Эрүүгийн цагдаагийн газрын Байгаль орчны салбарт үйлдэгдэж буй гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ажилтнууд уржигдар 17.00 цагийн үед бүхээгтэй “Рено Мастер” маркийн автомашинтай хүмүүсийг шалгаад хөлдөөсөн цоохор ирвэс ачиж явсныг илрүүллээ. Иргэдээс өгсөн мэдээллийн дагуу шалгалт хийснээр “Улаан ном”- д орсон уг амьтныг ачиж явсан хүмүүс нь Говь-Алтайн уугуул, Улаанбаатар хотын харьяат, 30 настай Ө, 27 настай Б нар байжээ. Тэд бусдын агнасан амьтныг Говь-Алтайгаас авчран Улаанбаатарт хятадуудад худалдах гэж явсан хэмээн тайлбарлаж буй бөгөөд Баянзүрх дүүргийн XII хорооны нутаг, Амгалан орчимд явж байхдаа цагдаагийнханд саатуулагдсан аж.
Өдгөө уг хэргийг Баянз үрх дүүргийн Цагдаагийн I хэлтэст шалгаж байна. Тус хэлтсийн эх сурвалж “Хэн гэдэг хүний агнасан ховор амьтныг хаанахын хэнд зарах гэж байсныг нь тогтоох, экологи, эдийн засгийн хохирлыг нь тооцох ажил хийж байна” гэлээ. Дашрамд дурдахад, ЭЦГын Байгаль орчны салбарт үйлдэгдэж буй гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн “Ховор ан амьтан, ургамал, хууль бус мод бэлтгэл, ашигт малтмал зэрэг байгалийн төрцийн эсрэг гэмт хэрэг улам нарийн зохион байгуулалттай болж, үйлдлийн арга нь нарийсаж, хохирлын хэмжээ нэмэгдэх болсон” гэж онцолж байлаа.
Г.РАВЖАА