимдахгүй байхын аргагүй.
Харин нийгмийн шударга ёсны баталгаа гэгдэх шүүгчид сэтгэл өег сууна. Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн нэгнээс сурвалжлагч:
-Шүүгчдийн цалин их нэмэгдсэн. Шүүгчийн хараат бус байдлын гол баталгаа энэ мөн үү? гэж асуухад:
-Эргэлзээгүй мөн. Шүүгчийн цалинг нэмэгдүүлж байгаа нь юм юмнаас хараат бус болгож байгаа хэрэг. Мөн шударга ажиллах баталгаа.
...Шүүхийн ерөнхий зөвлөл судалгаа явуулж, бүх нэмэгдэл нь ороод шүүгчид сард 5.5 сая төгрөгийн цалинтай байх тооцоо хийсэн. Шүүгчийн цалин 10 сая төгрөг болтугай хэмээн хариулжээ. Монгол Улс 430 шахам шүүгчтэй. Аль ч үед шүүгчид дунджаас дээгүүр цалин авч ирсэн. Ажлынх нь онцлогоос болоод тэр л дээ. Тэгэхээс ч өөр аргагүй. Өргөсөн тангараг, сахих ёс зүйн дүрэмтэй ч бусдын нөлөөнд автах вий гэж төрийн бусад албан хаагчаас арай өндөр цалин өгдөг. Шүүх, шүүгч худалдагдаад эхэлбэл шударга ёсыг оршууллаа л гэсэн үг. Тиймээс төр, засаг шүүгчдээ чадлынхаа хэрээр тэтгэж ирсэн. Гэтэл зарим шүүгч юм л бол мөнгө ярих болсон. “Өндөр цалин, хангамж өгөхгүй бол авлига авлаа шүү” гэж байгаа аятай аашлахыг нь яана. Авдаг хэдээс нь илүү үнэт зүйл гэж бийг мэддэггүй шүүгч цөөнгүй байдаг бололтой. Манай шүүгчид өөрсдийгөө өндөр хөгжилтэй, баян орны шүүгчидтэй харьцуулж ярих нь бий. Америк, Герман, Япон, Солонгост шүүгч нь ийм цалин пүнлүү авч, тийм эрх дарх эдэлдэг гээд л. Гэтэл Монголын онцлог, эдийн засгийн чадавхи, гэмт хэргийн нөхцөл байдал гээд ялгаатай зүйл маш олон.
Монгол Улсын Ерөнхийлөгч Шүүхийн тухай багц хуулийг УИХ-д өргөн барьж, парламент багагүй хугацаанд судалж, хэлэлцэж байж батлан, мөрдөж эхлээд байгаа. Шүүхийн шинэтгэл нь нийгэмд шударга ёс тогтоож, хүний эрх, эрх чөлөөг дээдлээд зогсохгүй эдийн засгийг дэмждэг гэдгийг Ерөнхийлөгч анзаарсан хэрэг. Нөгөөтэйгүүр шүүхийн системийг тогтолцооных нь хувьд өөрчилж, шүүхийн захиргаа болох Шүүхийн ерөнхий зөвлөлийг шүүх, шүүгчдээс тусгаарласан. Дэлхийн жишиг нь ч ийм юм билээ. Хууль хэрэгжүүлэх үүрэгтэй Засгийн газар, Хууль зүйн сайд ихэд яаравчлан Шүүхийн ерөнхий зөвлөлийг байгуулаадахав. Хуулийг хэрэгжүүлэх хугацаа ч тулсан байх. Өмнө нь хэдхэн хүн хийгээд болоод ирсэн Шүүхийн ерөнхий зөвлөл өндөр төсөв, орон тоотой, бараг шүүхээсээ том байгууллага болсон талаар хуульчид төдийгүй УИХ-ын зарим гишүүн шүүмжлэх болсон. Аль ч шүүхэд байхгүй том байшинтай (шүүхээсээ булааж авсан), гоё тавилга, сүүлийн үеийн техниктэй, дарга нь нар унаа тэрэгтэй гээд. УИХ-аар улсын төсөв хэлэлцэж байхад Шүүхийн ерөнхий зөвлөлөөс оруулсан төсвийн санал нь маш их тоо байсан гэдэг. Гэхдээ л хасаж тануулсан хэрнээ том мөнгө суулгуулж чаджээ.
Шүүгчид надаас их цалин авах болчихлоо гээд атаархаад байгаа юм биш. Улсынхаа эдийн засгийн чадавхи, төрийн бусад албан хаагчийн цалингийн дундажтай уялдуулж цалин, хангамжийг нь тогтоосон баймаар. Монголд өнөөдөр сарын таван сая төгрөгийн цалинтай төрийн албан хаагч байдаг болов уу. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын гишүүд, сайд нар ч ийм хэмжээний цалин авдаггүй байх. Хүний хэрэгцээ хязгааргүй, тэр бүхнийг мөнгөөр гүйцээнэ гэвэл Монгол Улсын төсөв дийлэхгүй. Авлига авч, өгөхдөө тулбал хэдэн арван сая төгрөгийн цалинтай байгаад ч нэмэргүй. Хамгийн гол нь шүүгчдийнхээ ёс зүйд онцгой анхаарч, шүүгч болох хүнийг нарийн шалгуураар оруулж байж шударга бус зүйлээс зайлсхийнэ гэж мунхаг би тунгаанам. Яах вэ, өгдөг мөнгө нь байгаа бол өөр хэрэг. Гэтэл ард иргэдийн амьдрал, улсын сан хөмрөг ямар байгаа билээ. Тэнгэрийн амьтан урьж залаад авчирчихсан аятай үйл хөдлөл бүрийг нь мөнгөөр хэмжих нь олон нийтэд хэр харагдах бол. Яваандаа бүгдээрээ шүүгч болж, шүүхэд ажиллах гээд зүтгэчих юм биш биз. Тэгэхдээ тулбал үүнийг дагаад биднийг муухай харагдуулдаг, салах гэж зүтгээд байгаа авлига чинь жинхэнэ утгаараа цэцэглэх биш үү. “Гөлгөө яалаа” гэдэг шиг гаальд ийм үзэгдэл газар авч, гаалийн байцаагчийн ханш тэнгэрт тулж байсан гашуун туршлага бэлхэн байна. Тус байгууллагын шинэ удирдлага энэ идээ бээрээсээ салах гэж хэчнээн юм болж байгааг бид харж л суугаа. Монголчууд чонотой нийлсэн нохой гэж ярьдаг. Чононоос догшин, яаж ч болдоггүй тэр араатныг хүн, мал хоёр нөхрөө гээд хотондоо оруулж, байдгаа хүү татуулдаг юм гэсэн. Юм л бол мөнгө ярьсан шүүгчид нэг тийм амьтан болчих вий. Ажлынх нь онцлогоос шалтгаалан цалин, хангамж нь бусдаас нэмүү байж болно л доо. Гэхдээ бусдын авдгаас хэд дахин өндөр,тусгай хангамжтай, тасарчихсан амьдралтай болгох нь хэр зөв юм бол. Уг нь бүгдээрээ л сайн цалин, сайхан амьдралтай болмоор байдаг. Гэтэл дээр дурдсан 430 шахам шүүгчээс бусад 2.4 сая монгол хүнд ийм боломж тохиохгүй нь бололтой. Шүүгчийн мэргэжил эзэмшиж, шүүгч болж төрөөгүй нь бидний буруу гэж үү.
Шүүхийн тухай багц хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор шинэ бүтэц зохион байгуулалтаар ажиллах болсон. Урьдынх шиг нийслэл, аймаг, сум, дүүргийн бус тойргийн шүүхийн маягаар ажиллаж эхэлсэн. Байр савыг нь бэлдээгүйгээс өнөөдөр шүүх ачааллаа дийлэхгүй, иргэд хэрэг маргаанаа тасдуулахын тулд тэтгэврийн хэдээ авах гэж банкны гадна зогсох хөгшчүүл шиг дугаарлах болсон нь хүмүүсийг багагүй бухимдуулаад байгаа. Шинээр байгуулагдсан Шүүхийн ерөнхий зөвлөл энэ мэт тулгамдсан асуудалдаа анхаарлаа хандуулан ажиллах биз ээ.
Д.ДАГВА