Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны I шүүх “Цэвэр агаар” сангийн гэх тодотголтой Н.Хүрэлсүх нарын 11 хүнд холбогдох эрүүгийн хэргийг Цагдан хорих 461 дүгээр ангийн шүүх хурлын танхимд гурван өдөр хэлэлцсэний эцэст уржигдар 23.30 цагийн үед шийдвэрээ гаргалаа. Шүүхийн хэлэлцүүлэг дуусаж, шүүгдэгч нар эцсийн үгээ хэлэх болоход Н.Хүрэлсүх “Би ажлын хамт олон болон намайг энэ албан тушаалд томилсон дарга нараасаа уучлал гуйж байна. Энэ хэрэгт миний оролцоо байхгүй, би буруугүй. Гэхдээ албан үүрэгтээ хайнга хандсан явдал бий” гэжээ. Шүүх бүрэлдэхүүн бүтэн найман цагийн турш зөвлөлдсөний эцэст Н.Хүрэлсүхийг төсвийн хөрөнгө зориулалт бусаар зарцуулсан, эд хөрөнгө завшсан, албан үүрэгтээ хайнга хандсан, хуурамч баримт, тамга тэмдэг үйлдэж, ашигласан гэм буруутайд тооцов. Түүнээс таван сая төгрөгийн эд хөрөнгө хурааж, найман жил хорих ял оноолоо.
“Цэвэр агаар” сангийн нягтлан бодогчоор ажиллаж байсан М.Хуланг бусдын эд хөрөнгө завшсан, хуурамч баримт, тамга тэмдэг үйлдэж ашигласан нь нотлох баримтаар тогтоогдсон гэж үзээд 50 сая төгрөгийн хөрөнгө хурааж, долоон жил хорих ял ногдуулав. Тус сангийн мэргэжилтэн Б.Чимэд- Эрдэнийг бусдын эд хөрөнгө завшсан нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд хангалттай нотлогдсон хэмээн 300.000 төгрөгийн хөрөнгө хурааж, таван жил нэг сар хорихоор болов. Сангийн нярав Х.Болдмаад эд хөрөнгө завшсан, хуурамч баримт, тамга тэмдэг үйлдэж, ашигласан хэмээн мөн хугацаагаар хорих ял ногдуулсан байна. БОНХЯ-ны Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Д.Цэцэгээг дээрх хоёр хүнтэй адил зүйл ангиар буруутгаснаас гадна албан тушаалаа урвуулсан гэм буруутайд тооцож, таван сая төгрөгтэй тэнцэх хэмжээний эд хөрөнгө хурааж, найман жил хорих ял шийтгэжээ.
Үндэсний аудитын газрын аудитороор ажиллаж байсан, Н.Хүрэлсүхийн найз Б.Даваабаатараас 500.000 төгрөгийн хөрөнгө хурааж, таван жил нэг сар хорих ял оноов. Шүүгдэгч нарын учруулсан таван тэрбум төгрөгийн хохирлыг тэднээр төлүүлэх, хувьд ногдох хөрөнгийг нь хураан авч борлуулан хохирол барагдуулах шийдвэр гаргасан байна. Дээрх хүмүүсийг гэмт хэргийн замаар олж авсан орон сууц, машиныг ШШГА-нд шилжүүлэхээр тогтоолд дурджээ.
Түүнчлэн МХЕГ-ын Санхүүгийн хяналтын улсын ахлах байцаагч Д.Гэрэл, Б.Алтантуяа нарыг албан үүрэгтээ хайнга хандсан нь өөрсдийнх нь мэдүүлэг, бусад нотлох баримтаар батлагдсан гээд нэг жил хорих ял оноож, мөн хугацаагаар тэнсэн харгалзахаар болсон байна. Харин Т.Мөнхчулуун, Ж.Сүрэн, М.Алтанбагана нарт холбогдуулсан эрүүгийн хэргийг гэмт хэргийн бүрэлдэх үүнгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон байна. Дээрх хүмүүсийг бусдад хахууль өгсөн гэж буруутгаж байсан ч тэр нь тогтоогдоогүй гэж үзэн ийм шийдвэр гаргалаа.
Г.РАВЖАА